Мандах наран хороолол сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Мандах наран хороолол сүндэрлэнэ

Орхон аймагт “Мандах наран” хэмээх шинэ хороолол Эрдэнэтийн хоёрдугаар хорооллын хоёрын “А” дүүрэгт босохоор шаваа тавилаа. Хорооллын зураг, төслийг 2009 онд баталсан ажээ. Энэхүү хороолол сүндэрлэснээр 1896 айл орон сууцны шинэхэн байрны түлхүүр гардах бөгөөд эдгээр айлын 1090 нь таван давхар орон сууцанд, 728 нь есөн давхар сууцанд орно. Түүнчлэн 78 айл орчин үеийн тохилог хауст тухлах гэнэ. Уг хороололд зочид буудал, худалдаа үйлчилгээний төв, бассейн, сагс, хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолбор, сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын иж бүрэн талбай, усан оргилууртай ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байх ажээ. Хамгийн гол нь “Мандах наран” хорооллын санхүүжилтийн асуудал нь шийдэгдэн тус хорооллын шав тавих ёслолд оролцсон Австралийн “ITGM” интеринвест группын Ерөнхийлөгч Кен, хорооллын эхний ээлжийн 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр хамтран ажиллаж байгаагаа дуулгажээ. Малайз, Австралийн хөрөнгө оруулалттай тус компани 15 жил барилга угсралтын чиглэлээр ажилласан туршлагатай аж. Тус группээс Монгол Улсад хэрэгжүүлж байгаа анхны төсөл юм байна. “Мандах наран” төсөл дөрвөн үе шаттайгаар хэрэгжих юм байна. Эхний ээлжийн 450-500 айлыг ирэх жилийн дөрөвдүгээр улиралд багтаан орон сууцанд оруулахаар төлөвлөжээ. Мөн “Эрдэнэт хивс” ХК-ийн ажилчдад зориулсан 1000 шахам айлын орон сууцны хорооллыг барьж эхлээд байна. “Өнөр” хэмээх хорооллыг нийслэлд барьсан барилгын байгууллага “Эрдэнэт- Өнөр” хорооллыг ийнхүү барьж эхлээд байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж