Каддафийг элсэн цөлд оршуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Каддафийг элсэн цөлд оршуулжээ

Ливийн удирдагч асан Муаммар Каддафийг мягмар гаригт нутаглуулна хэмээн мэдэгдэж байсан ёсоор түүний хүү Муатассим болон шадар туслахын хамт өнөөдөр оршуулсан тухай Ливийн албаны хүмүүс мэдэгдлээ. Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлийн мэдэгдсэнээр хурандаа Каддафийг өнөөдөр үүрээр оршуулсан байна. Гэхдээ чухам хаана гэдгийг нууцалж байна.

Хурандаа Муаммар Каддафийн эхнэр нөхрийнхөө цогцсыг авахыг шаардаж, НҮБ болон Олон улсын “Amnesty International” байгууллагаас нөхөр болон хүүгээ Исламын ёсоор оршуулахын тулд цогцсыг гэр бүлийнхэнд нь эргүүлэн өгөх талаар Ливийн түр засгийн газарт нөлөөлөхийг хүссэн захидал илгээсэн юм. Каддафи өөрөө ч гэрээслэлдээ "Муаммар бин Мохаммед бин Абдусалам би Хумаид бин Абу Маниар бин Хумаид бин Наил аль Фуши Каддафи миний гэрээслэл. Аллахаас өөр бурхан байхгүй гэдгийг би андгайлъя. Тиймээс би Мусульман хүний ёсоор үхэх болно. Би бусдын гарт алуулах байлаа ч цогцсыг минь мусульман хүний ёсоор өмссөн хувцастай, биеийг минь угаалгүй, Сирт хотод гэр бүл, ах дүү нарын минь хажууд оршуулахыг хүснэ. Намайг үхсэний дараа миний гэр бүл, ялангуяа эхнэр хүүхдүүдэд минь хүн ёсоор хандахыг хүснэ. Ливийн ард түмэн өвөг дээдэс, баатруудынхаа ялалт, бахархал, амжилт, үндэсний эв нэгдлээ хамгаалж үлдэх ёстой. Би өөрийн дэмжигчдийг  гадаадын түрэмгийлэгчдийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалж байна” хэмээсэн юм.

“Associated Press” агентлагийн мэдээлснээр хурандаа Муаммар Каддафийг оршуулах ёслол орон нутгийн цагаар 05.00 цагийн орчимд элсэн цөлд болсон бөгөөд цөөн тооны албаны хүн, төлөөлөгчид оролцсон гэнэ. Гэхдээ Исламын шашны ёс жаягийн дагуу эцсийн замд нь үдсэн бололтой.

Каддафи алагдсанаас хойш түүний цогцосноос гадна хүү Мутассим, Батлан хамгаалахын сайд байсан Абу Бакир нарын цогцсыг Мисрата хотын махны захын хөргүүрт хадгалж, олон нийтэд үзүүлж байсан юм. Каддафийг алагдсанаас хойш тав хоногийн дараа түүнийг ийнхүү оршуулж байна. Махны захын хамгаалагч Салем аль-Мохандес Аль-Жазийра телевизэд өгсөн ярилцлагадаа “Бидний ажил дууссан. Мисрата хотын цэрэг, цагдаагийнхан түүний цогцсыг авч явсан. Харин хаашаа гэдгийг хэн ч мэдэхгүй. Түүнийг оршуулсан, үгүй эсэхийг би мэдэхгүй байна” хэмээн ярьжээ.

Уг нь Исламын шашны жаягийн дагуу нас барсан хүнийг өдөрт нь багтааж оршуулах ёстой аж. Гэхдээ Каддафигийн цогцсыг бүтэн дөрвөн өдөр махны дэлгүүрийн хөргүүрт байрлуулж, ливичүүд түүний алагдсаныг харахаар дугаарлан жагсч байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж