Монголчуудын хөлөг онгоцны үлдэгдэл олджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Монголчуудын хөлөг онгоцны үлдэгдэл олджээ

Монголын байлдан дагуулагчдынх гэж таамаглаж буй хөлөг онгоцны хэсгийг Японы эргээс олжээ. XIII зууны үед Монголчууд Японыг эзлэхээр аянд дайнд мордсон авч далайн хар шуурга саад болсон гэдэг билээ. Нагасаки муж дахь тэнгисийн эргийн элсэн доороос олдсон хөлөг онгоцны хэсэг 12 метр урт гэнэ. Монгол дайчин эрсийн аян дайны хөлөг онгоцны үүн шиг том олдвор олдож байгаа нь анхны удаа ажээ. Далайн эрэгт хэдэн зууны турш булшлагдсан хөлөг онгоцны хэсэг элэгдэл багатай байсан нь шинжээчдийг гайхашруулж байгаа гэнэ. Окинавагийн Рюкю их сургуулийн судлаачид олдвор олдсон далайн эргээс хөлгийн бусад хэсэг болон Монгол дайчин эрсийн хэрэглэж байсан зүйлсийг олохоор хэт авианы багаж ашиглан хайгуулын ажил эхлүүлсэн байна. Хөлгийн их бие цагаан саарал өнгөтэй, шаантагаар эвлүүлсэн байжээ. Хөлгөөс Монголчуудын хэрэглэж байсан зэр, зэвсэг болон бусад эд хэрэглэлүүд олджээ. Шинжээчид уг ховор олдвороос Монгол дархны урлал болон байлдан дагуулагчдын талаар багагүй зүйл олж мэднэ гэдэгт итгэлтэй байна. 1274-1281 оны хооронд Монголын байлдан дагуулагчид Японы эзлэхээр хоёр удаа аян дайнд мордсон авч далайн хар шуурганд сүйдсэн гэдэг билээ. Японы ард түмэн одоо ч далайн хар шуурга тус улсыг эзлэн түрэмгийллээс аварсан гэж үздэг ажээ. Японы ард түмнийг дайнаас аварсан Камиказе хэмээх далайн хар шуурганы нэрээр дэлхийн II дайны үед амиа золиослогч сөнөөгч онгоцны нисгэгчид онгоцоо нэрлэдэг байсан гэнэ. Монголчууд далайн аян дайнд туршлага муутай байснаас Хятад, Солонгосчуудаар хөлөг онгоц хийлгэж байсан гэдэг.  XIII зууны үеийн уг хөлөг онгоц Хятад дархны арга барилтай төстэй байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж