Тавантолгой толгой эргэм их мөнгө гэж үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Тавантолгой толгой эргэм их мөнгө гэж үү?

Засгийн газар сайхан “хоолны нэр” хэлж, иргэд түүнийг нь “сэрээдэнгээ” цадаж эхэлж байна. Энэ бол Тавантолгойн ордын хувьцааг иргэдэд энэ ондоо багтаан тараана гэдэг мэдээ бөгөөд хүмүүс түүнийг нь хүлээн авах дансаа нээлгэхээр гүйлдэж байгаа өнөөдрийн дүр зураг юм.
Хувьцааны IPO хийнэ гэдэг шинэ нэр томьёонд иргэд дасал болж, энэ нь шидэт саваа мэтээр тэдэнд төсөөлөгдөж байна. Тавантолгойн ордын хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр гарган худалдаж их мөнгө олох ба үүнээсээ иргэддээ өгнө гэдэг улстөрчдийн энэ яриа үргэлж мөнгө хүсч байдаг хүмүүсийн сэтгэл санааг цатгаж эхэллээ.

Өмнө нь хүмүүсийг муу муухайгаар айлгаж байгаад “одоо энэ бүхнийг бид өөрчлөөд өгье” гэсэн сонгуулийн тактик үйлчилж байсан юм. Харин ирэх жил сайн сайхнаар сэтгэл санааг нь цатгаж байгаад “одоо л үүнийг та нартаа өгөх гээд байна шүү дээ” гэдэг тактик сонгуулийн үеэр моод болох нь ээ. Сайн сайхан зүйл гэдэг нь монголчуудын хувьд товчхон ойлголтоор “мөнгө” билээ. “Мөнгө” гэдэг нь энэ тохиолдолд Тавантолгой болж хувираад байна.

Тавантолгой үнэхээр мөнгөний бурхан уу?

Мөнгөний бурхан биш ч гэлээ мөнгө болгон хувиргаж болох баялаг юм. Одоогоор 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэгдэж буй уг ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийнх нь үнэлгээ, түүний хувьцааны үнэ ханшийг тогтоох ажил эхлээгүй байна. Олон улсын жишгээр бол иймэрхүү ажилд 2-2.5 жил шаардагддаг ч монголчууд үүнийг нэг жилд багтаана гэж зорьж байгаа юм. Яарч байгаа учраас компанийн үнэлгээ, хувьцааны ханшийг тогтоох зөвлөхийг ч шуурхайлан сонгоод буй нь араасаа хэл ам дагуулаад буй. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хөрөнгө оруулалтын банкаар дөрвөн банкийг товлоод байгаагаас “Дойче” банк, “Голдмэн сакс” нь олон улсын хэмжээнд нэр хүндээ унагасан дуулианд орооцолдоод байна. Дэлхийд танигдсан, нэр хүнд бүхий 16 банк манай талд саналаа илэрхийлснээс чухам ямар шалгуураар хэн тэдгээрээс сонголт хийсэн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ болон УИХ-ын гишүүдэд ч ойлгомжгүй байгаа аж.

 Тавантолгойн ажлын хэсэг гэх Засгийн газарын хэдхэн гишүүн үүнийг шийдсэн гэх таамаглалыг хөндлөнгөөс дэвшүүлж буй бөгөөд хамгийн гол нь яарч буй шалтгаан нь товчхондоо бол сонгууль юм. Энэ удаагийн бүрэн эрхийн хугацаандаа асуудлыг амжиж шийдэх нь олон хүнд амин чухал эрх ашиг гэдэг нь ойлгомжтой. Ирэх сонгуульд “Тавантолгойг иргэдтэйгээ хувааж идсэн хүмүүс” гэдэг сайхан цаасан малгайг тэргүүндээ донхолзуулах хүсэл, сонирхол нь бас цухалзана.

Тавантолгойн ордын дөрвөн хувийг эзэмшдэг “Энержи ресурс” компани корпораци хэлбэрээр Хонгконгийн бирж дээр гарч өөрийн хувьцааны 25 хувиас 650 сая орчим ам.доллар босгосон нь Засгийн газрын татах дуртай жишээ нь болоод байна. Тавантолгойн хувьцаа энэ мэт үнэ хүрнэ, үүнээс илүү гарна гэдэг мессежийг тэд нисгэж байгаа ч Ухаахудагийн уурхай, “Эрдэнэс Тавантолгой” уурхайн үнэ цэнэ одоохондоо огт өөр байдалтай байна. Ухаахудаг дэд бүтцийн асуудлаа шийдэж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа нь хувьцааны үнэ өсөхөд нөлөөлөх хүчин зүйл болж байна. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд бүх зүйл тэг. Чухам ийм үед IPO хийх нь хувьцааны үнийг хямдруулах нөхцөл болно гэдэг санааг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал хэлжээ. “Уурхай бүрэн байдлаар ажиллаж, тодорхой хэмжээний үр өгөөжийг өгдөг болсон цагт  IPO хийх нь сонгодог утгаараа хамгийн үнэлгээ сайтай IPO болдог. Харин бид хамгийн бага ажил хийгдсэн үед нь хамаг хөрөнгөө  зарахаар зэхэж байна” гэж тэрбээр онцолсон байна. Богино хугацаанд мөнгөтэй болох гээд яаруу, сандруу хөдөлснөөсөө болоод Тавантолгойг хямд үнэлэх вий гэсэн түүний болгоомжлол үндэстэй зүйл.

Тавантолгойн ордыг баруун, зүүн Цанхи гэж хоёр хэсэгт хувааж, баруун хэсэг дээр нь стратегийн хөрөнгө оруулагч ажиллуулахаар Засгийн газар нээлттэй тендер зарласан юм. Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерийн санал авах хугацаа нэгдүгээр сарын 31-нд хаагдсан бөгөөд 15 компани, консорциумаас эхний шатанд зургаа нь тунаж үлдээд буй. Эдгээрийн төсөл нь юугаар илүү байсныг ТӨХ, Засгийн газрын ажлын хэсэг, тэрчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс өнөөдрийг хүртэл тайлбарлаагүй. Ордын баруун хэсгийг ашиглах хөрөнгө оруулагчийн алхам нь дэд бүтэц, тээвэрлэлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, Монголын эдийн засагт ямар үр нөлөө өгөх нь тодорхойгүй гэсэн үг. Ийм нөхцөлд тендер шалгаруулахдаа Засгийн газрын баримталсан гол зүйл нь хөрөнгө оруулагчийн зүгээс өгөх урьдчилгаа төлбөрийн хэмжээ л байсан болов уу. Ийм хардлагыг УИХ-ын гишүүд ч илэрхийлж байна. Энэ оны нэгдүгээр сараас иргэн бүртээ тарааж эхэлсэн сар тутмын 21 мянган төгрөгийн эх үүсвэрт Тавантолгойн хөрөнгө оруулагчаас авах урьдчилгаа төлбөр багтаж байгаа юм. Тэгэхээр өмнөх сонгуулиар амласан бэлэн мөнгө, ирэх сонгуульд оноо авчрах хувьцаа зэрэг нь Тавантолгойг яаравчлан шийдэх шалтгаан болж байгаа хэрэг. Тавантолгойн орд бол сонгуулиас сонгуулийн хооронд шийдвэрлэх асуудал биш гэдгийг олон ч эх сурвалж сануулсаар.
 
Тавантолгойн нүүрс дуусашгүй юу?

Үүнээс их нөөцтэй ордууд дэлхий дээр цөөнгүй байх аж. ОХУ-д л гэхэд 100 тэрбум тоннын нөөцтэйгээс 10 тэрбум нь коксжих нүүрс болох Донбассын уурхай өнөөдөр баялаг байхаа больсон гэх. Коксжих нүүрсийг нь сорчлон авч ашигласан уг уурхайн 90 тэрбум нөөцийг хэрхэн ашиглах, яаж үнэ хүргэх нь шийдэл шаардсан асуудал болжээ. Тэгвэл 6.0 тэрбумын ердөө 1.4 тэрбум нь коксжих нүүрс болох Тавантолгойг ийм хувь заяа хүлээгээгүй гэх баталгаа өнөөхөндөө алга байна.

Зүй нь гангийн үйлдвэрийн түүхий эд болох коксжих нүүрс, нөөцийн дийлэнх хувийг нь эзлэх эрчим хүчний нүүрсийг хамтад нь боловсруулж борлуулах арга замыг эрэлхийлэх ёстой аж. Тэр тусмаа ухаж аваад л угаагаад зарлаа гэхэд тийм гайхалтай үнэ хүрэх эд биш нүүрсээсээ яаж илүү их ашиг олохыг бодох ёстой гэх. Нүүрсээ боловсруулж, нэмүү өртөг шингээж, ядахад Сайншандын боловсруулах паркийг ажилтай байлгах арга зам болгохгүй бол Монголын эдийн засагт Тавантолгойн оруулах хувь нэмэр байхгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Хэрэв уг ордоос олсон орлого эдийн засагт шинэ бүтэц бий болгох хөрөнгө оруулалт болж чадахгүй л бол зүгээр нүүрс. Тэр тусмаа хэзээ нэг цагт ухаад дуусах “нүх”. Тэгэхээр Тавантолгойгоос яаж илүү ихийг олох нь хамгийн чухал асуудал. Түүнээс ч чухал нь орлогыг нь зөв зарцуулах явдал. Толгой эргэм их мөнгөний сургийг дуулгаж, мөнгөнд хэзээ ямагт дурладаг баян ба ядуу иргэдийг бялууруулж байгаа Тавантолгой сонгуулиар духдуулах цаасан малгай л биш байгаасай.

                                                                     З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж