Алматы, Тайюань, Хельсинкт эрх олгох тэмцээн бий

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Алматы, Тайюань, Хельсинкт эрх олгох тэмцээн бий

“Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадам эхлэхэд есөн сар үлдлээ. Өдгөө Монголын хөнгөн атлетик, буудлага чөлөөт бөх, байт харвааны нийт есөн тамирчин Будант Альбионы нийслэлийг зорих эрхтэй болоод буй. Ер нь хүн төрөлхтөний спортын их наадамд оролцохын тулд тамирчид ямар шалгуур давах ёстой вэ. Олимпийн наадмыг угтаад монголчуудын өндөр амжилт үзүүлэх магадлалтай спортын төрлийн сонгон шалгаруулалтын тухай цувралаар хүргэе. Эхний удаа манайхны зүрх сэтгэлд хамгийн ойр байдаг чөлөөт бөхийн спортыг онцолж байна. Олимпийн наадмын хөтөлбөрт сонгомол бөхийн болон чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн долоон жин бүрэн бүрэлдэхүүнээрээ багтдаг. Харин Олон улсын олимпийн хороо чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн долоон жингийн дөрвийг нь (48, 55, 63, 72 кг) хүлээн зөвшөөрдөг юм. Өнгөрсөн жил ОХУ-ын нийслэл Москвад болсон ДАШТ-ий үеэр Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны нэгдсэн хурал болж, олимпийн наадмын сонгон шалгаруулах цуврал тэмцээний хуваарийг хэлэлцэн баталсан юм. Эхний шалгаруулалт өнгөрсөн сарын 12-18-нд Туркийн Стамбулд болсон ДАШТ байлаа. Энэхүү тэмцээнд медалийн төлөө барилдсан тамирчид (Эхний зургаан байрт шалгарсан) Лондонг зорих болзол хангасан. Олимпийн өмнөх жилийнх гэдэг утгаараа ч тэр үү “Стамбул-2011” тун ширүүн болсон бөгөөд тамирчид ДАШТ-д оролцохдоо медалийн төлөө тэмцдэг бол энэ удаа бас олимпийн эрхийн төлөө зүтгэсэн нь өрсөлдөөнийг улам ширүүсгэсэн юм. Түрэгийн дэвжээнээс эрхээ авсан 108 бөхийн дотор Монголын О.Насанбурмаа (Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн), Ж.Чулуунбат (Эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд тавдугаар байр эзэлсэн) нар багтсан. Хэдийгээр эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Д.Отгонцэцэг, 67 кг-д Б.Оюунсүрэн нар мөнгөн медаль хүртсэн ч жин нь олимпийн бус тул “Лондон-2012”-той ямар ч сэжмээр холбогдож чадсангүй.

Эрх авах хамгийн боломжтой тэмцээн нь “Стамбул-2011” байсан гэж хэлж болно. Туркэд санасандаа хүртэл барилдаж чадаагүй бөхчүүд ирэх оны хавар тивдээ болох эрхийн тэмцээнд хамаг анхаарлаа хандуулж байна. Африкчууд болон далайн орнынхон (Бага чансаатай тул хамтатган явуулах болсон) Мароккогийн Касабланкад гуравдугаар сарын 16-18-нд, америкчууд АНУ-ын Орландод гуравдугаар сарын 23-25-нд, азиуд Казахстаны Алматыд гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 1-нд, европчууд Болгарын Софид дөрөвдүгээр сарын 18-22-нд өрсөлдөнө. Энд зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид л Лондоны дэвжээнд зодоглох эрхтэй болох хатуу даалгавартай. Эрхийн төлөөх тэмцээнд эрх авсан тамирчин оролцдоггүй. Тиймээс манайхан эрэгтэйчүүдийн 120, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглох шаардлагагүй аж. Чөлөөт бөхийн нэг онцлог нь тухайн улс эрхээ авч чадсан бол аль ч бөх нь оролцох нь нээлттэй. Харин бокс, жүдод тухайн  улсад бус тамирчинд эрхийг нь өгдөг болсон билээ.

Тивдээ болсон тэмцээнээс эрхээ авч чадаагүй бөхчүүд хүссэн хүсээгүй БНХАУ-ын Тайюань руу анхаарлаа хандуулахаас өөр аргагүй болно. Учир нь тэнд дөрөвдүгээр сарын 25-29-нд эрхийн төлөөх тэмцээн болох бөгөөд эрэгтэйчүүдийн жин бүрт эхний гурав, эмэгтэйчүүдийн жин бүрт эхний хоёр байр эзэлсэн нь санасандаа хүрэх юм. Үүний дараа эрхээ авч чадаагүй тамирчдад сүүлчийн боломж нь үлдэнэ. Энэ нь тавдугаар сарын 2-6-нд Финландын Хельсинкт болох тэмцээн юм. Энд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй жин бүртээ түрүүлж, үзүүрлэж байж Лондоны тийзээ өвөртлөх учиртай.

Монголын тамирчид эдгээр тэмцээнд бүгдэд нь хүч үзэж, аль болох олуулаа олимпод оролцохыг зорьж буй. Гэхдээ эрхийн төлөөх тэмцээнд оролцох эрх авахын тулд чамгүй шалгуур давах хэрэгтэй. Ирэх оны нэгдүгээр сард Улаанбаатарт болох “Mongolian Open” буюу улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн, хоёрдугаар сарын 16-19-нд БНСУ-ын Гуми хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гол шалгуур байх юм. Монголын чөлөөт бөхийн тамирчдыг Лондоны дэвжээнд олуулаа зодоглож, “Москва-80”-аас эхэлсэн медальгүй ирдэг “хар цуврал”-даа цэг хатгахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

ОЛИМПИЙН ЭРХ АВСАН ТАМИРЧИД:

Эрэгтэйчүүдийн 55 кг:
Виктор Лебедев (ОХУ), Радослав Великов (Болгар), Даулет Ниязбеков (Казахстан), Хассан Рахими (Иран), Михран Жабурян (Армен), Ник Симмонс (АНУ)

60 кг: Бесик Кудухов (ОХУ), Франклин Гомес Матос (Пуэрто-Рико), Кеничи Юмото (Япон), Даурен Жумагазиев (Казахстан), Дидье Пайс (Франц), Малхаз Заркуа (Гүрж)

66 кг:
Мехди Тагави Кермани (Иран), Тацүхиро Ёнемицү (Япон), Жабраил Гасанов (Азербайжан), Ливан Лопез Аскуй (Куба), Адам Батиров (ОХУ), Леонид Базан (Болгар)

74 кг: Жордан Барроус (АНУ), Садех Саед Гударци (Иран), Ашраф Алиев (Азербайжан), Давид Хуцишвили (Гүрж), Рикардо Робертти (Венесуэл), Абдулхаким Шапиев (Казахстан)

84 кг: Шариф Шарифов (Азербайжан), Ибрагим Алдатов (Украин), Альберт Саритов (ОХУ), Дато Марсагишвили (Гүрж), Арманд Звирбулис (Латви), Каэль Сандерсон (АНУ)

96 кг: Реза Яздани (Иран), Серхат Бальчи (Турк), Руслан Шейхов (Беларусь), Жекоб Уорнер (АНУ), Шиниви Болтик (Нигери), Таймураз Тигиев (Казахстан)

120 кг: Алексей Шемаров (Беларусь), Билял Махов (ОХУ), Жамаледдин Магомедов (Азербайжан), Давит Мозманашвили (Гүрж), Жаргалсайханы Чулуунбат (Монгол), Тервел Длагнев (АНУ)

Эмэгтэйчүүдийн 48 кг: Хитоми Сакамото (Япон), Мариа Стадник (Азербайжан), Жао Шаша (БНХАУ), Жылдыз Ешимова Туртбаева (Казахстан), Кэрол Хвин (Канад), Каролина Кастильо (Колумб)

55 кг: Саори Ёшида (Япон), Тоня Вербик (Канад), Татьяна Лазарева (Украин), Ида-Тереза Нерелл (Швед), Мариа Гурова (ОХУ), Хелен Марулис (АНУ)

63 кг: Каори Ичо (Япон), Марианна Састин (Унгар), Очирбатын Насанбурмаа (Монгол), Цин Рюсю (БНХАУ), Ким Ран Ми (БНАСАУ), Елена Пирожкова (БНАСАУ)

72 кг:
Станка Златева (Болгар), Екатерина Букина (ОХУ), Али Бернар (АНУ), Василиса Марзалюк (Беларусь), Гюзель Манюрова (Казахстан), Лаура Али Аннабель (Камерун)

Д.НАНЖИД

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж