”President zero” буюу ялагдаж буй Обама

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

”President zero” буюу ялагдаж буй Обама

Америкийн түүхэн дэх анхны Африк­-Американ буюу хар арьст ерөнхийлөгч төдийгүй 44 дэх ерөнхийлөгчөөр ялалт байгуулан ажиллаж буй Барак Оба­магийн дахин сонгогдох сонгуулийн кампанит ажил өмнөх шигээ гялалзсан амжилтаар бялх­сан байж чадахгүй байна. Гайхам­шигтай уран илтгэх чадвар, нэг асууд­лыг олон дахин ярьсаар бусдаар хү­лээн зөвшөөрүүлэх цөхрөлтгүй зан, хү­мүүстэй харилцаж сайнаар нөлөөлж чадах хосгүй харилцааны арга зүй гэх мэт олон давуу шинж чанар нь аме­рикийн сонгогчдод төдийгүй дэл­хийн бусад лидерүүдэд ч гүн нө­лөө үзүүлсээр ирсэн билээ. Манай хо­шин шогийнхны илэрхийллээр бол “цаа­наасаа ингээд төрчихсөн амьтан” мэт дэл­хийд үнэлэгдэж Нобелийн энх­тайв­ны шагналыг хүртэл авч амжсан  аме­рикийн гуравхан ерөнхийлөгчийн нэг. 

Гэвч алдарт Галлапийн хамгийн сүүлд хийсэн санал асуулгаар америк­чуудын дөнгөж 38 хувь нь түүнийг дэмж­сэн бол өрсөлдөгч бүгд найрамдах намаас нэр дэвшсэн аль нэг нэр дэвшигчийг 46 хувь нь шууд дэмжинэ хэмээн саналаа илэрхийлжээ. 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд 53 хувийн ялалт байгуулж байсан алтан үе ийнхүү уруудаж байна. Итгэлтэй хэлэхийн учир нь Галлапийн судалгаа бол мэргэжлийн хувьд хамгийн нэр хүндтэй судалгаа бөгөөд 1948 онд Харри Трумен дээр алдсаныг эс тооцвол 1936 оноос хойш өнөөг хүртэл Америкийн бүх ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг урьдчилан зөв тооцож ирсэнээрээ алдартай юм.  Тиймээс ч Обама саяхан ABC news мэдээллийн сувагт өгсөн ярилцлагадаа одоогоор ялагдаж буйгаа хүлээн зөвшөөрчээ. Мэдээж одоогийн муу нөхцөл байдал нь жилийн дараа буюу 2012 оны арван нэгдүгээр сарын зургааны өдөр болох сонгуулийн дүнг шууд илэрхийлэх боломжгүй ч гэсэн америк шиг сонгогчдын хэт савалгаа багатай төлөвшсөн сонгогчидтой улсын улстөрчийн хувьд “улбар шар” түвшний хэмжээтэй аюулын дохио юм. Сонгогчдын тааламжгүй дүгнэлт нь юунаас шалтгаалж буй талаар судалсан мэргэжлийн улс төрийн менежерүүд болон зөвлөхүүдийн дүгнэлтүүд нь ихэнхдээ дараах гурван шалтгаанд зангидагдаж байна.

Hope Zero буюу эдийн засгийн чиг баримжаатай сонгогчид

Америкийн поллстеруудын бүгд са­нал нэгтэй хүлээн зөвшөөрснөөр аме­рикийн сонгогчид бол эдийн засгийн чиг баримжаатай сонгогчид юм. Олонх америк сонгогчдын улс төрийг харах эхний өнцөг нь өөрийнх нь эдийн зас­гийн амьдралд сайнаар болон муу­гаар нөлөөлж байгаа эсэх дээр л шийд­эгддэг. Ялангуяа хүйтэн дайны дараах сонгогчдын сэтгэл зүй нь илүү их прагматик болсон бөгөөд гадаад бодлого, аюулгүй байдал, цагаачлал зэрэг нь чухалд тооцогддог ч хамгийн чухалд тооцогдохоо больжээ.

Тиймээс ч 9 сарын 11-ний гол буруу­тан Осама Бен Ладенийг Обама уст­гаж чадсан нь ч түүний рейтингт шийд­вэрлэх нөлөө үзүүлж чадахгүй л байна. Обамагийн боловсруулсан санхүүгийн зээл олгох систем болон эрүүл мэндийн даатгалын системийг социалист хэмээн шүүмжилж гарч ирсэн Tea Party хөдөлгөөн хамгийн хүчирхэг эсэргүүцлийн хөдөлгөөн болж өргөжсөн бол Occupy Wall Street хөдөлгөөн нь мөн л Обамагийн том хөрөнгөтнүүдийн татварыг нэмээгүй хэрнээ халамжийн зардлыг танаснаар их өрийн асуудлыг шийдэх гэсэн бодлогыг шүүмжилж богино хугацаанд нийгмийн дундаж давхаргаас доош ажилчин ангид хамаарах blue collar буюу хөх захтнуудын дэмжлэгийг ихээр аваад байна.

Товчхондоо Америкийн эдийн засгийн хүндрэлийг Обамагийн засаг захиргаа цаашдаа шийдэж чадахгүй гэж Америкчуудын 72 хувь нь үзжээ.

Гэхдээ энэ шүүмжлэл нь ганц Обамад хаяглаагүй бөгөөд агуу их нам буюу бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцож буй топ таван нэр дэвшигчид ч давхар хаяглагдаж байна. Учир нь Галлапаас арван сарын эхээр хийсэн судалгаагаар бүгд найрамдах намын нэр дэвшигчид эдийн засгийн засгийн хүндрэлийг шийдэх талаар тодорхой ярихгүй зугтаж байна хэмээн олонх нь дургүйцсэн байна.

Change Zero буюу  дэмжигч сонгогчдын “урвалт”

   
Ерөнхийлөгч Б.Обамаг 2008 онд ялалтанд хүргэсэн гол сонгогчид нь эдгээр сонгогчид байсан юм. Жорж Вашингтоны их сургуулийн профессор Давид Канторын хийсэн статистек судалгаагаар Америкийн нийт хар арьст сонгогчдын 95 хувь, испани гаралтай сонгогчдын 67 хувь нь Обамагийн төлөө саналаа “дугуйлжээ”.  Америкийн сонгогчдийн бүлэг цагаанууд, харууд буюу Африк Америк, Испани гаралтангууд гэсэн гурван том төлөөллөөс бүрддэг тул ерөнхийлөгч Обамаг ялалтанд хүргэхэд change гэх алдарт үгээс илүүтэй түүний цагаан бус “цус” нь илүү нөлөөлсөн гэж нэг талаар хардаж болохоор байгаа биз.  Гэвч бодит шалтгаан нь америкийн нийгмийн баялгийн хуваарилалтийн ихэнхийг цагаанууд хүртдэг бол дунджаас доош хамгийн бага орлоготой гол цөмийг харууд болон испанууд бүрэлдүүлдэгт байгаа юм.

Америк улс анх үүссэн цагаас л хойш ийм байсан баялгийн энэ хуваарилалтыг өөрчилж ядаж нийг­мийн дундаж ангид очих change ийг Обамагийн урианаас харахыг хүсэж сонголтоо хийсэн ихэнх сонгогчид одоо түүнээс нүүр буруулцгааж байна. Обамагийн засаг захиргааны үеийн америкийн эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөж хохирогсод нь эдгээр харууд болон испаниуд байсан төдийгүй элдэв төрлийн халамж, тэтгэлэг нь эдийн засгийг сулруулахын хэрээр тэд сая саяаараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Обама нэр хүндээ өсгөхийн тулд даатгал болон халамжийн хөтөлбөрүүдийг ихээр нэмснээр татварын дарамтанд орсон үйлдвэрлэгчид болон жижиг дунд үйлдвэрлэгчид ажилтнуудаа цомхотгож эхэлжээ. Мэдээж хамгийн түрүүнд ажилчин ангийн гол төлөөлөл болох харууд, испаниуд халагдсан учраас өрсөлдөгчид нь Обамаг социалист хэмээн шүүмжлэхэд хүргэсэн билээ.

Job Zero буюу Обамагийн дэвшүүлсэн Job Act  дэмжлэг авсангүй

Ерөнхийлөгч Обама америкийн эдийн засгийг сэргээх, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилгоор 447 тэрбум ам.долларын өртөг бүхий аварга том төслийг өөрийн нэрээр санаачилж Сенат уруу оруулсан боловч дэмжлэг авч чадсангүй унажээ. Төслийн ерөнхий зорилго нь ажилгүйдлийг бууруулахын тулд зам дэд бүтэцийг шинэчлэх, сургуулийн засварт хөрөнгө оруулах, ажилгүйчүүдэд зориулсан үйлчилгээг нэмэгдүүлэх, орон нутгийн захиргаанаас багш нар болон гал сөнөөгчдийн орон тоо тэтгэмжийг нэмэгдүүлэх гэсэн гэгээлэг зорилго бүхий түүний төсөл дэмжлэг авсангүй. Ялангуяа бүгд найрамдах намын сенаторуудын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртжээ. Америкийн хүн амын олонх буюу 68 хувь ч түүний төслийг дэмжигдэж санхүүжилт олж чадна гэж эргэлзэж буй нь Галлапийн хийсэн судалгаагаар тогтоогджээ. Учир нь түүний төлөвлөгөө нь америкийн эдийн засгийг бүхэлд нь сэргээх тухай төлөвлөгөө биш түр зуурын гал унтраах төлөвлөгөө байна. Иймэрхүү яриа америкийн жирийн иргэд дунд Starbucks кафенуудад өрнөж байгаа төдийгүй харьцангуйгээр Ардчилсан намыг дэмждэг Вашингтон ДС орчимд ч ихээр яригдаж байгаа ажээ.

Гэвч улс төрийн хөшигний цаана бүгд найрамдахчууд Обамагийн хоригт тавьсан шалтгаанаа өөрөөр тайлбарлаж байна. Тэднийхээр бол Обамагийн энэ төлөвлөгөө нь сонгуульдаа зориул­сан төлөвлөгөө бөгөөд юуны өмнө өөрийнхөө дэмжлэгийг алдсан нийг­мийн эмзэг хэсэгийн олонх болох харууд болон испануудын ажлын байрыг дэмжсэн ажээ. Нөгөөтэйгүүр багш болон, гал сөнөөгчдийг дэмжсэн төсөл нь америкийн савалгаатай сонгогчдод нөлөөлөхөд чиглэсэн ажиллагаа гэнэ. Учир нь америкийн нийгэмд хамгийн нэр хүндтэй мэргэжил бол гал сөнөөгч, багш, цагдаа гурав байдаг бөгөөд Polls.com ийн хийсэн судалгаагаар савалгаатай сонгогчид тэдний үгийг илүүтэй дагна хэмээн хариулжээ. Уншиг­чид хэрвээ анзаарсан бол сенатын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны материал дээр fire Fighter endorsed гэсэн тэмдэглэгээ бай­д­аг нь ийм учиртай ажээ.

Эдгээр гурав бол ерөнхийлөгч Обамагийн хувьд мэдээж зөвхөн бодит нөхцөлд тулгуурласан хүндрэл. Энэ хүндрэлийг хэрхэн даван туулж дахин ялж чадах вэ  гэдгийг тэр өөрөө болон түүний сонгуулийн стра­тегичид тодорхойлно. Хамгийн сүүлийн мэдээгээр бол Обамагийн гол стратегичид түүнд ялах гол түлхүүр бол independence voters буюу бие даасан аль нэг нам дэмждэггүй сонгогчид хэмээн зөвлөсөн байна. Одоо харин тэдэнтэй хэрхэн тулж ажиллахыг хөндлөнгөөс нь ажиглаж л байцгаая.

О.ЧУЛУУНБИЛЭГ

 /Жорж Вашингтоны их сургууль/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж