WTA Championships Стамбулд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

WTA Championships Стамбулд эхэллээ

WTA буюу Мэргэжлийн эмэгтэй теннисчдийн холбооны улирлын төгсгөлийн WTA Championships тэмцээн Туркийн Стамбул хотноо өчигдөр эхэллээ. Дэлхийн номер нэг теннисчин Каролина Возняцки тэмцээний эхний өдөр Агнешка Радванскаг хожсон бол ОХУ-ын теннисчин Мария Шарапова Австралийн Сэм Стосурт ялагджээ. Возняцки 5-7; 6-2; 6-4 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан бол Шарапова 6-1; 7-5-аар хожигдсон байна. Дани бүсгүй одоо дахин нэг хожил авахад л хэсгээсээ шалгарч, хагас шигшээд өрсөлдөх боломжтой болох юм. Мөн өчигдөр “Уимбльдон”-ы аварга Петра Квитова 6-2; 6-4-өөр Вера Звонареваг хожжээ.

Шилдэг наймын “тулаан”-д оролцож буй теннисчид дөрөв, дөрвөөрөө хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож байгаа ба хэсэг тус бүрээс шалгарсан хоёр тамирчин хагас шигшээд өрсөлдөх юм. Тэмцээний сугалаагаар Возняцки, Звонарева, Радванска болон Петра Квитова нар улаан хэсэгт багтсан бол Шарапова, Сэм Стосур, Виктория Азаренка болон Ли На нар цагаан хэсэгт өрсөлдөж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж