Йемен эмэгтэйчүүд гивлүүрээ шатаав

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Йемен эмэгтэйчүүд гивлүүрээ шатаав

Ерөнхийлөгч Абдулла Салехыг огцрохыг шаардаж буй Йемений эсэргүүцлийн хөдөлгөөний эмэгтэйчүүд лхагва гаригт гудамжинд гивлүүрээ шатаасан байна. Нийслэл Санаа хотод хэдэн мянган эмэгтэйчүүд үүнд оролцсон гэнэ. Тэд "Яргачин Салех эмэгтэйчүүдийг алж байна”, “Салехийн дэглэмд эмэгтэй хүн ямар ч үнэ цэнэгүй” гэсэн эсэргүүцлийн лоозон барин жагсч байгаа гэнэ. Эмэгтэйчүүдийг гивлүүргүй явахыг хориглодог хэт хуучинсаг Лалын шашинтай орнуудын дунд энэ үйл явдал нь маш ноцтой гэмт хэрэгт тооцогдох билээ. Гэвч найман сарын өмнө эхэлсэн бослого хөдөлгөөний явцад эмэгтэйчүүд анх удаа ийм үйлдэл гаргаж байгаа юм.

Йемений иргэний хөдөлгөөний тэмцэгч Таваккол Карман Нобелийн энх тайвны шагнал хүртсэн нь мянга мянган эмэгтэйчүүдэд урам зориг өгч, тэмцлийг үргэлжлүүлэх итгэл өгсөн ажээ. Йемений Засгийн газрын цэргүүд энгийн номхон иргэдийн орон байр руу халдаж, хүүхэд эмэгтэйчүүд ялгалгүй аллага хүчирхийлэл үйлдсэний хариу болгож өнгөрсөн аравдугаар сард 60 гаруй эмэгтэйчүүд Засгийн газрын ордон руу дайрсан хэрэг гарсан юм. Мягмар гаригт нийслэл Санаа хот болон Таиз мужид цэргийнхэн болон босогчдын дунд гарсан сөргөлдөөний үеэр арав гаруй хүн амиа алдсан байна. Харин Йемений Засгийн газар дээрх хэрэгт сөрөг хүчний дэмжлэгтэй зэвсэгт босогчид буруутай гэж мэдэгдсэн юм.

Йемений Ерөнхийлөгч Абдулла Салех албан тушаалаасаа огцорч, тайван замаар эрх мэдлээ шилжүүлнэ гэж хэд хэдэн удаа амлалт өгч байсан авч тухай бүрд хэлсэн үгнээсээ буцаж байсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж