Дөрвөн ертөнц нэг танхимд

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Дөрвөн ертөнц нэг танхимд

Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд аравдугаар сарын 26-нд буюу өнөөдөр МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Л.Бумандорж, МУЭ-ийн нэрэмжит шагналт уран барималч Д.Түвдэндорж, зураач Б.Баярт-Од, зураач Н.Одонбаяр нарын хамтарсан  “Дөрвөн ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. 

Үзэсгэлэнд эртний түүх соёл, эдүгээгийн амьдралын дүр зураг, уран баримлын орчин үеийн хэлбэр, бодит болон хийсвэрлэл бүхий дүрслэлт зохиомжтой дөрвөн өөр уран бүтээлчийн дөрвөн өөр ертөнцийг дэлгэн харуулах юм байна.  “Дөрвөн ертөнц” хамтарсан үзэсгэлэн нь уран зураг, уран баримал, Монгол бэхэн зургийн уламжлалт бүтээл гээд нийт 100 гаруй бүтээл олны  хүртээл болох нь ээ.

МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Л.Бумандорж нь 1987 онд ХБНГУ-д зураасан зургийн мэргэжлээр төгссөн. Үзэсгэлэнд түүний сүүлийн үед хийсэн гэр хорооллын болон абсракт уран зургийн нийт 40 гаруй бүтээлээ эл үзэсгэлэнд дэлгэх нь ээ.

Харин МУЭ-ийн нэрэмжит шагналт уран барималч Д.Түвдэндорж 1982 онд ДУДэС-ийн уран баримлын анги төгссөн. Тэрбээр жижиг баримлын онцлог, цутгуурын гайхамшиг, мөн хиймэл болон хуванцар орчин үеийн материалуудыг ашиглан хийсэн контемпорару ажлуудыг та бүхэнд сонирхуулахаар төлөвлөжээ. Тэрбээр концептуализм, символизмийг чиглэлээр сүүлийн жилүүдэд хийсэн 15 гаруй бүтээлээрээ энэхүүи үзэсгэлэнд нэгдэх юм байна.

Зураач Б.Баярт-Од нь 1993 онд ДУДэС-ийн Уран зургийн ангийг төгссөн. 1998 оноос эхлэн бие даан уран бүтээлээ хийж байгаа. Тэрбээр 1995, 1997, 1999, 2002 онуудад бие даасан үзэсгэлэнгээ үзэгчдээ толилуулж байжээ. Түүний  бүтээлүүдэд эртний болон өнөөгийн нүүдэлчин Монголчуудын аж амьдрал, ёс заншилыг Монгол зургийн аргаар дүрслэх харуулсан 40 гаруй бүтээлүүдээрээ оролцох гэнэ.

Зураач Н.Одонбаяр нь 1986 онд ДУДэС-ийн зураасан зургийн анги төгссөн. Модернист, сюрриалист  чиглэлийн  хийсэн сонирхолтой бүтээлүүдээ дэлгэн “Дөрвөн ертөнц”-д өнгө нэмэх юм байна.

Уг үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 3-н хүртэл үргэлжилэх тул та тухлан саатаж оюуныы алжаалаа тайлаарай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж