Туркийн шоронд үймээн дэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Туркийн шоронд үймээн дэгджээ

Туркт болсон газар хөдлөлтөөс болж, Ван мужийн шоронд хоригдлуудын дунд үймээн дэгджээ. Гэрчүүдийн мэдээлснээр шоронд буун дуу гарч, утаа манан гарсан байна. Учир нь газар хөдлөлт болох үед хоригдлууд сандарч, үймж эхэлсэн ажээ. Хэд хэдэн хоригдол шоронд гал тавьж, хуягуудад халдааад ням гаригт шоронгоос оргосон байна. Хоригдлууд бослого гаргасан авч удирдлагууд тэднийг суллахаас татгалзаж, хамгаалалтыг чангатгажээ. Хоригдлуудын гэр бүлийнхэн, хамаатан садан удирдлагуудыг тайлбар хийхийг шаардан шоронгийн гадна хүлээж байгаа юм байна. Ням гаригт Ван мужийн Эркис хотод болсон 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үед амиа алдсан хүмүүсийн тоо 459 болжээ. Газар хөдлөлтийн дараах газрын түрэлтээс болж нурсан 100 шахам байшин барилгын нурангин доороос хүмүүсийг гаргах ажиллагаа үргэлжилж байна. Гэмтэж бэртсэн хүмүүс 1352-т хүрчээ. Аврах ажилтнууд нурангин дундаас нэгэн гэр бүлийн гурван гишүүнийг өнөөдөр гаргасан байна. Туркийн Засгийн газраас газар хөдлөлтөд нэрвэгдэж орох оронгүй болсон хүмүүст дулаан хөнжил, майхан болон хүнсний тусламж, хоргодох байр өгөхөөр тусламжийн агентлагуудыг ажиллуулж байгаа гэнэ. Гамшгийн голомт Эркис хотод зарим байшин барилга нурж унахад ойрхон байгаагаас иргэдэд анхааруулж байгаа ажээ. Нурангин доор амьд хүмүүс байгаа гэх найдвар улам багасч байгаа ч аврах ажилтнууд нурангийг өрөмдөж, бетонуудыг кранаар зайлуулж, эрлээ үргэлжлүүлсээр байгаа юм.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж