Тунист Исламын шинэ нам ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Тунист Исламын шинэ нам ялалт байгуулав

Тунисийн Үндэсний зөвлөлийн бүх нийтийн чөлөөт сонгуульд Исламын шинэ нам ялалт байгууллаа. Ням гаригт болсон бүх нийтийн сонгуульд 4.1 сая иргэн 90 хувийн ирцтэй оролцсон байна.  Сонгуулийн дүн урьдчилсан байдлаар өчигдөр гарсан боловч эцсийн дүн өнөөдөр гарч, Тунисын зүүний үзэл баримтлалт нам  ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. Олон улсын ажиглагчид ням гаригийн бүх нийтийн чөлөөт сонгуулийг шударга, нээлттэй болсон гэж үзэж байна.

Тунист ерөнхийлөгч асан Зин аль-Абед­дин бен Алигийн 23 жилийн дангаар захирах дэглэмийн эсэргүүцсэн хөдөлгөөн найман сарын өмнө өрнөж, түүнийг огцруулсан юм. Гэвч хөрш зэргэлдээх Ливийн эрх баригчдаас ялгаатай нь Тунисын эрх баригчид эрх мэдлээ тайван замаар шилжүүлсэн юм. Сонгуульд ялалт байгуулсан Исламын шинэ нам “Ан-нахда”-гийн удирдагчид олон намын, ардчилсан тогтолцоог бий болгоно гэж амлаж байгаа ажээ. Тунисчуудын сонгосон Үндэсний зөвлөлийн 217 гишүүн шинэ үндсэн хуулийн төслийг баталж, Засгийн газрыг шинээр байгуулах юм байна.  Сонгуульд 100 гаруй нам болон бие даан нэр дэвшигчид нэрээ дэвшүүлсэн юм. Сонгуулийн үйл ажиллагаанд гадаадын  олон ажиглагчид болон орон нутгийн бие даасан байгууллагууд хяналт тавьсан байна. Ерөнхийлөгч асан Зин аль-Абед­дин бен Алиг огцорсноос хойшхи анхны чөлөөт сонгууль амжилттай болсонд АНУ, Европын холбоо баяр хүргэсэн байна.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж