Нийтийн эзэмшил дэх ”бүтээн байгуулалт”

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Нийтийн эзэмшил дэх ”бүтээн байгуулалт”

Чингэлтэй дүүрэг таван давхар номын сантай болно. Бүр тавын таван давхар номын сан шүү. Бодвол,  энэхүү номын сан орчин үеийн, хүний тав тухад бүрэн нийцсэн гээд олон сайхан тодотголтой байх нь дамжиггүй. Гэтэл Чингэлтэй дүүргийн удирдлагуудын “бүтээн байгуулалт” гэж нэрлээд буй таван давхар номын санг иргэд нь гомдол,бухимдлаар дүүрэн хүлээж авчээ. Ийм сайхан номын сан барьж өгөх гэж байхад иргэд яагаад бухимдав. Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын орчимд энэ сарын 19-ний шөнө 02:00 цагийн орчим малгайтай цамц өмсч, маск зүүсэн 40 орчим залуу түрэмгийлэн дайрч, хашаа барилаа гэсэн мэдээллийн дагуу очлоо.

“Тэнгис” кино театрын зүүн талд хашаа барьжээ. Барилгын ажлаа аль хэдийнэ эхлээд газрыг экскаватороор ухсан харагдана. Хашаанд дотор барилгын ажлыг гүйцэтгэгч “Жи Ди” /эсвэл “GD”. Учир нь компанийнхаа талаар нууцлан, тодорхой хэлсэнгүй/ компанийн ажилтнууд гэх хүмүүс байх. Энэ компани Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар таван давхар номын санг таван жилийн хугацаанд барих ажээ. Тэдний халти үзүүлсэн зүйлсээс номын сан барих зөвшөөрлийг өнгөрсөн зургаадугаар сарын 17-нд олгож. Захиалагч Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Ц.Алтанцацрал 9911…. гэсэн утасны дугаар, таван давхар номын сангийн зориулалтаар таван жилийн хугацаанд барилга барих зөвшөөрөл, 2011 оны зургадугаар сарын 17-ны 474 тоот захирамж гэх зүйлсийг харж амжлаа. Харин зөвшөөрлийн бичиг баримт үзүүлсэн хүн нь нэр, ямар албан тушаалтай болохоо хэлэхээс эрс татгалзлаа. Харин дээр өгүүлсэн өнгөрсөн лхагва гаригийн шөнө болсон явдлын талаар “Ерөөсөө тийм зүйл болоогүй. Манай компани Чингэлтэй дүүрэгт таван давхар номын санг таван жилийн хугацаанд барих болсон. Гүйцэтгэгч компанийн эрх, үүргийн дагуу хашаа барьж, барилгын ажлаа эхлэхээр ажиллаж байна. Хотын төвөөр хүнд даацын машин явуулах хугацаа заасан захирамжтай. Тэгээд л шөнө ирсэн хэрэг” гэлээ.

Чингэлтэй дүүргийн ард иргэдээ зориулж, таван давхар номын сан барина гэдэг сайхан хэрэг. Тэгсэн хэрнээ заавал нийтийн эзэмшлийн гэгддэг цөөхөн хэдэн газрын нэгийг сонгосон нь ойлгомжгүй. Уг нь НИТХ-ын 2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд баталсан нийтийн эзэмшлийн газар ногоон байгууламж, зам талбай, түүх, соёлын дурсгалт газруудад барилга, байгууламж барихыг хориглосон 180 дугаар тогтоолыг баталсан. Чингэлтэй дүүрэгт Голомт банкны өмнөх талбай, Бэтүб хийдийн баруун талын талбай, Самбуугийн гудамж дагуух ногоон байгууламж, “Тэнгис” кинотеатрын зүүн талбай дөрвөн газрыг нийтийн эзэмшил гэж баталжээ. Баталсан газрынх нь нэг дээр барилга барих нь тодорхой болжээ. Нийтийн эзэмшлийн газар барилга бариулахгүй тогтоол өөрчлөгдсөн юм болов уу гэтэл хэвээр байгаа сурагтай. Харин тэгтэл “Жи Ди” компанийнхны “мэргэн үг”-ээр бол нийтийн эзэмшлийн газар нийтэд зориулсан номын сан баривал тэр 180 дугаар тогтоол хамаарахгүй юм байх аа.

“Дүрмийг зөрчих гэж гаргадаг” гэдэг үг байдаг. Түүнийг л хэлээд байгаа бололтой. Ингээд “Жи Ди”-гийнхний яриагаар барилга барих нь зөв болов. Хэрэгт дурлаад “Тэнгис” кино театрын дэд захирал Ц.Очирхуягтай уулзаж, болж буй үйл явд­лын талаар тод­рууллаа. Гэтэл “Бид өмнө нь энэ талбайг тохижуулж, хүү­хэд залууст зо­риулсан цэцэр­­лэгт хү­рээлэн болгох санал удаа дараа та­вихад нийтийн эзэмш­лийн га­зар, ямар нэгэн байгууламж ба­риулахгүй гэдэг байсан. Тэгтэл одоо номын сан барина гээд хашаа хатгачихлаа. Бид холбогдох албаны хүмүүст албан бичиг хүргүүлсэн. Харин ч үүнийхээ хариуд загнуулахад хүрээд байна. Сүүлдээ бүр нийтийн эзэмшлийн газрыг ингэж хамгаалах нь зөв үү, буруу юу гэж эргэлзэхэд хүрээд байна” гэлээ.

Саяхан Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Ч.Очир гэх эрхэм ирээд “Та нар бүтээн байгуулалт хийхэд битгий саад болоод бай” гэсэн загнасан гэж Ц.Очирхуяг ярьж байлаа.  Харин энэ талаар дээр дурдсан нэрээ хэлдэггүй эрхэм “Тэнгисийнхэн энэ талбайд өөрсдөө барилга барихаар төлөвлөсөн байх. Тэгээд номын сан барина гэдгийг ч мэдэхгүй баахан хэл ам хийсэн. Холбогдох албаны хүмүүс нь ирж, зөвшөөрөл, бичиг баримтыг үзүүлснээр аргагүй эрхэнд чимээгүй болсон” гэж ярина лээ. Өмнө нь “Тэнгис” кинотеатрын удирдлагуудад 2011 оны дөрөв­дүгээр сарын 7-нд баталсан Нийс­лэлийн засаг даргын 296 дугаар за­хи­рамжийн хуулбар нь иржээ. Нэг, 17, хоёр, дөрөв гээд энд тэндээс хэ­рэгтэй гэснийг түүгээд авчихсан мэт “сонин” захирамж байна. Энэ та­лаар албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч харамсалтай нь, бүтэлгүйтэв.

Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга нь гадаад явсан. Хариуцсан мэргэжилтэн нь гэж зааж өгсөн газар зохион байгуулагч нь ”мэдэхгүй” гэх. Бас л мэдэж байх учиртай гэж заасан Нийслэлийн газрын албаны Чингэлтэй дүүргийг хариуцсан Д.Сугарыг “гадуур хурал­тай” гэсэн бүтэл муутай тайл­барууд угтсан учир албаны эх сурвалжийн тайлбарыг энэ удаад хүргэж чадсангүй. Ямартаа ч энэ өдөр хуралтай байсан гэх Чингэлтэй дүүргийн засаг дарга Б.Ганболд дараа асуултад хариулт өгнө гэсэн болохоор үргэлжлүүлэн мэдээлэл хүргэх боломж олгох байх гэж найдаж байна.

Харин Чингэлтэй дүүргийн иргэ­дийн ихэнх энэ талаар огт мэдээгүй байна. Таван давхар номын сан баригдаж байгаа талаар сураглахад “худалч” нэр зүүх шахлаа. Албаны хүмүүс ч ийм номын сан баригдах гэж байгааг сонсоогүй бололтой юм. Номын сан баригдах байгаа сургийг сонссон зарим хүн “Номын сангийн нэрээр үйлчилгээ байгууллага баригдана биз дээ. Хэрвээ хууль дүрмийн дагуу таван давхар номын сан барих гэж байгаа юм бол өдийд бөөн “шоу” болж баймаар. Чимээгүйхэн хашаа барьж байгаа нь нийтийн эзэмшлийн газрыг өөрийн болгох гэсэн хэсэг хүмүүсийн арга биз” гэсэн бухимдангуй “онош” тавив.

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж