Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Майхны дэрвээ

Нью-Йоркийн захирагч Майкл Блумберг “Occupy Wall Street” хөдөл­гөөний
идэвхтнүүдийг өөрсдийн үйл ажиллагааг явуулах мөн майхант лагерь
байгуулахдаа зөвшөөрөл авдаг болгоно гэж мэдэгджээ. Лагерийн ойролцоох
орон сууцны оршин суугчид ба байгууламжийн эздээс хөдөлгөөнийхний талаар
гомдол ирж байна гэж мэр хэлэв.

Үйл ажиллагаа явуулахдаа Occupy Wall Street хөдөлгөөнийхөн зөвшөөрөл
авах ёстой хэмээн Майкл Блумберг сануулав. Хөдөлгөөний ла­герийн орчмын
байрныханд эсэр­гүүцэл гаргагчид цэцэрлэгт хүрээ­лэнд угаалга хийж,
шөнөөр шуугиж байгаа нь огт таалагдахгүй байгаа гэнэ.

“Хотод олон үйлдвэр, албан га­зар бий. Хүмүүс өглөө ажилдаа, хүүх­дүүд
сургуульдаа явцгааж байна. Эсэргүүцэл гаргагчид шөнө дөлөөр бөмбөр
нүдэж, шууд л гудамжинд морь харж байна!” гэж Блумберг хэлснийг Reuters
онцолсон байв.

Манхэттений өмнөд хэсгийн Зукотти (Zuccotti Park) цэцэрлэгт Майхант
хотхон есдүгээр сарын дундуур боссон бөгөөд сар гаруй цагдаагийнхан
Уолл-стритийн дэр­гэ­дэх цэцэрлэгт болж байгаа хэ­рэг явдалд оролцоогүй
юм. Хэд хоногийн өмнө хотын эрх баригчид цэцэрлэгийн нөхцөл ариун
цэврийн шаардлага хангахгүй болсон учир эсэргүүцэл гаргагчдад шаардлага
өгч тэндээс тарахыг сануулсан байв. Харин тэд шаардлагыг эрх баригч­дийн
зүгээс үзүүлсэн шахалт гэв.

The Capital New York сонинд өгүүлснээр долоо хоногийн сүүлчээр
эсэргүүцэл гаргагчдын төлөөлөгчид ойр хавийнх нь оршин суугчидтай
цэцэрлэгт хүрээлэнгийн байдлын талаар ярилцахаар уулзсан бөгөөд уулзалт
нэлээд хурцатмал байжээ. Манхэттений орон сууцны хүмүүс майхант хотод
дуу шуугиан ихтэй, хүүхэд хөгшдийг унтуулахгүй байна гэж гомдол
гаргажээ. Үүний зэрэгцээ хүн ам ихтэй энэ район сайтар цэцэрлэгжүүлсэн
хотын цөөн газрын нэг. Гэтэл эсэргүүцлийн ажиллагааны улмаас цагдаагийн
бүсэлтэд байгаа нь хүмүүст таалагдахгүй байна. Тэд ажилдаа ирж очихын
тулд цэцэрлэгийг тойрох болсондоо бас дургүйцэж байгаа ажээ.

Оршин суугчдын тав тухыг алдууллаа гээд хотын эрх баригчид баасан гариг
гэхэд цэцэрлэгийг чөлөөлөх шаардлагыг эсэргүүцэл зохион байгуулагчдад
хүргэсэн байв.  “Occupy Wall Street” хөдөлгөөний сайтад цагдаагийнхан
тэднийг хөөн тараах гэсэн заналхийлэл гэсэн байв. Хотын захиргаа
цэцэрлэгт хүрээлэнгийн цэвэрлэгээг баасан гаригт хийнэ гэснээ
хойшлуулжээ. Гэхдээ тэр орой хотын захирагч хөдөлгөөнийхөнд тавих
шаардлагаа чангалана гэдгээ мэдэгдсэн юм. Оршин суугчид ба паркийн эзэн
Brookfield Office Properties компиас гаргасан гомдлын улмаас үүнийг хийх
болно гэдгээ мэр мэдэгджээ. Хотын захиргаатай компанийн эзнийн хийсэн
гэрээний дагуу паркт ямар ч хүн дуртай цагтаа зугаалах эрхтэй гэнэ.
Тиймээс Зукотти паркт амьдарч байгаа хөдөлгөөний албан ёсоор “зугаалж”
байгаа хүмүүс болж байгаа юм. Гэсэн ч эзний талаас нь гомдол гарсны
улмаас паркт лагерь байгуулсан нь хууль ёсных уу гэдгийг шалгах
шалгаантай болов.

“Occupy Wall Street” хөдөлгөөний үйл ажиллагаанд дургүйцлээ эрх баригчид
дэлхий даяар гаргаж эхлэв. The Australian сонинд бичсэнээр Австралийн
Мельбурн хотын төвийн энэ хөдөлгөөнийг дэмжигчдийн лагерийг
цагдаагийнхан хөөн тараа­жээ. Харин Нью-Йоркийн цагдаа­гийнхан хүч
хэрэглэн хөдөлгөөний лагерь халдаагүй байна.

“Occupy Wall Street” хөдөлгөө­нийхөн Францын Канн хотод нээг­дэх “Их 20”
саммитийн үеэр даяарч­лалын эсэргүүцлээ ирэх сарын 3-4-нд зохион
байгуулах бэлтгэл ажилдаа ороод байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж