Хил хязгааргүй зэр зэвсэг

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Хил хязгааргүй зэр зэвсэг

Египет, Йемен, Ливи, Бахрейн ба Си­рийн “Арабын хаврын” эсэргүүц­лийг  дарахад ашигласан зэвсгийг Орос, АНУ, Их Британи, Франц нийлүүлсэн гэж хүний эрхийн Amnesty International олон улсын байгууллагын зэвсгийн наймааны тухай шинэ илтгэлд тэмдэглэжээ. Зэвсэглэлийн экспортын тухай олон улсын хэлэлцээрийг  эргэн харж, хүний эрхийг зөрчигч дэглэмүүдэд зэвсэг худалдахыг хориглох хэрэгтэй хэмээн хүний эрхийн төлөө тэмцэгчид үзэж байна. Ойрхи Дорнодын олон нийтийн эсэргүүцэл гарахын өмнө АНУ, Европын орнууд болон Орос авторитар дэглэмүүдэд зэвсгийн томоохон нийлүүлэлт хийсэн. Тэр зэвсгийг “Арабын хавар” гэж нэрлэгдсэн олон нийтийн эсэргүүцлийн үеэр сөрөг хүчний эсрэг хэрэглэсэн гэж хүний эрхийг хамгаалах Amnesty International байгууллагын “Ойрхи Дорнод ба Хойд Африкт зэр зэвсэг нийлүүлсэн нь: Зэвсгийн наймааны тухай гэрээг хэрхэн үр дүнтэй болгох вэ” нэртэй тусгай илтгэлд тэмдэглэжээ. Хүний эрхийн төлөө тэмцэгчид Бахрейн, Египет, Ливи, Сири, Йеменд 2005 оноос хойш нийлүүлсэн зэвсгийн экспортод судалгаа хийн ийм дүгнэлт гаргажээ.

“Ойрхи Дорнод ба Хойд Африкийн ард түмний тэмцэлтэй эв санааны нэгдлээ илэрхийлж байсан Засгийн газрууд саяхан болтол олон мянган тайван жагсагчдыг хөнөөж, зэрэмдэглэсэн Тунис,  Египет мэтийн орнуудад  зэр зэвсэг, сум хэрэгсэл, цэргийн болон цагдаагийн техникийг нийлүүлж байв. Одоо тэр зэр зэвсгийг Сири, Йемен хүчний байгуулагынхнаа зэвсэглэхдээ идэвхтэй ашиглаж байна” хэмээн  Amnesty International байгууллагын зэвсэглэлд тавих хяналт хариуцсан шинжээч Хелен Хьюз илтгэл нийтлэгдэхийн өмнө мэдэгджээ. “Арабын хавруудын” орноос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд бүрэн хэмжээний хориг арга хэмжээ зөвхөн Ливийн эсрэг авсан юм. Шинжээчдийн үнэлгээгээр энэ хориг арга хэмжээний улмаас Орос гэхэд л алдагдсан ашиг болон гүйцээгдээгүй гэрээнийхээ улмаас дөрвөн тэрбум ам.долларын алдагдал амсчээ. Amnesty International зэвсгийн экспортын одоо хүчин төгөлдөр олон улсын гэрээг эргэн харж шинэчлэх ёстой гэж үзлээ.  “Судалгааны үр дүнд зэр зэвсгийн экспортод тавих хяналтын үйлчилгээтэй механизм нь хуулийн цоорхой ихтэй, бүрэн хангалтгүйг харууллаа. Хүний эрхийг хамгаалах бүх талыг тооцоолсон зэвсгийн наймааны тухай үр дүнтэй олон улсын шинэ гэрээг бий болгох шаардлагатайг энэ судалгаа харуулж байна” хэмээн Хьюз тэмдэглэв. Илтгэлд нэрсийг нь гаргасан таван оронд зэр зэвсэг нийлүүлэгч гол орнуудаар Австри, АНУ, Бельги, Болгар, Герман, Итали, Их Британи, Орос, Франц,Чех нэрлэгдлээ. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн тайван жагсаалыг тараан дарахад хүчний байгууллагынх нь идэвхтэй ашиглаж байгаа зэвсгийн нийлүүлэлт өнөөдөр ч Йеменд үргэлжилсээр байна.

Сирид нийлүүлж байгаа зэр зэвсгийн тухай мэдээлэл цуглуулах нь “зөвхөн хэдхэн Засгийн газар Сиритэй зэвсгийн наймааг хийж буйгаа хүлээн зөвшөөрснөөр” хязгаарлагдаж буй учир ээдрээтэй байгаа ажээ. Гэхдээ Сирид зэвсэг нийлүүлэгч том түнш нь Орос юм. Amnesty International-ийн илтгэлээр Оросын зэвсгийн наймааны 10 хувь нь энэ орных гэнэ. Энэ жилийн наймдугаар сард  “Рособоронэкспорт” компанийн тэргүүн Анатолий Исайкин  тайлбарлахдаа НҮБ-ын хориг арга хэмжээ гартал Орос гэрээний биелүүлэлтээ гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн юм. Тэрээр Дамаскт ямар зэвсэг нийлүүлж байгааг дэлгэж тавиагүй. Өнгөрсөн жил Орос мэдэгдэж байснаар байлдааны МиГ-29, өөрөө явагч зенитийн пуужинт их бууны “Панцирь-С1” цогцолбор, сургалтын нисэх онгоц Як-130 зэргийг нийлүүлэх сонирхолтой байв. Мөн Москва Дамаскт С-300 ба “Искандер” системүүдийг худалдаж магадгүй гэсэн мэдээ байдаг. Гэхдээ энэ төлөвлөгөөнүүд хэзээ ч албан ёсоор батлагдаж байгаагүй юм.  Amnesty International байгууллагын мэдээгээр Ливийн Мауммар Каддафийн дэглэмд зэвсэглэл нийлүүлэхийг  сүүлийн зургаан жилийн дотор Бельги, Их Британи, Герман, Испани, Итали, Орос ба Франц зэрэг арван орны Засгийн газар дэмжсэн гэжээ. Тус байгуулагын төлөөлөгчдийн Ливиэс илрүүлсэн хүнд зэвсгийн ихэнх нь Зөвлөлтийн үйлдвэрлэлийнх байсан бөгөөд хоёр тал “Град” гэх бөөнөөр буудах пуужингийн төхөөрөмжийг өргөн ашиглаж байжээ. Хосни Мубаракийн дэглэм 1970-аад оноос АНУ-ын стратегийн түншүүдийн нэг болсон. Тиймээс АНУ жилдээ 1,3 тэрбум ам.долларын зэвсэг худалдаж байлаа. АНУ-аас гадна Австри, Бельги, Болгар, Итали, Швейцари зэрэг орнууд Каирт зэвсэг худалдаж байв. Бахрейн хувьд хүний эрхийн төлөө тэмцэгчид тэнд буудлагын зэвсэг хэрэглэн хүний аминд хүрч байсныг тэмдэглэжээ. Наймдугаар сарын сүүлчээр Оросын Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээнээс иш татан  Bloomberg мэдээлэхдээ Москва Бахрейнтай АК-103 автомат нийлүүлэх гэрээ байгуулсан, наймааны үнэ нь хэдэн арван сая ам.доллар гэсэн байв.

Зэвсгийн экспортын өнөөгийн  үйлчилгээтэй гэрээ  төгс биш байгааг хүний эрхийн төлөө тэмцэгчид  онцолж байна. “Дэлхий хэмжээнд нийлүүлэгдэхээр төлөвлөсөн зэвсэг бүрийн нарийн үнэлгээ  шаардлагатай байна. Нийлүүлэгдсэн зэр зэвсэг нь  хүнийг эрхэд бүдүүлгээр халдахад ашиглах гэсэн ноцтой аюул гарсан нөхцөлд Засгийн газар нь тэр даруйд нь нийлүүлэлтээ зогсоох ёстой” хэмээн Хьюз сануулж байна. Дараагийн жилийн эхээр НҮБ-д сэргээгдэх зэвсгийн наймааны тухай гэрээ боловсруулах төсөлд тийм “алтан журмыг” суулгаж өгнө гэж тэрээр хэлэв. Гэхдээ хүний эрхийн төлөө тэмцэгсэд тийм зарчмыг зэвсгийн том наймаачид зөвшөөрнө  гэдэгт эргэлзэж байна. “Зэвсгийн экспортлогчид “алтан журмыг” зөвшөөрөлгүйгээр наймаагаа үргэлжлүүлэн энэ жил Ойрхи Дорнод ба Хойд Африкт ажиглагдсан шиг хүний эрхийн хямралыг гүнзгийрүүлэх магадлалтай. Тийм хандлага нь хүмүүсийн амьдрал болон даяарчлалын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй” гэдэгт Хьюз итгэлтэй байгаа ажээ. Улс орны сонголт ба илтгэлийн дүгнэлт маргаантай байна гэж Оросын нийгэм, улс төрийн төвийн захирал бөгөөд цэргийн шинжээч Владимир Евсеев дүгнэв. “Энэ бүс нутагт хүний эрх  энд тэндгүй зөрчигдөж байна. Хүний эрхийг  зөрчөөд байгааг хэн тогтоох вэ? Саудын арми гэхэд л дотоодын үймээн самууныг дарах зориулалттай. Тэнд үймээн гарсан” хэмээн шинжээчид хэлэв. Түүний хэлснээр бүс нутгийн зэвсэг импортлогч хамгийн томоохон орнууд  нь Саудын Арави, Алжир хоёр бөгөөд эдгээр оронд хүний эрхийг зөрчиж байна гэж Засгийн газрыг нь нэг биш удаа шүүмжилж байсан. Тэд АНУ, Их Британи, Францаас зэвсэг худалдан авдаг. Гэтэл эдгээр орнуудыг жагсаалтад оруулаагүй нь судалгаа өрөөсгөл байгааг үзүүлж байна хэмээн шинжээч тэмдэглэжээ. Хүний эрхийн төлөө тэмцэгсдийн илтгэлийг өнгөрсөн пүрэв гаригт албан ёсоор танилцуулсан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж