НҮБ-д Засгийн газар худал амлалт өгсөн үү

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

НҮБ-д Засгийн газар худал амлалт өгсөн үү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын дэд дарга Н.Энхболд хоршооллыг дэмжих чиглэлд Засгийн газраас хөрөнгө тусгаагүй болохыг онцлон санууллаа.

Уг нь Монгол Улсын Засгийн газар НҮБ-д 2012 оныг Хоршооллыг дэмжих жил болгон зарлахыг уриалж, НҮБ-ын зүгээс санаачлагыг дэмжиж ирэх жилийг дэлхий дахинаа Хоршооллыг дэмжих жил болгон зарласан юм байна. Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газар амласан амлалтаа мартчихсан уу яасан, хоршооллыг дэмжих чиглэлээр 2012 оны төсөвт дорвитой хөрөнгө суулгаагүй. Тиймээс ямар шалтгаанаар хөрөнгө суулгаагүйд тайлбар өгөхийг хүсэв. Мөн “Монгол Улсын Засгийн газар сэтгэл хөдлөөд НҮБ-д худал амлалт өгчихөв үү гэдэгт хариулт өгөхийг шаардсан юм.

Сангийн сайдын хариултаар бол хоршооллыг дэмжих чиглэлээр 2012 оны төсөвт 118.5 сая төгрөгийг суулгаж өгчээ. Энэ нь хоршооллын олон улсын хурал, сургалт семинар зохион байгуулахад зориулагдсан. Гэхдээ хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр Засгийн газрын хувьд хамгийн их хөрөнгө оруулалт, зээл тусламжийг үзүүлж байгаа. Сангийн яамны төвшинд хоршоодыг байгуулах чиглэлд зориулахаар зарцуулсан хөрөнгийг хасч танасан зүйл үгүй гэх тодруулга байлаа. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайгийн тодруулснаар хоршооллыг дэмжих чиглэлээр яамнаас 7.2 тэрбум төгрөг суулгах саналыг 2012 оны төсвийн төслийг боловсруулах шатанд тавьсан ч, Сангийн яам хасчихсан. Хөрөнгө мөнгөтэйсэн бол хоршооллыг дэмжих зайлшгүй шаардлага байгаа гэлээ.

Сангийн сайд С.Баярцогт бууж өгсөнгүй, Т.Бадамжунай сайд буруу тайлбар хийлээ. Сангийн яамны төвшинд хөрөнгийг хасч танасан зүйлгүй, Засгийн газрын хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцээд тусгасан хэмжээ” гэлээ.

Сайд Т.Бадамжунай мөн л хариу тайлбар хийж, Сангийн яаман дээр хасагдсан юмыг үнэнээр нь хэлэхээс яах юм бэ. Би тэгээд ганцаараа хамгийн их хөрөнгө оруулалтыг аваад байгаа юм уу” гэж адарсан бол Сангийн сайд С.Баярцогт “Засгийн газар бол кабинетийн журмаар ажилладаг. Тэр яам, энэ яам хассан гэх тайлбар хийх ёсгүй гэлээ.

Асуудал тавьсан УИХ-ын дэд дарга Н.Энхболд “Төр гэдэг том байгууллага, хэдэн их наяд төгрөгийн төсөв УИХ-д оруулж ирж байж, хэдхэн сая төгрөгийг сургалт зохион байгуулах, хурал зохион байгуулахад зориулж төсөвт суулгасан гэдэг тайлбар хийгээд сууж буй чинь инээдтэй сонсогдож байна” гэсэн хатуухан хариу барилаа.

Харин дээр дурдсан Засгийн газар сэтгэл хөдлөөд НҮБ-д худал амлалт өгчихсөн үү, яасан гэдэгт Засгийн газрын гишүүдээс хэн нь ч хариулт өгсөнгүй.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж