Н.Энхбаяр улс төрийн ”гяндан”-гийн хаалгыг нээв

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр улс төрийн ”гяндан”-гийн хаалгыг нээв

Намбарын Энхбаяр эрх мэдэлгүй бүтэн хоёр жилийг ардаа орхив. Энэ хугацаанд зүгээр суусангүй. Эхлээд “Амлалт нэхэх ард түмний холбооны ард Н.Энхбаяр бий” гэсэн яриа гарсан. Одоо тэрбээр энэ байр сууриа ил тод илэрхийлэх болсон. Дараа нь Тавантолгойн орд газрыг ашиглах тухай байр сууриа илэрхийлсэн. С.Батболдын Засгийн газрын, “Монгол 999” үндэсний нэгдлийн, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэсэн хаягтай гурван саналын талаар Улаанбаатарт судалгаа явуулахад Н.Энхбаярын санал 65.2 хувийн дэмжлэг авсан. Түүнчлэн “Ард түмэнд өрөө төлцгөөе” хэмээн уриалга гаргасных нь дараа Ардын намын /хуучин МАХН-ын/ үе, үеийн дарга нар толгойгоо нийлүүлж суугаад Н.Энхбаярт захиа бичсэн. У.Хүрэлсүхийн цөс нь хөөрч ердөө л  маргааш нь  Ардын намаа дэмжсэн таван  мянган хүний жагсаал зохион байгуулсан. Тэгэхээр Н.Энхбаяр хүчтэй байгаа биз. Бас болоогүй ээ, Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайхан өчигдөржин фэйсбүүкийн хуудсаар дамжуулан “Энэ мэдэгдлийг гар­гасаны орой нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах гэж оролдсон байх юм” хэмээн мэдээлж, дуулиан тарьж марзагнаж өнжив. Н.Энхбаяр өөрөө М.Энхсайханд хэлсэн гэнэ. Үйл явдлын талаар тодруулбал Н.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн талаар мэдэгдэл хийсний дараа буюу 20 цагийн үед Улсын мөрдөн байцаах газраас гурван цагдаа гэрт нь очиж, “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн талаар байцаалт авна гэсэн байна. Үүнд нь Ерөнхийлөгч асан “Өмгөөлөгчгүйгээр   уулзахгүй” хэ­мээн өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн ч цагдаа нар хүч хэрэглэхийг завдсан аж. Өчигдөр ч гэсэн утсаар холбогдон байнгын дарамт үзүүлсээр байсан гэнэ. Тэгэхээр Ц.Нямдорж сайд сайтаас МАХН-ын мэдэгдлийг уншмагцаа цагдаагийн хүч илгээсэн гэж ойлгохоор байгаа биз. Тэгэхээр Н.Энхбаяр Ц.Нямдоржийг бус, Ц.Нямдорж нь Н.Энхбаяраа хорихоор урьтаж хөдөлж байгаа юм уу даа, янз нь. Гэхдээ зүгээр л баривчлахыг оролдсон юм байна шүү. Үүнийг хэрхэн ойлгох вэ. “Баривчлах шахсан” юм уу. Баривчилчихаад буцааж сулласан, эсвэл дахиад ингэвэл хорино шүү гэж айлгав уу, бүү мэд.

Яагаав, өнгөрсөн хавар Н.Энхбаяр автортой ард түмний Засгийн газар 15 олигархийг шүүнэ гэж баахан бужигнуулсан шүү дээ. Тэгэхэд Ц.Нямдорж сайд  “Ээж, аав хоёроо дуулаад Н.Энхбаярын шүүхээр буудуулна даа” хэмээн инээд алдан, дуу аялан ярилцлага өгч байсан шүү дээ. Харин одоо энэ бүхэн дуу хуур, инээдэм наадам биш байсныг хатуу анхааруулж байна. Тэр Хууль зүй, дотоод хэргийн сайд руу  эхэлж “гал нээсэн”. Мөн түүний санаачилсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийг батлахгүй байхыг УИХ-д сануулав. Яг үнэндээ парламентад суудалгүй намын дарга УИХ-д хууль батлах эсэхийг сануулах, ан­хааруулах, Засгийн газрын гишүүнийг огцруулах санал тавиад юунд ч хүрэхгүй нь хэнд ч ойлгомжтой биз дээ. Тиймээс л Н.Энхбаяр тэгэхээр тэгэх гэж золигтож байгаа юм.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ оны тавдугаар сарын 26-нд  манай сонинд өгсөн ярилцлагадаа Н.Энхбаяр  Ерөнхийлөгчийн сон­­гуульд оролцохдоо яаж “за­ваарч” байсан талаар болон Монголбанкны ерөн­хийлөгчийг сольсноос болоод өөрөө суудлаа өгөхөд хүрсэн тухай “уушиг нээсэн” билээ. Ц.Нямдорж сайдын ярилцлагууд, түүний дотор Н.Энхбаярын талаарх үнэлэлт дүгнэлтээс харахад “Би түүнийг дэндүү сайн мэднэ” гэсэн аархал аяндаа уншигддаг. Бие биеэ дэндүү сайн мэдэх хоёр олигархийн тулааныг бид одоо харах нь. Олигархи л олигархиа устгадгийг олон улсын жишээн дээрээ харж болдог. Харин Монголын улс төрийн тайзан дээр Ц.Нямдорж дэндүү шударга, энхийн цагаан тагтаа мэт. Н.Энхбаяр тас хар хэрээ, увайгүй луйварчин мэтээр харагдаж байгаа нь нууц биш. Гэвч бодит байдал дээр хэн нь юуны төлөө юу яриад яваагаар нь л ард түмэн дүгнэх биз. Ямар ч байсан амнаас гарсан үг талаас нь ард түмэн Н.Энхбаярын талд буй нь ажиглагдаж байна. Харин хэний амнаас тэр үг гарав гээд бодохоор Н.Энхбаярт итгэж чадахгүй байгаа бололтой.

Нэгэнт Н.Энхбаяр Ц.Ням­доржийн хэлсэнчлэн улс төрийн “гяндан”-аа нээлээ. Анхны зочноор нь анд нөхөр асан Ц.Нямдоржийг урьж байх шиг байна. Ардын нам буюу хуучин МАХН-ыг, Монголын төрийг энэ хоёр л төлөөлдөг  байсан цаг саяхан. Магадгүй дараа нь Э.Бат-Үүлийг ч урьж мэдэхээр байгаа. Учир нь түүнд Цагдаагийн тухай хуульд оруулах гэж буй өөрчлөлт, жагсаал, цуглааныг цаламдах тухай дарангуйлал үнэртсэн заалтууд огтхон ч таалагдахгүй байгаа нь МАХН-ын мэдэгдлээс харагдаж буй. Тиймээс ч МАНАН хийгээд Үүлийн тухай үгсээр мэдэгдлээ төгсгөсөн байна билээ.

Монголын улс төрийн “өв­гөчүүл” ийн дайтах нь залууст ашигтай ч байж мэднэ. Наанадаж ард түмэнд ямар муухай харагдаж байгааг нь санууштай. Уг нь Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хувьд ёстой л “гарааны нөхцөл” нь ижил байсан. Костюмнаас өөр хувцасгүй, “москвич” мөрөөдсөн залуус Монголын улс төрийн тайзан дээр П.Даш-Ёндон, Н.Багабанди нарын томчуулаар хөтлүүлэн хөл нь чичрэх шахам гарч ирж байсан нь ердөө л 20 хүрэхгүй жилийн өмнө шүү дээ. Хоёулаа л албан тушаалд ахиж дэвшин Монголын Уго Чавес болохоор уралдаж эхэлсэн. Гэтэл өнөөдөр хэдэн балгасны хэрүүл хийж, “Чи их, би бага идсэн” гэлцэн нэгнээ шүүхэд дуудах нь дэндүү хошин шог төдийгүй эмгэнэлтэй юм.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж