Хориотой эмийг хоёр компани оруулж ирж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Хориотой эмийг хоёр компани оруулж ирж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ху­далдаалахыг хориглосон ханиадны за­рим эмийг Мон­голд борлуулсаар л байна. Манай ул­сад  сүүлийн жилүүдэд тархинд цус хуралдах, мөн зүрхний шигдээс, огцом цус харвах зэ­рэг өвчлөл ихэссэн. Эд­гээр өвчин нь ханиаданд хэрэглэдэг эмийн нөлөөнөөс үүсдэг болохыг тог­тоосон  байна.   АНУ-ын  Иелийн их сур­гуулийн эрдэмтэд ха­­ниадны үед хамгийн их хэ­рэглэдэг “Колдаур, Мик­сагрипп, Мик­сафлу, Эффект зэрэг эмнүүдийг хүний бие махбодод сөргөөр нөлөөлж байна” гэсэн судалгаа хийсэн байна. Эдгээр эм нь Фенилпропаноламин гид­рохло­рид найрлагатай аж. Харин уг найрлагаас дээр дурд­­­сан өвчлөл үүсэх гол шалтгаан бий болдгийг он­цолсон байна. Миксагриппт л гэхэд па­рацетомол 500  мг, фе­нилп­­ро­паноламин HCI 12мг, хлорфенирамин малеат хоёр мг ордог ба “Өвчин намдаах, ха­луун бууруулах үрэвслийн үед хэрэглэнэ” гэж заасан байдаг. Тэгвэл тус эмийн анхааруулгад “Даралт ихтэй, нүдний даралттай, зургаагаас доош насны хүүхэд, жирэм­сэн, хөхүүл эхчүүд болгоомжтой хэрэглэнэ үү” гэжээ. Мөн Миксафлу нь дээрхи эмтэй найрлагын хувьд ойролцоо ба гурван хоногоос дээш хэрэглэж болохгүйг анхааруулсан байдаг. Эрдэмтэд тус эмнүүдийг хэрэглэсэн, мөн харвалт өгсөн өвчтө­нүүдийн дунд судалгаа явуулсан бөгөөд дээрх эмийг хэрэглэснээс хойш ердөө гурван өдрийн дараа л цус харвалтын эрсдэл нэмэгддэг болохыг тогтоосон гэнэ. Үүнээс үүдэж уг ханиадны эмүүдийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэглэхийг хориглоод байгаа аж. Тиймээс  Америкийн Нэгдсэн Улсын Хүнс Эмийн агентлаг энэхүү найрлагыг агуулсан эм, эмийн бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоод зогсохгүй бүр нэн даруй устгахыг борлуулагч компаниудад даалгажээ. Өөрөөр хэлбэл тус орны зах зээлээс Колдаур, Миксагрипп, Миксафлу, Эффект зэрэг эмүүд бүрмөсөн устжээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР ХУРААМЖ АВСАНДАА БАНТАВ УУ?

Дэлхийн эрүүл мэндийн хамгийн том төв нь дээрх эмийг хориглочихоод байхад манай оронд хараа хяналтгүй дураараа зарж, дуртай үедээ амталж байна. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Эрүүл мэндийн газар импортлосон болон дотоодод үйлдвэрлэсэн эмийн бүтээгдэхүүнд хяналт тавьдаг гэх  нь эргэлзээ төрүүлэх болов. Эрүүл мэндийн газар импортийн нэг эмийн бүртгэлийг гурваас таван жилээр хийдэг аж. Таван жилийн хугацаагаар улсын бүртгэлд бүртгэхдээ 170 ам.доллар авдаг ба эмийн бүртгэлийн шинжилгээ хийхэд буцааж төлөхгүй нөхцөлтэйгээр 50 ам.долларыг урьдчилсан байдлаар авдаг байна. Харин хугацаа нь дууссан эмийн бүтээгдэхүүнийг сунгахдаа 80 ам.доллар, уламжлалт эмийн түүхий эдийг бүртгэхдээ 30 ам.доллар, гэрчилгээний тэмдэгтийн хураамж 12 ам.доллар гээд монгол төгрөгөөр 500-гаад мянган төгрөгийг авдаг аж.

Монголд эм импортлох хууль ёсны эрхээ авчихсан эм ханган нийлүүлэх төвүүд арав гаруй байдаг байна. Үүнээс хэрэглэгчдийн итгэл хүлээсэн гэх нь “Монос”, “MONFA” эм ханган нийлүүлэх төвүүд юм. Гэтэл уг компаниуд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  хориглосон гэх өнөөх ханиадны эмнүүдийг монголд оруулж ирдэг. “MONFA” эм ханган нийлүүлэх төв гэхэд эмийн бүтээгдэхүүнээ Индонезээс импортлодог аж. Эднийх манай улсад ханиадны эмийг хамгийн олон төрлөөр нь нийлүүлдэг компани. Анх Миксагрипп, Миксафлу зэрэг эмийг монголд оруулж ирж байсан. Манайхан ханиад хүрсэн үедээ хамгийн түрүүнд дээрх эмүүдийг хэрэглэдэг. Харин “Монос” эм ханган нийлүүлэх төв Эффект эмийг нийлүүлдэг гэнэ. Тус төвүүдийн мэргэжилтнүүдээс энэ талаар тодруулахад “Эрүүл мэндийн газраас энэ  эмнүүдийг худал­даалахыг хориглох шийдвэр гаргаагүй. Тиймээс бид нийлүүлэлтээ үргэлжлүүлж  байгаа. Тэгээд ч өвчний үед үр нөлөөгөө өгч байгаа учраас уухыг зөвшөөрсөн. Гэтэл одоо яагаад зарж болохгүй гэж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр шийдвэр зарим талаараа цуу яриа төдий зүйл” хэмэсэн юм. Харин Эрүүл мэндийн газар “Хүний биед зохих хэмжээгээр үр нөлөө үзүүлэх бодис тэдгээр эмнүүдийн найрлагад байгаа. Мөн тус эмнүүдийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Эмийн ширхэг ч мөн илүү хэрэглэхээс болгоомжилсон тодорхой тоотой. Тэдгээр эмнүүдээс болж манайд холбоотой ямар нэгэн өвчлөлийн тохиолдол бараг бүртгэгдээгүй”  гэсэн юм. Гэтэл хү­ний эрүүл мэндэд эдгээр эмнүүдийн найрлага хэр хортойг эрдэмтэд туршилт, шинжилгээгээр тогтоосныг дээр дурьдсан. Үүнийг Эрүүл мэндийн газар, импортлогч компаниуд  сайтар мэдэж байгаа нь лавтай. Гэвч цаанаа ямар нэгэн ашиг сонирхол байх вий гэдэг нь сэтгэл сэрдхийлгэмээр.

Иргэдээс эдгээр эмнүүдийн талаар асуусан юм.  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн 54 настай Я.Цэмбэл “Ханиад тусахаар ихэвчлэн Миксагрипп уудаг. Би даралт ихтэй болохоор уусан үед зүрх жаахан дэлсээд байдаг юм. Хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдэг юм бол мэдэхгүй” гэв. Уншигч та Колдаур, Миксагрипп, Миксафлу, Эффект зэрэг эмийг эмийн сан болгонд зардаг шүү дээ. Яагаад зөвхөн тэр хоёр компанийг дурьдаад байгаа юм болов оо гэж гайхаж байж магадгүй. Учир нь тухайн эм импортолсон компаниуд авч ирсэн эмнүүдээ харилцан солилцдог гэнэ. Дашрамд дурьдахад эмийн санчид “Амбулторын их эмч нар эмийн сангийн нэр зааж эмийн жор бичдэг. Энэ нь өнөөх янз бүрийн зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эмүүд худалдаалахад хүрч байна. Ингэж байгаа нь албан ёсны зөвшөөрлөө авч дөнгөж үйл ажиллагаагаа явуулж буй эмийн сангуудад хүндээр нөлөөлж байна” гэж гомдоллосон.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газар нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн зургаадугаар зүйлийн “Чанарын баталгаажуулалт” 6.2.4 дэх заалтыг 2011 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан импортлогч аж ахуйн нэгж байгууллага болон үндэсний эмийн үйлдвэрүүдийн эм, эмнэлгийн хэрэгс­лийг баталгаажуулалтад хам­руу­лан тохирлын гэрчилгээ олгож байгаа аж. Энэ хүрээнд тус газар 11 дэх хурлаа хийж баталгаажуулсан эмийн жагсаалт гаргажээ. Үүнд салбар зөвлөлийн эм судлалын комисс 276 эмийг хэлэлцэж 163-ийг нь зөвшөөрсөн аж. Гэтэл энэхүү зөвшөөрсөн эмнүүдийн нэрст дээрх ханиадны эмнүүд байхгүй байгаа нь сонирхолтой.

Эрүүл мэндийн газар дээрх компаниудад зөвшөөрөл олгоод мөнгө авсандаа бантсан уу, аль эсвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэдний хэлснээр цуу яриа гаргасан уу…

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж