Н.Батбаяр гишүүн хууль тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Н.Батбаяр гишүүн хууль тайлбарлав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас есөн гишүүний Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан бичгийг Үндсэн хуульд харшилсан гэсэн шалтгаанаар хэлэлцээгүйгээс болж багагүй маргаан дэгдсэн. Үүнээс болж Н.Батбаяр гишүүн сэтгүүлчдэд мэдэгдэл хийхээ зарласан юм. Тэр ёсоор эрхэм гишүүн  Н.Батбаяр мэдээлэл хийлээ. Гэхдээ байнгын хорооны хурал дээр зарласанчлан мэдэгдэл хийсэнгүй, хуулийн заалтуудыг тайлбарлав. Тэрбээр “Гишүүдийн гаргасан саналыг аль нэг байнгын хорооны дарга хэлэлцэлгүй буцаах ёсгүй” гээд Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулиудын холбогдох заалтуудад тулгуурлан дараах тайлбарыг хийсэн юм.

Байнгын хорооны хуралдаан дээр Ерөнхий сайдыг огцруулна гэдэг нь Засгийн газрыг огцруулна гэсэнтэй утга дүйх асуудал гэж гишүүд хэлж байсан. Тэгвэл Н.Батбаяр гишүүн Засгийн газрын тухай хуульд  энэ талаар юу гэж заасан болохыг тайлбарлалаа. Уг хуулийн 17-гийн 1-д “Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрыг Ерөнхий сайд тэргүүлнэ”  гэсэн нь Ерөнхий сайд болон Засгийн газар гэсэн албан тушаал, байгууллага хоёр тусдаа гэдгийг илэрхийлж байна гэлээ. Дэгийн хуулийн 38.дугаар зүйлд “Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх журам” гэсэн нь эдгээр нь гурван тусдаа зүйл гэсэн санааг илэрхийлж байна гэсэн юм. Иймд Ерөнхий сайдыг дангаар нь огцруулах саналыг гишүүд гаргаж болно хэмээлээ. Мөн Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 6-д “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, огцруулах, өөрчлөх асуудлыг УИХ өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх боломжтой” тул гишүүдийн саналыг байнгын хороо хэлэлцэх ёстой байсан гэлээ. Үндсэн хуулийн 43.4-т УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн. Тэнд Ерөнхий сайд гэсэн үг байхгүй учраас заавал 19 гишүүн болж байж Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөнө гэж ойлгож болохгүй, хэдэн ч гишүүн санал гаргаж болно гэж байв. Хуульд Засгийн газар нь Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ гэж заасан нь Ерөнхий сайд бол бусад гишүүдтэйгээ ижил субъект, танхимдаа нэг л саналтай  гэдгийг харуулж байгаа гэсэн тайлбар хийж байв.

Тэрбээр энэчлэн хуулиудын заалтуудаар тайлбар хийгээд есөн гишүүн хууль зөрчөөгүй гэсэн юм. Харин Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүн С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нартай халз мэтгэлцээнд оролцож болно гэдгийг төгсгөлд нь хэллээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж