
Нийслэлийн 372 жилийн ойг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордонд Гэр бүлийн тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо. Эцгийн гэрээс голомт таслан, эх орондоо өрх бүлийн тоог нэмж, өнгө жавхаатай үнэнч амьдрахаа "Хуримын ордон"-ы Ёслол хүндэтгэлийн танхимд аав ээж, ах дүү нарынхаа дэргэд залуу хосууд тангарагладаг учиртай. Энэ өдөр дөрвөн хос нэгэн насны амьдралаа хамт өнгөрүүлэх андгай тангараг өргөж хатан сүйх, хаан бугуйвч солилцон гэрлэлтээ батлуулсан юм. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс нар оролцов. Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа залууст хандан "Дэлхийд гэрлэх ёслолын уламжлалаа хадгалж үлдсэн цөөхөн улсын нэг бол Монгол Улс юм.
Тиймээс залуу хосуудын хувьд Гэр бүлийн тангараг өргөх ёслол гэдэг нийгмийн өмнө өрх гэрийг бий болгож, гал голомтоо бадраан хариуцлага хүлээх өдөр эхэлж байна" хэмээн ерөөлөө. Хосуудад цаашдын амьдралаа төлөвлөж, ажил хөдөлмөр, мэргэжил боловсролоо улс эх орныхоо хөгжилд зориулж, итгэл дүүрэн гэр бүл байж, нийгмийнхээ өмнө хариуцлагатай байхыг нийслэлийн төр захиргааны ажиллагсдын өмнөөс захиж, гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэв.
http://ulaanbaatar.mn/