Ажил байгаа ч хөдөлмөрлөх хүн алга

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Ажил байгаа ч хөдөлмөрлөх хүн алга

Өвөрхангай аймгийн Хархорин суманд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн үйл ажиллагаатай УИХ-ын дэд дарга Г.Батхүү танилцлаа. Хархорин сумын оршин суугчдад түлшний модны хэрэгцээгээ хангана гэдэг бэрх аж. Ер нь ганц энэ сум ч биш Арвайхээрт түлшний асуудлыг шийдвэрлэхэд багагүй хүндрэл учирдгийг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн хэлж байв. Иймээс орон нутгийн удирдлагууд модны захуудыг дэмжиж, гэрээ байгуулан иргэдийн түлшний хэрэгцээг хангах арга хэмжээ авч эхэлжээ. Хархорин сумын модны захын эзэн Ч.Дамдиндорлиг ийм гэрээний дагуу 25 кг-ын нэг шуудай модыг 2000, 16 шоо метр буюу нэг машин модыг 800 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Бат-Өлзий сумаас бэлтгэсэн модыг 120 гаруй мянган төгрөгөөр авч, тээвэрлэлтэд 300 мянгыг зарцуулдаг юм байна. Иймээс Хархоринд борлуулах үнийг 800 мянган төгрөгөөр тогтжээ. Үүний зэрэгцээ нүүрсээ шигшин борлуулж, хаягдлаар нь шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ сумынхаа найман ахмад настанд нүүрсний хаягдлаа үнэгүй өгч, шахмал түлш хийж ирвэл борлуулж өгөхөөр тохирчээ. Хэрэв мод бэлтгэх, нүүрс  шигших зэрэгт хүн ажиллуулбал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “олон нийтийг хамарсан ажил” хэмээх шалгуураар олгодог өдрийн 9000 төгрөгийн цалинг өгөх бололцоотой хэмээн аймгийн Засаг дарга хэллээ. Энэ дэмжлэг зургаан сарын хугацаатай агаад Модны захын эзэнд тун ч хэрэгтэй нь гарцаагүй юм.

Хархоринд вакум цонхны үйлдвэр нээсэн “Шунхлайн элбэрэл” ХХК-ийн захирал Т.Санжидмаа нэг бэрхшээлийг УИХ-ын дэд дарга Г.Батхүүд дуулгасан. Сард 350 мянган төгрөгийн цалинтай, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлнө, өдөрт хоолыг нь даана гээд байхад л ажиллах хүн олддоггүй гэнэ. Улаанбаатараас мастер багш авчирч цонх үйлдвэрлэх сургалт явуулсан боловч мөн л суралцахыг хүсээгүй байна. Уг нь эднийх Орос бэлдцээр үйлдвэрлэл явуулдаг “Цонх констракшн” компаниас материалаа авч, хотын захын ханшаар борлуулдаг аж. Иймээс эрэлт хэрэгцээ их гэнэ. Өнгөрөгч зун гэхэд л 100 гаруй цонх захиалгаар үйлдвэрлэсэн бол сүүлийн хэдэн өдөрт 40 гаруй цонхны захиалга иржээ.

Зөвхөн энэ үйлдвэр ч биш Өвөрхангай аймгийн хэмжээнд зам, барилга дээр ажиллах хүн олдохгүй байгаа гэсэн хачирхалтай мэдээг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Хархорин сумын Засаг дарга Г.Нямдулам нар дуулгалаа. Хархорин-Хужиртын зам дээр, мөн төмс ялгахад өдөрт 10 мянган төгрөгөөр цалинжуулна гэсэн боловч ажиллах хүн олдоогүй байна. Харин шинээр баригдаж байгаа цэцэрлэгт туслах багш, харуулаар ажиллахаар 100 гаруй хүн бүртгүүлснийг “бие амар, хөнгөн ажил хийж, боломжийн цалин авах” сонирхолтой хүн олон байгаагийн илрэл хэмээн тэд дүгнэв. Үнэхээр ч УИХ-ын дэд даргыг орон нутагт ажиллах үеэр “ажил олдохгүй хэцүү байна” гэх гомдол залуучуудын дундаас нэлээн гардаг. Тэгсэн хэрнээ Хархорин, Арвайхээр суманд л гэхэд барилга, зам дээр ажиллах хүн олдохгүй байгаад үүнээс өөр тайлбар олдохгүй нь аргагүй.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж