Ховор амьтад устах аюул ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Ховор амьтад устах аюул ойрхон байна

Монголын өмнөд говийн бүсэд уул уурхайн томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн болсон энэ цаг үед экологийн тэнцвэрт байдал хамгийн ихээр хөндөгдөх юм. Дэд бүтцийн нөлөө зэрлэг амьтдад хэрхэн тусах талаар МУИС-ийн амьтан судлалын тэнхимийн багш, доктор Н.Батсайхантай ярилцлаа.

Өмнөд говийн бүс нутагт стратегийн ач холбогдолтой орд газрууд үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байна. Энэ бүс нутагт амьдардаг амьтдын онцлог юу вэ?

Өмнөд говийн бүс нутаг нь Төв Азийн хуурай гандуу цөлд хамаарагддаг. Энэ бүс нь Хятадын баруун хойд нутаг, Казахстан, Туркмен, Афганы хойд нутаг, Дундад Азийн орнуудыг дамнан оршдог уудам газарзүйн бүс нутаг. Энэ нутгийн хувьд өвөрмөц сонин хамгийн эртний үүсэл гаралтай гуравдагчийн үед оршин тогтнож байсан гол нууруудын хөндий юм. Эртний үүсэлтэй амьтан, ургамал говь нутагт элбэг. Ялангуяа бидний сайн мэдэх, дэлхийд цөөн тоогоор байгаа хуланг хэлж болж байна. Дэлхий дээрх нийт хулангийн сүргийн 60-70 хувь нь Монголд байдаг. Хэрвээ манай нутагт энэ амьтан устаж үгүй болвол зэрлэг илжиг буюу хулан дэлхийд байхгүй болно. Мөн энэ Төв Азийн гандуу бүс нутагт говийн баавгай гэгддэг мазаалай, зэрлэг тэмээ /хавтгай/, цагаан зээр, хар сүүлтий зэрэг дэлхийд ховор олон төрөл зүйлийн амьтад амьдардаг. Нэг амьтан устахад л өөр олон амьтан мөхөх аюултай. Жишээ хэлэхэд хуланг нутгийн иргэд их ад үздэг юм. Хулан  орчны өвс ургамлыг үндсээр нь иддэг гээд ад үздэгээс биш хулан тэдний малыг усалдаг гэдгийг ярихыг хүсдэггүй. Хулан газрын гадаргад ойрхон байгаа усыг гайхалтай мэдэрдэг амьтан. Тийм газрыг олоод шууд хөлөөрөө цавчаад газар доорх усыг гадаргад гаргаж өгдөг. Тэр усан дээр нь тэмээ, адуу тэр ойр орчмын айлын хонь, ямаа, зээр хар сүүлт, тас шувуу зэрэг мах идэшт амьтад бүгд очиж ундаалдаг. Нэг үгээр хэлбэл хулан бусдыг ундаалагч гайхамшигт амьтан юм.

Уул уурхайг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрлэг амьтдын амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
Дэд бүтцийн бүтээн байгуулалт тэр дундаа төмөр зам нь амьтны аймгийн хувьд ноцтой аюул учруулах юм. Хулан, хар сүүлт мэтийн улирлаар дамжин нүүдэллэдэг амьтдын хувьд нэлээд хүндрэлтэй тулгарна. Өнөөдөр төлөвлөж байгаа төмөр зам, автозамын дэд бүтцийн төлөв байдал, дамжин өнгөрөх замналыг харж байхад  зэрлэг амьтдын хамгийн чухал идээшиж буй газрыг дамжин өнгөрсөн эсвэл огтолж гарсан байгаа юм. Иймээс говь хээрийн бүсийн амьтдын ирээдүй хувь заяа тун бүрхэг болоод байна.
Миний бие 2001 оноос Германы судлаачидтай хамтран Борзонгийн говь, Галбын говь, Дорнод говиор 2009 оныг хүртэл жил дарааллан судалгааны ажил хийсэн. Судалгааны явцад ажиглаж байхад 2004 оноос Борзонгийн говьд саяын бид нарын ярьсан уул уурхайн хөгжлийн баруун хэсэгт байсан хулан аажмаар байхгүй болсон. Энд тэнд ганц нэгээрээ хааяа тохиолдохоос биш өөрөөр харагдахаа больсон. 2007 оноос хойш Таван толгойн орд газраас Гашуунсухайт боомт хүртэл тээвэрлэж байгаа нүүрсний замын зүүн талдаа хулан гараад баруун талдаа үзэгдэхээ байсан. Энэ дүр зураг юуг харуулж байна вэ гэхээр бидний нүдэн дээр сүүлийн хэдхэн жилийн хугацаанд хэрхэн цөөрч байгаа нь ил болж байгаа юм. Цаашдаа одоо байгаагаас илүү их багтаамжтай, асар их тээвэр хийх хурдны зам барих гэж байна. Тэр үед амьтдын амьдрах нөхцөл бүр их доройтох нь ойлгомжтой. Төмөр замыг хашаатай барьсан нөхцөлд цаад талаар нь Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын торон хаалт, наад талаар нь шинэ төмөр замын торон хаалт татчихаар хулан жижигхэн дөрвөлжин талбайд хоригдоно. Тэгэхээр цус ойртох, бэлчээргүй болох улмаар устах аюулд шууд өртөх юм.
Хөгжлийн том төслүүдэд гүний ус ашиглана гээд яригдаж байна. Гүний усыг ашиглахаар хөрсөн дээрх ургамалд нөлөөлөх үү, үгүй юү гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Хэрвээ нөлөөлөөд ургамал ургахгүйд хүрвэл амьтад дагаад устах нь хэнд ч ойлгомжтой.

Дэд бүтцийн бүтээн байгуулалт гэхээр төмөр зам, авто замын талаар л их ярьж байна. Цахилгаан станц, хот байгуулалт гээд өөр салбарууд бас зэрлэг амьтдын амьдралд нөлөөлөх байх?
Зэрлэг амьтдын талаар ярихаар л хүний нүдэнд сайн өртдөг сүр жавхлантай харагддаг чоно, хулан, гөрөөс гээд яриад эхэлдэг. Түүний цаана маш олон жижиг амьтад бий. Жишээ нь гэхэд жороо тоодог, хулан жороо гэх мэт говийн шувууд байна. Бид зөвхөн говийн бүсийн шувуудыг ярихын хажуугаар манай орны нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг нүүдлийн шувуудыг анхаарч үзэх хэрэгтэй. Их бүтээн байгуулалтын хүрээнд өндөр хүчдэлийн шугамууд баригдаж эхэллээ. Уг өндөр хүчдэлийн шугам нь шувуунд хоёр дарамт учруулдаг. Нэгд, шувуу цахилгааны утсыг харахгүй мөргөж, гэмтэж үхдэг. Нүүдлийн шувууд голдуу шөнөөр нисдэг учраас шонгийн утсыг харж чадахгүй. Хоёрт, говь цөлийн нутаг тэгш талархаг учраас үүрлэх орчин хомс, тиймээс өндөр хүчдэлийн шугам таатай орчин болж мах идэшт шувууд  үүрээ засчихдаг. Гэтэл бороо хуртай чийглэг үед тог цохиод таатай орчин нь шувууг үхэлд хүргэдэг. Бид анзаардаггүй л болохоос ийм байдлаар маш олон шувуу үрэгддэг. Манай залуу судлаачийн ажиглалтаар  нэг дор 40 гаруй тогоруу шон мөргөж үхсэн тохиолдол байсан. Мөн идлэг шонхор, хонин тоодог мэтийн ховор шувууд маш олноороо эрсэдсэн. Ус дамжуулах хоолой байна. Ийм хоолойнуудыг барьж байх явцад амьтад эрсдэх нь элбэг. Хоолой тавихаар ухсан гүнзгий том нүхнүүдэд амьтад унаж үрэгддэг. Авто зам дээр бас их дайруулж үхэж байна. Говийн амьтад шөнийн идэвхитэй амьдралаар амьдардаг онцлогтой. Халуун бүгчим өдрийн цагт үүр, нүхэндээ бүгэж байгаад шөнийн сэрүүнд ус, хоолондоо гардаг. Ингэж шөнөөр гарч ирээд машины гэрэлд гялбана, амьтан гарч ирэнгүүт гэрлээ шилжүүлдэг жолооч байхгүй ингээд л дайруулж эрсдэж байгаа юм даа. Бидний нүдэнд өртдөггүй маш олон жижиг амьтад бий гэж дээр хэлсэн. Зөвхөн голио л гэхэд 20 эндемик зүйл байдаг. Эндемик гэдэг нь зөвхөн манай оронд байгаа гэсэн үг шүү дээ.

Тэгвэл зэрлэг амьтдыг аврахын тулд нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
Бидэнд мөнгө хэрэгтэй байна, Монгол орон хөгжих хэрэгтэй гээд дэлхийд ховор өвөрмөц тогтоцтой энэ газар нутаг, ан амьтнаа устгах уу гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Тэгвэл бид дэд бүтцийн асуудлууд яригдаж эхэлж байгаа энэ цаг үед урьдчилж эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Мөн нутгийн иргэд байж байна. Уул уурхайг ашиглаад дуусахаар тэр газар нутагт нутгийн иргэд л үлдэнэ шүү дээ. Авто зам дээр гэхэд амьтдын яг идэвхтэй байдаг шөнийн 03:00-05:00 цагийн  хооронд тээврийг түр зогсоох арга хэмжээ авч болно. Энэ цагт жолооч нар маш их ядарсан байдаг. Хүнд ч амьтанд ч хэн хэнд нь ашигтай байгаа биз.
Гадны улсууд шувууг тогонд цохиулахгүй байх шийдлийг олсон байдаг. Бидэнд тог цахилгаан хэрэгтэй боловч хар амиа бодолгүй амьтанд ээлтэй технологийг сонгон ашиглах хэрэгтэй. Магадгүй хямд төсөр технологи аваад хийчихвэл өчнөөн олон жил ашиглах тэр байгууламж хэчнээн амьтны аминд хүрэх вэ гэдгийг бас давхар бодолцох нь зүй.

Шинээр баригдах төмөр замын ТЭЗҮ-д зэрлэг амьтдад зориулсан нүхэн гарц, гармыг хэрхэн хийх талаар тусгаагүй гэж амьтан хамгаалах байгууллагууд шүүмжилж байсан. Төмөр зам баригдсаны дараа ийм гарцуудыг хийх боломж байдаг уу?
Манай улс байгаль хамгаалах ажлыг уруугаа харсан маягаар хийх гээд байна уу даа гэсэн бодол төрж байна. Дэлхий нийтийн жишгийг харахад уул уурхайн гэлтгүй хөгжлийн бүхий л төлөвлөгөөг байгаль экологийн асуудалтай нь хослуулдаг. Эхлээд маш нарийн судалгаа хийсний үндсэн дээр амьтдад хэрэгтэй нүхэн гарц, гармыг  хийдэг. Түүнээс сүүлд нь хийх ямар ч боломжгүй шүү дээ.

Дэд бүтцийн хөгжил зэрлэг амьтдын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар дэлгэрэнгүй ярилцлага, сурвалжлагыг Mongolian mining journal сэтгүүлийн арван нэгдүгээр сарын дугаараас хүлээн авч уншаарай.

О.Хосцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж