Аргентин хослолын хувилбар

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Аргентин хослолын хувилбар

Өнгөрсөн ням гаригт Арген­тиний ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер  хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хатагтай 53-аас илүү хувийн санал авсан нь цэргийн дарангуйллын төгсгөлийн дараа 1983 онд Руаль Альфонсины (51,7%) саналаас илүүтэй байв. Сонгогч олондоо үг хэлэхээр гарч ирэхдээ тэрээр гашуудлын хар хувцас өмссөн байв. Хэлсэн үгэндээ “өнөөдрийн ялалтын үндэс суурийг тавьсан” нас барсан нөхөр ерөнхийлөгч агсан Нестор Киршнерийг санан дурслаа.

Хэрэв Киршнер 2010 оны аравдугаар сард зүрх нь хаагдан нас бараагүй байсан бол өнөөгийн сонгуульд эхнэр нь биш тэр өөрөө нэр дэвших байв. “Хатан хаан Кристина” гэсэн нэртэй түүний намтар хэвлэгдэн гарсаны дараа хатагтай Аргентиний хослолын хувилбараар тус орны ерөнхийлөгч болсон байв. Ерөнхийлөгч Нестор Киршнер дөрвөн жил төрийн тэргүүнээр ажлаад 2007 оны сонгуулийн өмнө өөрийн залгамжлагчаар эхнэрээ зарласан юм. Хосуудын төлөвлөснөөр нөхөр нь 2011 онд эргэн ерөнхийлөгч болох ёстой байлаа. Кристина Киршнерийг ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэх асуудал хэдхэн хүний хүрээнд шийдэгдсэн бөгөөд Перонистуудын нам  түүнийг нь дэмжихээс өөр замгүй болсон байв. Тэр үед ерөнхийлөгч Киршнер олон түмэнд нэр хүнд сайтай байв. 2001 оны дефолтын дараа  эдийн засгийг босгосон гавьяаг түүнтэй холбоод байгаа. Нөхөр нь нэгэнтээ дэмжсэн болохоор эхнэр нь ерөнхийлөгч болох нь тодорхой байв.

Ер нь бол Кристина Киршнер  дандаа л бие даасан улстөрч байж ирсэн.  Аргентиний хослолыг Путин, Медведев хоёртой зүйрлэхээс илүүтэйгээр Клинтонуудтай зүйрлэх нь зөв байх. Кристина улс төрд 1980-аад  оны дунд үеэс нөхөртэйгөө зэрэгцэн орж иржээ. Түүнээс өмнө нь Нестор, Кристина хоёр Санта-Крус мужийн төв Рио-Гальегос хотод өмгөөлөгчийн  контор үүсгэн ажиллаж байв.1970-аад цэргийн дэглэмийн үеэр хоёулаа перонист байгууллагын гишүүд байсан учир хэдэн удаа баривчлагдаж, тэдэнд  улсын шүүхийн салбарт ажиллахыг хориглосон байв. Нестор 1987 онд Рио-Гальегос хотын мэрээр сонгогдсон бол эхнэр нь мужийн парламентад хоёр удаа сонгогдож байв. Кристина 1995 онд Санта-Крус мужаас сенатор болсон байгаад 1997 онд  Аргентиний конгресст сонгогдсон байв. Тэрээр 2001 онд дахин Санта-Крусаас  дараа нь Буэнос-Айресаас сенатор болсон юм. Несторыг ерөнхийлөгч байхад Кристана түүний бүх улс төрийн асуудал хариуцсан зөвлөх нь байв.

Кристина Киршнер 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулиар эхний шатанд нь 45 хувийн санал аван амархан ялсан байв. Гэхдээ хэдэн сарын дараа түүний нэр хүнд нь унаж эхэлсэн юм. Тэр нь Аргентиний экспортын гол барааны нэг шар буурцагийн татварыг нэмсэн явдал болов. Фермерүүд жагсаал хийж, Кристинагийн чансаа 23 хувь хүртэл буурав. Киршнерийн нам 2009 онд парламентын хоёр танхимд олонхийн суудлаа алдсан байлаа. Дараагийн нэг дуулиан нь авлигатай тэмцэх газраас гэр бүлийн хоёрын орлогыг шалгасан явдал. Тус улсын эдийн засагт хямрал нүүрлэсэн байхад харин тэд 2003 оноос хойш хөрөнгөө зургаа дахин нэмэгдүүлсэн байна. 2009 онд хэргийг хаасан ч тэдний нэр хүндэд том цохилт болсон юм. Тэднийг дахин сонгогдоно гэж итгэхээргүй болсон байв. Гэвч Аргентинийн эдийн засгийн өсөлтийн хамт Кристианагийн нэр хүнд өсч эхлэв. Аргентиний гол түнш Бразилийн эдийн засгийн өсөлт хөршөө өөд татсан байв. Энэ жилд Аргентиний эдийн засгийн өсөлт есөн хувьтай байх төлөвтэй. Гэхдээ инфляци тус оронд 20 хувь хүрээд байгааг бие даасан шинжээчид хэлж буй. Ерөнхийлөгчийн нэр хүндийг өсгөхөд ядуу давхрагын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн мөн “хүн бүрт телевиз” гэх мэтийн нийгмийн хөтөлбөрүүд эерэгээр нөлөөлжээ.

Кристинагийн нөхөр 2010 оны аравдугаар сард гэнэтхэн нас барав. Тэр нь аргентинчуудад өмнөх дургүйцлээ мартан, Киршнерүүдад өрөвдөх сэтгэлээр хандахад хүргэв. Кристинагийн чансаа шууд 25 хувиар өссөн байлаа. Одоо Кристина Киршнер нөгөө цуутай эмэгтэй, Пероны эхнэр Эвита-Эва Перон шиг нэр алдартай байна. Киршнер хэвлэлд хандан өгсөн ярилцлагадаа Эвитатай өөрийг нь зэрэгцүүлэн тавьж буйг эсэргүүцдэг бөгөөд Эва Перон түүний хувьд Че Гевера шиг үлгэр авах хүн гэж хэлдэг.

Киршнер энэ нэр алдраа ашиглан дахин гурав дахь удаагаа ерөнхийлөгч болохын тулд Үндсэн хуулийг өөрчилж магадгүй гэсэн болгоомжлол сөрөг хүчинд байгаа. Харин эдийн засагчид хэрэв тэр эдийн засгийн бодлогоо эргэн харахгүй бол дараагийн сонгууль хүртэл түүнд асуудал үүсч магадгүйг сануулж байна. Нөхвөр ба популист хөтөлбөрүүд нь Аргентинйий төсвийн нэлээдгүй хэсгийг залгидаг. Нес­тор Киршнерийн үеэс эхэлсэн нийгэмчлэх давалгаа ба эдийн засгийн хатуу зохицуулалт зэрэг нь хөрөнгө оруулагч нарыг холдуулж байна. Улс нь төмөр зам,  тэтгэврийн сан, теле холбоо ба нисэхийн компанийг нийгэмчилжээ. Хэрэв Бразилийн  эдийн засаг унавал Аргентинийх бас унах аюултай. Аргентиний улстөрчдийн хувь заяа нь эдийн засгийн үзүүлэлтээс ямар их хамааралтай Кристина Киршнер өөрийн туршлага дээрээ мэдэрсэн нэгэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж