Гишүүд квотыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Гишүүд квотыг дэмжиж байна

УИХ Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулаад байна. Гэхдээ бүлгүүдийн хурлаар сонгуулийн тойргийн зохион байгуулалтын болон эмэгтэй нэр дэвшигчдийн квотын талаар хэлэлцжээ. УИХ-ын зарим гишүүнээс сонгуулийн тойргийг хэрхэн зохион байгуулах талаар болон эмэгтэй нэр дэвшигчдийн квотын талаарх байр суурийг нь сонирхлоо.

Гишүүн Ж.Сүхбаатар:

-Квотын хувьд одоогийн Сонгуулийн хуулийн төсөлд 15-аас доошгүй хувь гэж оруулсан. Энэ үнэхээр чамлалттай. Бидний тавьж байгаа зорилт,  Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан үүрэг даалгавраар бол 30 хувь байгаа. Эндээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлэх хувь хэмжээний талаарх манай парламент дахь үзэл хандлага нэлээд хуучинсаг байна гэдэг нь ойлгогдож байна. Ажлын хэсэгт орсон гишүүний хувьд миний бодлоор ямар ч байсан 15 хувь биш, 20-иос доошгүй хувь гэсэн байдлаар асуудлаа тавьж шийдүүлээд, давхар 2016 он гэхэд 30-35 хувь байна гэсэн байдлаар зэрэгцүүлж асуудлыг шийдүүлбэл хүлээж авах талаасаа илүү дэмжлэг авах болов уу гэж найдаж байна. Шууд 30 хувь гэж хийхэд дэмжлэг авахад хэцүү байгаа нь мэдэгддэг. Мөсөн уул амархан хайлахгүй нь ойлгомжтой. Нэг том алхам бол 2012 онд 20-иос доошгүй хувь гэж, зэрэгцүүлээд 2016 оноос 30-35 хувь байна гэдгээ давхар шийдүүлбэл нэг талаас Мянганы хөгжлийн зорилтдоо шууд хүрээгүй ч зорилтоо ханган биелүүлэх талаар нэлээд том ахиц дэвшил болохоос гадна одоогийн байдлаа нэлээд сайжруулсан байдал гарч болох болов уу гэж бодогдож байгаа. Миний хувийн бодлоор үүнийг шийдүүлэх талаар явмаар байна.

Тойргийн хувьд хуулийн төсөл дээр байгаагаар бол төд нь мажоритар, төд нь пропорциональ байна гэдэг одоогоор тодорхой биш, Х, У маягаар тавьчихсан байгаа. Тэгэхдээ мажоритар талынх нь зарчим бол нэг тойрог, нэг мандат гэсэн зарчмаар явж байгаа. 48 мандат бол 48 тойрог гэсэн үг. Том 26 тойргийг дэвшил гэж ярих гишүүд бий. Нэг тойрог олон мандат гэсэн 2008 оны систем бол Йордан, Монгол, Тайланд гуравт хэрэглэж байгаад больсон гэж олон улсын судалгаанд орсон байна лээ. Үүний нэг аюултай тал нь улс төрийн намыг дотроос нь задалдаг. Задлаад зогсохгүй цаашдаа улс төрийн тогтворгүй байдалд нийгмийг хуваадаг. 2008 оны долдугаар сарын 1-ний явдалд сонгуулийн энэ систем тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үздэг. Олон мандаттай тойрогт олон хүн нэр дэвшиж олон зуун хүн кампанит ажилд нь оролцдог. Тэгээд ялагдахаараа олон зуун дэмжигч, штабт ажилласан олон зуун хүнийг гонсойлгодог. Ингэснээр олон хүнийг зэрэг зохион байгуулалтад орж эсэргүүцэх боломжийг бүрдүүлдэг их хорлонтой системд тооцогддог. Санал хураалт зөрчилдөөнтэй, санал тоолох ажил хүндрэлтэй. Дэлхий дахинд үндсэндээ хэрэглэгдэхгүй болсон байна. Үүнийг буцааж авах нь дэвшил мөн үү, үгүй юү. Муугаар бодвол дахин хэрэглэвэл улс төрийн намуудыг нэлээд задралд хүргэнэ. Үүнийг би хэлээд байгаа биш, судлаачдын тооцоо ийм юм. Сонгуулийн үр дүнд ч эргэлзээ үүсэх магадлалтай. Тэгэхээр 48 тойрог муу, 26 тойрог дэвшил гэдэг өнгөц ойлголт болно. Өнгөрсөн сонгуульд том 26 тойргоор орсон ч төсөв хөрөнгийг тойрог руугаа чангаадаг хэвээрээ л байна шүү дээ. 

Гишүүн С.Бямбацогт:

-Урьд 100 хувь мажоритар системтэй байхад эмэгтэйчүүдийн квот ярихад төвөгтэй байсан. Одоо тодорхой хэмжээгээр пропорциональ элемент орж байгаа болохоор квот ярих бололцоо нээгдсэн. 20 орчим хувь байх болов уу даа гэж бодож байна.  Тойрог жижиг 48 байх нь зөв байх. Манай намын бүлэг 48:28 байя гээд байр сууриа тодорхойлчихсон. Миний хувьд бүлгийн саналаа дэмжинэ.

УИХ-ын гишүүн С.Ламбаа:

-Эмэгтэйчүүдийн квотыг дэмжилгүй яах вэ. Эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд мажоритар тогтолцоотой байхад квотын тухай ярихад хэцүү байсан. Ер нь боломж байхгүй. Хэрэв одоо ярьж байгаа холимог тогтолцоогоо аваад пропорциональ элемент ахиу ороод ирвэл бүрэн бололцоотой. Пропорциональ хэсэг дээрээ квотоо тогтоочихно. Улс орон даяар намын авсан санал дээр тогтоосон хувь хэсэгт эмэгтэйчүүдийг оруулах бүрэн боломжтой. Пропорциональ элемент түлхүү ороод л байвал эмэгтэйчүүдийн квотын хувийг дээшлүүлэх боломжтой. Пропорциональ 50 суудал гэж үзвэл түүний 30 хувиар тогтооход 15 эмэгтэй байх бүрэн боломжтой. Пропорциональ элементийн хувь буураад л байвал эмэгтэй нэр дэвшигчдийн квот ч дагаад буурна. 38-ын 15 хувь хэд вэ, 28-ын 15 хувь хэд болох вэ гэдгээс үүнийг харж болно. Тойргийн хувьд хамгийн зөв хувилбар нь Ардчилсан намын анхны хувилбар буюу 26:52 байсан. Түүгээр 26 том тойргоор сонгууль явуулж болох байсан. Дараагийн 38:38 ч дундын боломжийн хувилбар байсан. Одоо бол 48:28 гэсэн хувилбар болоод явчих шиг боллоо. Монголчуудыг жалга довоор нь хувааж хэдэн жил явсан байдлаасаа арай хийж гараад, аймаг дангаараа тойрог болоод, 26 томсгосон тойрог байгуулсан нь уг нь дэвшил болсон юм. Хуучин жижигсгэсэн тойргоор бол Архангайг гэхэд гурав хуваачихаад л би наад зургаан сумаар нь л давхиад байдаг байлаа. Аймгийн төвийг нь бас гурав хуваачихсан. УИХ-ын гишүүн бол Үндсэн хуулиараа нийт ард түмний төлөөлөл байдаг. Тийм учраас би 26 тойрог дээр олон мандаттай сонгууль явуулах нь зөв гэж үзэж байгаа. Нийслэлийн тойргийг нэмэх ёстой.

Гишүүн Ц.Баярсайхан:

-Эмэгтэйчүүдийн квот дээр намын бүлгүүдийн байр суурь адилхан байгаа. Ардчилсан нам эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх талаар анх санал гаргаж ҮЗХ-ндоо 30 орчим хувь нь эмэгтэйчүүд байхаар дүрэм журмаа шинэчилж баталж байсан. Энэ дагуу эмэгтэйчүүдийн квотоо хийх байх. Яг хэдэн хувь байх вэ гэдгийг Сонгуулийн хуулийг хэлэлцэж тодорхой болмогц намуудын эрх барих байгууллагын шийдвэр гарах байх. Түүгээр шийднэ. Мэдээж аль аль нам квотыг дэмжинэ.

Анх манай Ардчилсан намын бүлгээс 26:50 гэсэн хувилбар дэвшүүлж байсан. Түүгээр өмнөх 26 тойргийг хэвээр байлгахаар ярилцаж байсан. Одоо 48:28 гэсэн хувилбар ярьж байна. Үүний 48 суудлыг тойргоос сонгоно гэж байгаа. Ардчилсан намын бүлэг дээр үүнийг 26 тойрогт хуваая гэж ярьж тохирсон. Үүнийг хоёр намын бүлэг ярих ёстой. 48-ыг  26 тойрогт хуваахад 2010 оны хүн амын шинэчилсэн тооллогод түшиглэх ёстой. Тэгвэл нийслэлийн тойргийн тоо нэмэгдэх боломжтой.  100 мянгаас дээш хүн амтай гурван аймаг бий. Тэд гурван тойрогтой байна биз. Хүн ам цөөнтэй найман аймаг нэг, нэг тойрогтой болох байх. Хүн амын тоотойгоо сайн уях ёстой.

Гишүүн Ө.Энхтүвшин:

-Эмэгтэйчүүдийн квот зайлшгүй байх ёстой. Ямар ч гэсэн 15 хувиас доошгүй байя гэж ярьж байгаа. МАН-ын бүлэг бол 48 суудал нь мажоритар байна. Тойрог ч жижиг 48 байна гэж үзэж байгаа.

Гишүүн Д.Энхбат:

-Эмэгтэйчүүдийн квотын талаар ИЗН-НН маш тодорхой байр суурьтай байгаа. Нам дотроо бага хурлаараа 2016 оноос эмэгтэйчүүдийн квотыг 50 хувьд хүргэе гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ бол хэрэг дээрээ 76 гишүүний асуудал биш. Өнөөдөр УИХ-аар иргэдийн амьдрал, хүүхдийн хүмүүжил, боловсрол, эмнэлэг, хот орчин гээд амьдралын олон асуудал хэлэлцэж байна. Үнэнийг хэлэхэд Монголын хүн амын 51 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн оролцоо энд туйлын бага байна. Бид эмэгтэйчүүдийн квотыг улстөрчдийн квот гэж харахгүй байгаа. Хүн амын төлөөлөл учраас УИХ-д эмэгтэйчүүдийн оролцоо сайн байх ёстой гэж харж байгаа.

Минийхээр Улаанбаатар хотын мандатын тоог нэмэх ёстой. Хүн амын шилжилт ч сүүлийн 10 жилд маш их боллоо. Асуудал нь ч том юм. Нөгөө талаас холимог хувилбарт пропорциональ элемент нь давуу байгаасай гэж хүсч байгаа. Өнөөдөр бол 28:48 гэж ярьж байна. Уг нь 38:38-аараа байх нь илүү дээр. Тойргийг буцааж жижигсгэх юм бол Монгол Улсын геополитик, эдийн засгийн бусад асуудалд нэлээд халтай. Мөнгөний сонгууль явуулахгүй гэж ярьсан. Гэтэл тойргийг буцаагаад жижигсгэнэ гэдэг бол тэр байр сууриасаа ухарч байгаа хэрэг.


Гишүүн Р.Буд:

-Эмэгтэйчүүдийн квотыг би дэмжиж байгаа. Гэхдээ хувь дээр бодох юм бий. 15 хувь гээд хийчихдэг. Гэтэл цаана нь 30-40 хувь хүртэл оруулж болохоор бэлтгэгдсэн боловсролтой сайхан эмэгтэйчүүдийн эрхийг зөрчих гээд байна. Тэрнээс жаахан болгоомжилж байна. Тэрнээс биш эмэгтэйчүүд парламентад өргөн хүрээтэй байх ёстой. Аль болох дуу хоолой нь сайн байх ёстой. Олон хүн байх ёстой гэдэгтэй санал нэг байна.  Тойргийн хувьд энэ удаа Монгол Улсыг нэг бүтэн тойрог гэж харж чадахгүй нь л дээ. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч тойрог хуваахдаа хүрэх юм бол хүнд хүрэх талаасаа, ард түмний төлөөлөл гэдэг талаасаа жижиг тойрог нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзэж байгаа.

Гишүүн Су.Батболд:

-Квот байх ёстой. 15 орчим хувь байх болов уу. Нэг мандат, нэг тойрог гэсэн системээ авах нь зүйтэй. Нэг тойрог олон мандатын систем бол улс орнуудад бараг байдаггүй систем. Тэгэхээр 48 тойрог байх нь зүйтэй.

Гишүүн Г.Баярсайхан:

-Би эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг анхнаасаа дэмжиж ирсэн. Улстөрч, гишүүд аман дээрээ сайхан юм ярьдаг гэдэг. 30 хувь гээд оруулаад ирсэн тохиолдолд би дэмжиж товчлуур дарахад бэлэн гэдгээ хэлье.

Тойрог бол төлөөллийн мандат гэдэг утгаараа хамгийн чухал. Сонгуулийн хуулийн шинэ төсөлтэй холбогдуулж хэлэхэд Улаанбаатар хотод Монголын хүн амын 60 гаруй хувь байна. 48:28-аар мандат хуваахад нийслэлд 12-хон суудал оногдоно гэдэг бол огт байж болохгүй асуудал. Миний бодлоор МАН-ынхны өнөөдөр ярьж байгаа байр сууринаас хандах юм бол Сонгуулийн хуулийг бүр дордуулж байгаатай агаар нэг болоод байна. Бараг хуучнаараа явсан нь дээр болж байна. Би бол Сонгуулийн хуульд Улаанбаатарын нэг сая нэг зуун мянга гаруй хүн амын квотыг бодитой тогтоох, хуучин 20 суудлаас илүү ногдуулах ёстой гэж үзэж байна.


Гишүүн Д.Лүндээжанцан:

-Эмэгтэйчүүдийн квотыг төсөлд 15 хувь гэж оруулсан. Боломжтой бол 20 хувь болгохыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан эмэгтэйчүүдэд квот өгөх ёстой.

Би тойрог хэлэлцсэн бүлгийн хуралд ороогүй. Ойлголт надад алга байна. Бүлгүүд үүнийг зөвшилцөж байгаа. Том, жижиг тойргийн аль нь сайн, муу гэж мэдэх юм алга. Манай МАН-ын бүлгээс тойргууд харилцан адилгүй мандаттай болох нь зөрчил үүсгээд байна. Адилхан нэг, нэг байвал яасан юм бэ гэсэн байна лээ.

Гишүүн Э.Мөнх-Очир:

-Эмэгтэйчүүд уг нь квотгүй бол парламентад орох нь илүү юм шүү дээ. Квот тавина гэвэл эмэгтэйчүүдийн зүгээс хэлж байгаа 25 хувь нь байвал байж болох юм. Минийхээр квот тавибал хязгаарлалт болоод түүнээс дээш эмэгтэйчүүдийг дэвшүүлэхгүй гэсэн санаа юм шиг харагдаад байдаг юм. Сонгуулийг мөнгөний өрсөлдөөн гэж яривал мөнгөтэй, бизнес эрхэлдэг эмэгтэй зөндөө болсон шүү дээ. Гэхдээ бид Сонгуулийн хуульд одоо өөрчлөлт оруулахдаа мөнгөөр өрсөлддөгийг больё, хамаагүй амлалт өгч юм тараадгаа больё гэж хийж байгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд өрсөлдөх нөхцөл сайжирна гэж бодож байна.

Тойргийн хувьд хоёр намын бүлэг тооны тал дээрээ тохирч байх шиг байна. 48:28 болж байх шиг байна. Тойрог хуваахад хүн амын тоогоо харгалзаад болох байх. Холимог тогтолцоог авах нь дэвшил болсон. Миний хувьд томсгосон тойрог илүү дээр болов уу гэж хардаг. Хүндрэлтэй нь гэвэл газар нутаг том, сонгогчдод хүрэхэд жаахан хэцүү байдаг. Гэхдээ намын мөрийн хөтөлбөрөө яриад тойроод явахад боломжтой гэж боддог.


Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж