УИХ-ын дарга сэтгүүлчдийн хувь нэмрийг үнэлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга сэтгүүлчдийн хувь нэмрийг үнэлэв

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монголын сэтгүүлчдийн байгууллагын 60 жилийн ойг тохиолдуулан Монголын нийт сэтгүүлчдэд ирүүлсэн мэндчилгээндээ нэгэн жарны туршид ард түмнээ соён гэгээрүүлэх, нийгмийн оюун санааг хөгжүүлж төлөвшүүлэхэд сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчдийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэллээ. 

      Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ, Монголын сэтгүүлчдийн байгууллага бүхэл жарны туршид мэргэжлийн сэтгүүлчдийг бэлтгэн төлөвшүүлж, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд тусалж, тэдний нэгдмэл байдлыг нь ханган зохион байгуулж иржээ. Монголын сэтгүүлчид улс орныхоо түүхэн цаг үе, тохиол бүрт мэргэжил чадвараа ашиглан ард түмнээ соён гэгээрүүлэх, нийгмийн оюун санааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж, эх орныхоо өнөөгийн хөгжил, цэцэглэлд үнэтэй хувь нэмрээ оруулж буйг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

     Ардчиллын үнэт зүйлсийн баталгаа хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хөгжүүлэх, түүний эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Улсын Их Хурал онцгой анхаарал тавьсан билээ. 1998 онд “Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг батлан гаргаснаар Монгол Улсад чөлөөт хэвлэл, мэдээллийн тогтолцоо бүрдэж, сэтгүүлчид хараат бус, бие даан ажиллах нөхцөл бүрдсэн. Цаашдаа ч эрх зүйн орчинг боловсронгуй болгох явцад мэдээлэл олж авах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулиудыг боловсруулан гаргах боломжтой гэж үзэж байна.

     Сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн үргэлжид үнэний дуу хоолой байж, аливаа туйлшрал, өрөөсгөлөөс ангид ил тод байдлыг хангаж, хүний эрх, эрх чөлөө, нэр төрийг эрхэмлэх аваас хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлж чадна.

     Төрийн бодлого, шийдвэрийг хэвлэл мэдээллээр ард иргэдэд мэдээллэн сурталчлах, төр засаг, иргэний нийгэм, олон нийт, иргэдийн холбоог бэхжүүлэх, хэнээс ч хараат бус чөлөөт хэвлэлийг хөхиүлэн дэмжихэд Монголын сэтгүүлчдийн байгууллагын олон талт үйл ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж, улам өргөжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэж байна гээд Монголын сэтгүүлчдийн байгууллага, нийт сэтгүүлчдэд уран бүтээлийн амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж