Каддафийг өнөөдөр оршуулна

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Каддафийг өнөөдөр оршуулна

Ливийн удирдагч агсан хурандаа Муаммар Каддафийг босогчдын гарт амь
үрэгдсэнээс хойш таван хоногийн дараа буюу өнөөдөр оршуулахаар болжээ.
Сирт хотод толгойдоо буудуулж үхсэн дарангуйлагчийн цогцсыг Мисрата
хотын махны захын хөргүүрт хадгалж, Ливичүүдэд үзүүлж байсан юм. Тэнд
Каддафийнхаас гадна түүний хүү Мутассим, Батлан хамгаалахын сайд байсан
Абу Бакир нарын цогцсыг үзэхээр Ливичүүд дугаарлан зогсч байжээ.
Хурандаа Муаммар Каддафийн эхнэр НҮБ  болон Олон улсын “Amnesty
International” байгууллагаас нөхөр,  хөвгүүдээ Исламын ёсоор оршуулахын
тулд цогцсыг гэр бүлийнхэнд нь эргүүлэн өгүүлэхэд Ливийн түр засгийн
газарт нөлөөлөхийг хүссэн захидал илгээсэн юм.

Харин Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч Каддафийг мягмар
гаригт буюу өнөөдөр оршуулна гэж мэдэгдсэн байна. Өчигдөр Ливийн
Шилжилтийн үндэсний зөвлөлийн тэргүүн Мустафа Абдул Жалил дарангуйлагч
Каддафийн цогцсыг гэрийнхэнд нь эргүүлэн өгөх асуудлаар зөвшилцөлд
хүрсэн гэж хэлсэн байна.  Тэд харин Каддафийг хаана, хэзээ оршуулах
талаар нарийн мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Каддафийн үхлийн шалтгааныг
тогтоох мөрдөн байцаалт явуулахыг НҮБ болон хүний эрхийг хамгаалах
“Human Rights Watch” уриалсан билээ. Цогцсонд шинжилгээ хийсэн эмч
түүнийг толгойдоо буудуулж нас барсан гэсэн дүгнэлт гаргасан. Харин
“Human Rights Watch” энэ тайлбарыг хангалтгүй гэж үзэж байгаа юм.
Муаммар Каддафийн вэб сайт “Seven Days News” түүний сүүлчийн
гэрээслэлийг нийтэд дэлгэсэн байна. Каддафитай хамгийн сүүлд хамт байсан
гурван хамаатан нь гэрээслэлийг нь сонссон ажээ. Тэдний нэг нь
босогчдын гарт алуулж, нөгөө нь баривчлагдсан байна. Харин гурав дахь нь
Сирт хот дахь сөргөлдөөний үеэр зугтааж чадсан ажээ.

Ливи хэл дээрх түүний гэрээслэлийг хөрвүүлбэл "Муаммар бин Мохаммед бин
Абдусалам би Хумаид бин Абу Маниар бин Хумаид бин Наил аль Фуши Каддафи
миний гэрээслэл. Аллахаас өөр бурхан байхгүй гэдгийг би андгайлъя.
Тиймээс би Мусульман хүний ёсоор үхэх болно. Би бусдын гарт алуулах
байлаа ч цогцсыг минь мусульман хүний ёсоор өмссөн хувцастай, биеийг
минь угаалгүй, Сирт хотод гэр бүл, ах дүү нарын минь хажууд оршуулахыг
хүснэ. Намайг үхсэний дараа миний гэр бүл, ялангуяа эхнэр хүүхдүүдэд
минь хүн ёсоор хандахыг хүснэ. Ливийн ард түмэн өвөг дээдэс,
баатруудынхаа ялалт, бахархал, амжилт, үндэсний эв нэгдлээ хамгаалж
үлдэх ёстой. Би өөрийн дэмжигчдийг  гадаадын түрэмгийлэгчдийн эсрэг
тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалж байна” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж