Туркууд тусламжийн цувааг дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Туркууд тусламжийн цувааг дээрэмджээ

Туркийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн оршин суугчид олон улсын хүмүүнлэгийн тусламж ачсан 17 ачааны машиныг дээрэмдсэн талаар Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгээс мэдээлэв. Ням гаригт болсон газар хөдлөлтөөс хойш орох оронгүй болсон оршин суугчид гадаа майханд хоноглож, хоол унд хомс байгаа бөгөөд Засгийн газраа яаралтай арга хэмжээ авахгүй байгаад бухимдаж байгаа гэнэ. Газар хөдлөлтөд хамгийн их сүйдсэн Эркис хотын оршин суугчдад хоол хүнс, дулаан хөнжил илгээсэн ч нөхцөл байдал сайнгүй байгаа юм байна. Тэндхийн иргэд тусламж ачиж явсан ачааны машинуудыг майхнаар хаалт хийн зогсоож дээрэмджээ.

Газар хөдлөлтөөр нурсан байшин барилга доороос аврах ажилтнууд лхагва гаригт дахин хоёр хүн гаргасан байна. Аврах ажиллагааг одоо болтол үргэлжлүүлж байгаа боловч нурангин доор амьд хүн байгаа гэх найдвар улам бүр багасч байгаа юм. Ням гаригт болсон 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 480 хүний аминд хүрсэн. Гэсэн ч нурангид хэдэн зуун хүн дарагдсан тул нас барагсдын тоо дээрхээс ч олон гэж Туркийн Улаан хавирган сар нийгэмлэг үзэж байгаа юм.

Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Ван муж уулархаг, сэрүүн учраас орон гэргүй болсон оршин суугчдад дулаан хөнжлөөс илүү түр хоргодох байранд яаралтай  нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарч байгаа ажээ. Ван мужийн захирагчийн мэдээлснээр  3000 гаруй байшин барилга  ямар нэг хэмжээгээр эвдэрч сүйдэн, амьдрах аргагүй болсон гэнэ. Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн 600 мянган оршин суугч дөрвөн хоног гадаа хонож байгаа юм байна. Тус мужийн зарим нутагт хүйтэрч, цас орж эхэлсэн тул гадаадын тусламжаас эелдгээр татгалзаж байсан Туркийн Засгийн газар аргагүй байдалд орж, Олон улсын байгууллагууд болон гадаадын улс орнуудаас хүмүүнлэгийн тусламж хүсчээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдийг орон сууцжуулах асуудал Туркийн Засгийн газрын толгойн өвчин болоод байна. Эркис хотын цэнгэлдэхэд орон гэргүй болсон иргэдийг байлгаж байгаа ч гадаа хонож буй иргэдэд дахин хэдэн зуун майхан хэрэгтэй байгаа гэнэ. “Нурангин доороос амьд үлдсэн хүмүүсийг гаргасны дараа орон гэргүй болсон иргэдийг орон сууцжуулах асуудал Засгийн газрын нэн тэргүүнд шийдэх асуудал болоод байна” гэж Туркийн Засгийн газрын албаны хүн ярьжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж