Поль Бийяг тав дахиа ерөнхийлөгч болгохоор шийдлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Поль Бийяг тав дахиа ерөнхийлөгч болгохоор шийдлээ

Камеруны Дээд шүүх тус орныг 1982 оноос хойш захирч байгаа ерөнхийлөгч Поль Бийя энэ сарын 9-нд явагдсан төрийн тэргүүний сонгуульд ялсан гэх шийдвэрийг гаргалаа. Өнгөрсөн до­лоо хоногийн сүүл­чээр сонгуулийн дүнг хү­чингүй бол­го гэсэн сөрөг хүч­ний шаардлагыг шүүх буцаасан юм. Сон­гуульд оролцсон 23 нэр дэвшигчийн авсан саналын дүнг хожим зарлана. Сонгуульд ийт 7,5 сая камерончууд саналаа өгчээ. Одоо 78 настай Бийя Камеруныг 29 жилийн турш захирч байна.  Үндсэн хуулиар нь бол нэг хүн долоон жилээр хоёр удаа сонгогдох ёстой. Бийя эрх баригч “Камеруны ард түмний ардчилсан нэгдэл” намыг толгойлдог. Тус орон 1960 онд тусгаар тогтносноос хойших 11 дэх удаагийн сонгуульд Бийягийн гол өрсөлдөгч нь “Социал-демократ фронт”-ын лидер Ни Жон Фру Нди байв. Тэрээр тус орны англи хэлтэй өмнөд хэсгийнхний хүчтэй дэмжлэгтэй бөгөөд 1997 болон 2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байв. Сүүлийн сонгуульд тэрээр 17 хувийн, Бийя 70 хувийн санал авч байлаа.

Энэ жилийн сонгууль нэлээд дуулиантай болсон гэж үзэж байгаа. Тус орны эдийн засгийн нийслэл гэх Дуале хотноо зэвсэгт дайчид буудалцаан гарган үймээн дэгдээхээр оролдсон. 2008 онд тус оронд олон нийтийн хүчтэй эсэргүүцэл гарсныг эрх баригчид хүч түрэмгийлэн дарсан. Эсэргүүцэгсэд өнөөгийн ерөнхийлөгчийн тасралтгүйгээр эрх барьж буйг эсэргүүцсэн юм.

Камерун нефтиэр баян орон бөгөөд энд хөдөө аж ахуй эрхлэх нөхцөл нь бусад орнуудынхаас харьцангуй сайн. Бичиг үсэгтэй хүмүүс нь хүн амын 70 хувь болж байгаа нь Африктаа хамгийн өндөр үзүүлэлтийн нэг.  Гэхдээ ажилгүйдлийн өндөр төвшин, нийгмийн эд хөрөнгийн хувиарлалтын давхрагууд их зэрэг асуудалтай. Энд өнөөгийн ерөнхийлөгчийг ихээхэн буруутгадаг. Бийяг франц хэлтэй хүн ам нь дэмждэг бөгөөд англи хэлтэй өмнөд нутгийн цөөнхийг улс төрийн амьдралд оролцуулдаггүй гэж шүүмжилдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж