
“Хурандаа Каддафийг тойрон хүрээлж буй хүмүүст би хандахыг хүсч байна. Цаашид ямар хүчээр хөдлөх нь тэдний хэрэг. Гэхдээ ямар ч хүчирхийллийн төлөө тэд хариуцлага хүлээх болно” гэж Обама хэлсэн байв.
Орос Ливид цэргийн ажиллагаа явуулахын эсрэг байна. Харин улс орныхоо энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэл хийсэн буруутаныг хариуцлагад татах шаардлагатай гэж үзэж байна.
Ширүүн тулалдаанууд
Даваа гаригт Ливийн лидер Муаммар Каддафид үнэнч цэргийнхэн Триполийн зүг яваа босогчид ба Рас-Лануфын боомт дахь сөрөг хүчинд агаарын хэд хэдэн цохилт хийлээ.
Reuters мэдээлснээр онгоцны нэг пуужин гэр бүлийнхэн явсан машинд тусч наад зах нь нэг зорчигч нь алагдсан байв. Нийслэлээс баруун тийш 50 км-т байгаа Бен-Жавад хот Засгийн газрын цэрэгт эзлэгдсэн ба цэргийнхэн хөрш Завия хотод довтолж байна. Талуудын мөргөлдөөн ихээхэн хохиролд хүргэж байна. Мисурат хотын нэгэн эмчийн яриагаар эмнэлэгт амь үрэгдсэн 21 хүний цогцос ба 100 гаруй шархадсан хүмүүсийг авчирчээ. Тэр эмнэлэгт цэргийнхэн халдсан байв.
Гурван зуун мянган хүнтэй Мисурат нь Ливийн баруун хэсгийн томоохон хот бөгөөд босогчдын хяналтад байна. Тэнд ширүүн байлдаан хийгдэж, хотын төв балгас болсон гэж гэрч ярьжээ.
Оросын байр суурь
Орос Ливийн байдалд цэргийн ажиллагаагаар хандахын эсрэг бана хэмээн Гадаад хэргийн сайд Сергей Лавров Норвегийн Гадаад хэргийн сайд Йонас Стеретай Калининград хотод хэлэлцээр хийсний дараа мэдэгджээ. “Гадны оролцоо тэр тусмаа цэргийн ажиллагааг бид асуудлыг шийдэх хэрэгсэл гэж үзэхгүй. Ливичууд өөрсдөө асуудлаа шийдэх ёстой” гэж Оросын сайд хэлсэн байв. “Иргэдийн эсрэг гэмт хэрэг шийтгэлгүйгээр үлдэх ёсгүй” хэмээн тэр онцолжээ.
Хаалтай орон зай
Их Британийн Гадаад хэргийн яамны тэргүүн Уильям Хейг парламентын доод танхимд үг хэлэхдээ, Ливийн агаарын орон зайд нислэгт хориотой бүс байгуулах талаар НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тогтоол гаргах ажилд оролцож байна гэж мэдэгдлээ. Уг тогтоолыг гаргахад зохих хууль зүйн үндэслэл ба бүс нутгийн дэмжлэг хэрэгтэй гэж тэр тэмдэглэв. Франц, АНУ хоёр бас ийм тогтоолын төслийн талаар ярилцаж байна гэж ерөнхийлөгч Барак Обама хэлсэн байлаа. Мөн ийм тогтоолыг Засгийн газрын эсрэг тэмцэж байгаа ливичууд дэмжиж байгаа. Босогчид агаарын довтолгооны эсрэг тэсч чадахгүй гэж тэд тооцож байгаа ажээ.