Аврагчдын найдвар тасарч байна

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Аврагчдын найдвар тасарч байна

Туркийн Засгийн газраас ням гаригт Ван мужид болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн хүмүүст эмнэлгийн болон хүн хүчний нэмэлт тусламж хэрэгтэй байгаа талаар мэдэгджээ. 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Ван мужийн Эркис хот болон зэргэлдээх суурингийн хүмүүст одоогийн байдлаар 12 мянган майхан илгээгээд байна.  Газар хөдөлж, байшин барилга нурснаас 279 хүн амиа алдаж, 1300 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар шинжээчид мэдээлжээ.

Орон гэргүй болсон иргэд хоёр шөнө гадаа хоносон бөгөөд нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа ажээ. Оршин суугчид, цэргийнхэн болон аврах ажилтнууд хүрзээр болон гараараа нурангийг малтаж, хүмүүсийг гаргахыг хичээж байгаа гэнэ. Нурсан барилгын хүнд бетон ханануудыг зайлуулахаар өргөгч кран, хүнд машин механизмыг газар хөдлөлтөд нэрвэгдсэн хот, сууринд авчирчээ. Гэвч сүүлийн долоо, найман цагт нурангин доороос амьд хүн гараагүй учраас найдвар тасарч байгаа гэнэ. Туркийн аврах ажилтнууд амиа алдсан хүмүүсийн тоо дээр мэдээлснээс даруй хэд дахин их гэж таамаглаж байгаа ажээ. Хамгийн сүүлийн мэдээгээр нурангин доороос нэгэн гэр бүлийн дөрвөн хүний цогцсыг гаргажээ. Газар хөдлөлтийн үеэр Ван мужийн Эркис хот болон зэргэлдээх суурингийн  80 орчим барилга байшин нурсан ч огт нураагүй үлдсэн барилга байшин ч байгаа гэнэ.

Туркийн Ерөнхий сайдын туслах Бесир Аталая аврах ажилтнууд амрах завгүй эрлээ үргэлжлүүлж байгаад жаахан ч болов сэтгэл уужирч байгаа гэнэ. Тэрбээр “Турк хүмүүст хийж чадахгүй зүйл гэж байхгүй гэдгийг харлаа” хэмээжээ. Газар хөдлөлтөд нэрвэгдэж, гэр бүлийнхнээ алдаж, орон гэргүй болсон хэдэн арван мянган хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, хоол хүнсээр хангах кампанит ажил өрнөж байгаа ч Анкара хотын эрх баригчдыг гамшгийн хохирлыг арилгах яаралтай арга хэмжээ аваагүй гэж буруутгажээ. Мөн Туркийн угсаатны цөөнх болох Курдууд тусламж хангалтгүй байна гэж гомдоллосон гэнэ. Ван мужаас 50 км зайд орших Курдуудын амьдардаг Халкали суурингийн оршин суугчид мөн газар хөдлөлтөд нэрвэгдсэн бөгөөд тэд “Бидэнд одоо хүртэл эмнэлгийн болон хүнсний тусламж ирээгүй. Бас аврах ажилтнуудын барааг ч хараагүй байна” гэж мэдэгджээ. Туркийн сөрөг хүчний улс төрчид газар хөдлөлтөд нэрвэгдэж орон гэргүй болсон оршин суугчид одоо болтол хоол ундгүй, шөнийн хүйтэнд гадаа хонож байгааг Засгийн  газарт эрсдэлийн менежмент байхгүйтэй холбон тайлбарлаж байна. Нөгөө талаар Туркийн эрх баригчид гадаадын улс орнуудын тусламжаас татгалзсаныг тэд буруутгаж байгаа ажээ.

Ням гаригт болсон 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд 2000 гаруй барилга байшин сүйдэж, 75 мянган хүн нэрвэгдсэн юм. 

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж