“Энэ онд 7.1 сая мал ээмэгжүүлж, гэрчилгээ олгоно”

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

“Энэ онд 7.1 сая мал ээмэгжүүлж, гэрчилгээ олгоно”

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мал бүртгэлжүүлэх ажил эхлээд байгаа билээ. Энэ талаар Мал эмнэлгийн үржлийн газрын Бүртгэл мэдээллийн албаны дарга Г.Дээшинтэй ярилцлаа.

-Энэ онд хэчнээн мал бүртгэлжүүлэх вэ. Явц ямар байна?

-Мал сүргийг бүртгэн ээмэг­жүүлж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажил эхлээд байгаа юм. Бүртгэлжүүлэлтийн ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хийж байгаагаараа онцлог. Ул­сын хэмжээнд энэ онд 7.1 сая мал ээмэгжүүлэх юм. ХХААХҮЯ-наас бүх аймгийн мэргэжилт­нүү­дэд малыг ээмэгжүүлэх, бүртгэх талаар сургалт мэдээлэл явууллаа. Мал бүртгэлжүүлэх ажил нь малын гарал угсаа, эрүүл мэндийг тодорхойлохоос гадна хулгайн гэмт хэргийг илрүүлэх, эзэн холбогдогчийг тогтооход ач холбогдолтой. Мөн ямар үүлдрийн, ямар малыг хаана өсгөн үржүүлж, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг мэдэх боломжтой болж байна. Түүнчлэн ээмэгжүүлсэн малд үнэт цаасаар хэвлэсэн, нууцлал бүхий тусгай гэрчилгээ олгох юм. Малчид малаа нас, зүсээр нь худалдаалдаг байсан бол одоо гэрчилгээ дагалдана гэсэн үг. Гэрчилгээнд малын нас, зүс, эрүүл мэндийн байдал, ашиг тусын талаар тэмдэглэх юм. Харин малын ээмэг дээр тухайн малыг харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код, аймаг, сум багийг заасан зургаа, тухайн мал амьтны хувийн дугаарыг заасан мөн зургаа, нийт 12 оронтой тоо бичигдсэн. Өөрөөр хэлбэл, малын чихийг хараад Архангай аймгийн Их тамир сумын III багийн мал байна гэх жишээтэй. Ээмэг дээр байгаа тусгай бар кодыг ашиглан аль багийн хэний мал болохыг мэдэх боломжтой юм.

-Малаа бусдад худалдвал гэрчилгээгээ хамт өгнө гэсэн үг үү?

-Бүх мал гэрчилгээтэй болно. Тухайлбал, Дорж 1000 малтай байлаа гэхэд бүх малаа ээмэгжүүлээд ээмэгний дугаартай адилхан дугаартай гэрчилгээтэй болох юм. Энэ хүн малаа худалдсан тохиолдолд худалдаж авсан хүндээ гэрчилгээгээ өгнө.

-Ээмэгжүүлж, гэрчилгээ олгох мөнгийг хаанаас гаргаж байгаа вэ. Хэчнээн төгрөг зарцуулах вэ?

-Улсын төсвөөс гаргаж байна. Одоогийн байдлаар 5.5 тэрбум төгрөг зарцуулаад байгаа. Мэдээллийн нэгдсэн сан үүсгэх программын тендер зарласан. Мөн ХХААХҮЯ-наас мэргэжлийн хүмүүс очиж бүртгэл хариуцсан мэргэжилтний сургалт зохион байгууллаа. Энэ жил бүх үхэр сүрэг, үржилд ашиглаж байгаа богийн хээлтүүлэгч, бух, буур, баруун таван аймаг, Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгийн малын 15-20 хувийг хамруулах юм.

-Манай улс 40 орчим сая малтай. Бүгдийг нь ээмэгжүүлэх үү?

-“Монгол мал” хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтэд хэзээ хэдэн малыг ээмэгжүүлэхийг дурдсан. 2012 онд нийт мал сүргийн 40, 2015 онд 60, 2021 онд 80 хувийг нь ээмэгжүүлэн бүртгэлжүүлнэ гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Үхэр, тэмээ, бог малыг ээмэгжүүлж байгаа бол адууг чиплэх юм. Энэ жил 100 мянган адуунд чип суулгана. Чип нь адууны хүзүүний арьсанд суулгасан цахим тэмдэглэгээ юм.

-Энэ нь адуунд сөрөг нөлөө үзүүлэхгүй биз?

-Ялган тэмдэглээ хийж байгаа ээмэг, чип малд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Олон улсын ISO стандартын шаардлага хангасан тэмдэглэгээ ашиглаж байгаа.

-Чип хэрэглэснээр ямар үр дүн гарах вэ?

-Малын хулгайтай тэмцэхэд тус болох юм. Адууны арьсанд байгаа чипийг тусгай төхөөрөмжөөр уншуулахад хэний адуу болох нь тодорхой болно. Харин адууны эзэнд тусгай гэрчилгээ нь байх ёстой. Малчдад гэрчилгээ нь байхгүй байвал сэжигтэй гэж үзнэ.

-Мал бүртгэлжүүлэх ажилд хэчнээн хүн оролцож байгаа вэ?

-Өнгөрсөн жил 329 суманд Мал эмнэлгийн үржлийн тасаг байгуулсан. Тасгаас мэргэжил аргазүйн удирдлагаар хангаж, сумдад ажиллаж байгаа хувийн хэвшлийн мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэг­жүүдээр гүйцэтгүүлнэ. 770 орчим хувийн хэвшлийн нэгж ажиллаж байна. Нэг хэвшилд ойролцоогоор хоёр хүн бий гээд бодохоор нэлээд олон хүн болж байгаа юм. Үүнээс гадна малчид өөрсдөө хамтран ажиллах учиртай.

-Малаа бүртгүүлж буй малчид тодорхой хэмжээний мөнгө төлөх үү?

-Үгүй. Төрөөс ажиллах хүчний хөлсийг нэг богийг 50, бодыг 100 төгрөгөөр бодож олгож байна. Мал хувийн өмч учраас малчид өөрсдөө санаачлагатай байж, онцгой анхаарах хэрэгтэй. Бүх зүйлийг төрөөс гаргана гэдэг боломжгүй.

-Манай улс мал, махаа экспортлох гэхээр эрүүл ахуйн чанарын асуудал хөндөгддөг. Ингэж бүртгэлжүүлснээр малын эрүүл мэндэд ямар эерэг нөлөө гарах вэ?

-Олон улсын байгууллагаас монгол мал, махыг гадагшаа гаргахад гарвал угсаа нь тодорхой биш гэдэг. Харин бүртгэлжүүлэлт хийснээр малын вакцин, төрөл бүрийн халдварт өвчний шинжилгээ хийхэд ээмэгний дугаараар цус авч шинжилж, тогтоох юм.

-Бусад улс малаа бүртгэлжүүлдэг үү?

-Барууны болон, хөгжилтэй орнууд малаа 100 хувь ээмэгжүүлж, гэрчилгээ олгосон байдаг. Манай орны хувьд энэ ажлыг өрнүүлэхэд хүндрэл гарч байгаа. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, нэг хотод таван хошуу мал байна. Энэ байдлаараа бусад улстай харьцуулахад, хугацаа их орох юм. Мөн малаа бүртгэлжүүлсэн, гарвал угсаа нь тодорхой болсон малтай өрх төр засгаас хэрэгжүүлж буй урамшуулалд хамрагдах боломжтой болж байгаа юм.

-Малчид хүсэлт гаргаж малаа ээмэгжүүлж болох уу?    

-Өөрсдөө мөнгөө гаргаж, аймаг, сумандаа хүсэлт тавиал захиалга өгч болно.

-Энэ ажил 2021 он гэлтгүй цаашид үргэлжлэх юм байна. Шинэ төл гарахаар ээмэгжүүлж, бүртгэнэ биз дээ?

-Тасралтгүй явагдах арга хэмжээ. Жилд өчнөөн хэм­жээний мал нядалгаанд орно, тэр чинээгээр ээмэгний зарлага гарна. Шинээр гарсан төл болгоныг ээмэгжүүлнэ. Малын нөхөн үйлдвэрлэл явагдаж байгаа тохиолдолд дуусна гэж байхгүй. Харин дараа жилээс зөвхөн төл малыг ээмэгжүүлэх учир энэ ажил хөнгөрөх байх.

Ч.Болор

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж