Турк нурж, Тайланд живэв

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Турк нурж, Тайланд живэв

Тайландын Шинжлэх ухаан, технологийн сайд Плодпрасоп Сурасвади ойрын хоногуудад хот бүрэн живнэ гэж Бангкокийн оршин суугчдад сануулж байна. Түүний хэлснээр үер дахин сар гаруй үргэлжлэх гэнэ. Хотод сандралдаан гарна гэж айлгүйгээр Засгийн газар үерийн тухай бүх үнэнийг  мэдээлэхийн зэрэгцээ хотынхонд аль болох хүртээлтэйгээр байгуулах нүүлгэлтийн түр төвүүдийн талаар мэдээ өгч байх гэнэ.

Хотод ням гаригийн өглөөнөөс эхлэн ус улам нэмэгдэж эхэлсэн байв. Тэр үеэр Бангкокийн хойд ба зүүн хэсгийн долоон дүүрэг 30 гаруй см-ийн төвшинтэй усанд живж эхэлжээ. Нийслэлийн дундуур урсах  Чао Прай голын төвшин хоёр метрээр нэмэгджээ. Орон нутгийн засаг захиргаа хотын сувгуудын далангийн ус урсгах бүх төхөөрөмжүүдийг нээж, Сиамын буланд усыг хурдан урсгах арга хэмжээ авч байна. Бангкокийн хүн ам есөн сая гаруй.

Ерөнхий сайд Йинглак Чинаватын хэлснээр хотын хүн ам шигүү дүүргүүдийн усны сүлжээ ба цахилгаан сүлжээг аврахад хамаг ажил чиглэгдсэн байна. Цэвэр усны системийн ус аюулгүй байгаа гэж эрх баригчид хэлж байна. Харин цахилгааны тасалдал гарах болжээ. Хамгаас хүчтэй гамшигт нэрвэгдсэн район нь олон улсын хоёр нисэх буудал байдаг  Дон Муанг болов. Гэхдээ нисэх буудлууд ердийн хуваарийн дагуу ажиллаж байна. Хичээлийн жилийн нээлтийг  нийслэлд арваннэгдүгээр сарын 15 хүртэл хойшлуулжээ. Нийслэлийг гамшгийн бүс гэж Чинават зарлаад оршин суугчдад хандан эд хөрөнгөө өндөрлөг газар ба байрны дээд давхрууд руу зөөхийг санал болгов. Эмнэлгийн тусламж үзүүлэхээр хотод 200 шуурхай цэг нээгээд байна. Хамрын ханиад болон арьсны тууралт өвчин энд их байгаа юм байна. Хотод гарсан бужигнаан сандралдаан аврах ажиллагаанд саад болж байгаа гэнэ. Зарим мужид элстэй шуудайн даланг хүмүүс буулган өөрсдийн гэр орныг тойруулан хамгаалалт хийсэн хэрэг ч гарлаа. Буудлууд ба худалдааны төв, ресторануудын эргэн тойрон элстэй шуудайгаар хамгаалалт хийсэн байв. Харин түүнийг хүмүүс оролдохгүй байна. Дэлгүүрээс цэвэр ус бүрэн алга болж амтат жүүс л үлджээ. Дэлгийн барааг эргүүлэн агуулахдаа зөөн хурааж байгаа гэнэ. Зам бүрэн боогдсон нь нийслэлийн хүнсний хангамжинд нөлөөлж байна.

 Тайландад үер долдугаар сарын дундаас эхэлсэн. Үргэлжлэн орж байгаа борооны улмаас үүссэн гамшигт 356 хүн амиа алдан 100 гаруй мянган хүнийг нүүлгэжээ. Усанд автсан газарт 700 мянган хүн ажилгүй болсон байв. Үер тус орны 76 мужийн 28-д нь үргэлжилж буй. Гамшгийн улмаас нийт гурван сая хүн хэлмэгдээд байна. Үерийн хохирлын урьдчилсан тооцоо 12 тэрбум ам.доллар болжээ.
          

Турк нурлаа

 
Хүчтэй газар хөдлөлт Туркийн хэдэн зуун хүний аминд хүрсэн бололтой. Хамгийн сүүлчийн мэдээгээр бүх том барилгууд нь бараг бүгд нурсан Эржиш, хэдэн зуун барилга байшин сүйрсэн Ван хотуудын нуранги доороос 366 хүний цогцсыг гарган авчээ.  Хөдөө тосгонуудын хохирлын талаар эрх баригчид хөөцөлдөх завгүй байна. Учир нь тэд хотуудад үүссэн сандралд нэрмээс хийхээс татгалзаж байгаа юм. Дандаа шавар барилгатай тосгон  газрын эхний чичирхийллээр бүрэн нуржээ.  Ван мужид ундны ус, цахилгаан тасарч хүнсний хомсдол үүсэв.

Ван хотын шоронгийн хана нуран 200 орчим хоригдол зугтсанаас 50 орчим хүн буцан ирсэн байна. Тэд гэр орныхныхоо төлөө сэтгэл зовсон учир хариад ирсэн гэх тайлбар өгчээ.

Эржишийн захирагч тусламж хэрэгтэй байгааг мэдэгдсэн бөгөөд харин Турк одоохондоо гадны тусламж авахаас татгалзжээ.

Армянтай хил залгаа нутагт ням гаригийн орон нутгийн цагаар 13.41-д 7,2 магнитуттай газар хөдлөлт эхэлжээ. Түүний төв нь Ван хотоос зүүн өмнө зүгт 16 км-ийн зайтай 20 км-ийн гүнд байжээ. Эхний чичирхийллийн дараа залгуулаад 5,6 магнитуттай чичирхийлэлт байв. Оройн зургаан цагийн үед 6 магнитуттай бас нэг чичирхийлэл бүртгэгдэв.  Туркийн хамгийн ядуу нутагт эхний газар хөдлөлт 30 секунд үргэлжлэв. Үүний дарга мянга гаруй удаа чичирхийлэлт бүртгэгджээ.

Газар хөдлөлт Иран, Гүрж, Арменид мэдрэгдсэн байлаа. Арменид 4-5 магнитуттай найман давтан хөдлөлт бүртгэгджээ.

Турк нь газар хөдлөлтийн аюултай бүсэд тооцогддог. 1999 онд хоёр удаа  7 магнитуттай газар хөдлөлт болж 18 мянган хүний аминд хүрч байлаа.  2003 онд газар хөдлөлт Бингоп хотын орчимд 177 хүнийг хөнөөсөн юм. Туркийн хамгийн сүйрлийн газар хөдлөлт 1939 онд Эрзинжан хотын орчим болсон бөгөөд гамшиг тэр үеэр 160 мянган хүний аминд хүрчээ.


Усны ургамал цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж эхэлжээ

 
Ус маш эрчимтэй “цэцэглэж” байгаа учраас дэлхийн далай тэнгисийн хүчилжилт нэмэгдэн даяарчлалын цаг уурыг өөрчилж эхэллээ хэмээн мэргэжилтнүүд Nature Geoscience сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны илтгэлдээ өгүүлжээ.

Усны цэцэглэлт нь далай тэнгис, нуур цөөрөм, усан сангуудад хөх, ногоон усны ургамал буюу циано бактерийг нэмэгдүүлж байна. Энэ нянгийн “тэсрэлт маягийн” нэмэгдэлтийн улмаас том хэмжээний толбууд усны гадаргад үүсэн хүн ба амьтны амьдралд хортой. Мөн амралтын бүсүүдэд эдийн засгийн хохиролтой болгож байгаа гэнэ.

Үүний улмаас усны хэм нэмэгдэн даяарчлалын цаг уурын өөрчлөлтөд нөлөөлнө. Гэхдээ эдгээр толбонуудын цаг уурын бүх үр дагавар бүрэн тооцогдоогүй байна. АНУ”ын Жоржио мужийн их сургуулийн Вэй-зюнь Кайн (Wei-Jun Cai) толгойлсон эрдэмтэд усны “цэцэглэлт” далай тэнгисийн усны нүүрс хүчлийн хэмжээг эрс нэмэгдүүлэн усны эсэлтийг ихэсгэнэ гэж дүгнэсэн юм. Эрдэмтдийн хэсэг АНУ ба Хятадын эрэг хавийн циано бактерийн тархалтыг судалжээ. Дэлхийн хоёр том мөрөн Миссисипи ба Шар мөрөн Мексикийн булан ба Зүүн Хятадын тэнгист азотын бордооны хаягдлыг маш ихээр оруулж байгаа нь усны ургамлыг цэцэглүүлж байна. Ийм хаягдлын хэмжээ ХХ зууны сүүлийн хагаст Америкт дөрөв дахин, Хятадад гурав дахин нэмэгджээ.

CO2 бодисны хуримтлал өсч, хүчилтөрөгчийн хэмжээ багасах болон хүчлийн нэмэгдэл хавар эрт эхлэн зун намартаа үргэлжилж байна. Усанд хаягдаж байгаа органик үлдэгдлийг задлахад усны  хүчилтөрөгч ихээр зарцуулагдаж байгааг тэд тогтоов.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж