”Нэг сая төгрөг тараалаа гээд ЭЗ хөрөхгүй, халахгүй”

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

”Нэг сая төгрөг тараалаа гээд ЭЗ хөрөхгүй, халахгүй”

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн дарга С.Дэмбэрэлтэй уулзаж ярилцлаа.

-2012 оны  Монгол Улсын төс­вийн төслийг та олж харсан л биз дээ. Цалин тэтгэврийн нэмэгдэл, сая саяын өглөг, буян үйлдэх үрэлгэн төсвийн хар гайгаар эдийн засаг хэрхэн хямрах бол гэсэн эмзэглэл олон нийтэд байгаа?

-Үрэлгэн, өглөг хишиг нь хэтэрсэн төсөв болчихлоо гэсэн янз бүрийн шүүмжлэл сонсогдож л байна. Би харин үүний эсрэг байгаа.  Тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар, тэгэхдээ ялгавартайгаар, бага тэтгэвэр авдаг хүмүүст  арай илүү, их тэтгэвэр авдаг хүмүүст нь арай бага гэх зэргээр тэнцвэржүүлэх маягаар асуудалд хандаж байгааг би зөв гэж үнэлж байна.  Тэтгэвэр, тэтгэмж нэмлээ гээд инфляци өсөхгүй. Үүнд би 100 хувь итгэлтэй байгаа. Харин төрийн албан хаагчдын цалинг компаничилж нэмэхийг эсэргүүцэж байгаа. Үүнээс болж инфляци өсч магадгүй. Ийм асуудлаас болж өссөн инфляцийг үйлдвэрчний эвлэлийн инфляци гэж нэрлэдэг юм. Би С.Ганбаатарыг  шоглож байгаа юм биш шүү.  Цалинг нэмэх асуудалд мань хүний оролцоо байсан байх.  Засгийн газар гурван талын хэлэлцээрийн дагуу цалин нэмлээ гэж яриад байна лээ. Манай танхим цалин нэмээч гэж Засгийн газартай ямар ч хэлэлцээр өрнүүлээгүй шүү дээ. Үйлдвэрчний эвлэлийн инфляцийн горыг хэн мэдэрдэг вэ гэхээр жижиг дунд үйлдвэрүүд.  Цалингийн өсөлтөөс болоод жижиг дунд үйлдвэрүүд хэцүүхэн байдалд ордог. Цалингаа нэмье гэхээр ажилтнуудаасаа халах хэрэгтэй болно. Нэг ажилтнаа халаад нөгөө ажилтныхаа цалинг нэмлээ гэхэд үйлдвэрийнх нь хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлдэг.  Үүнээс болоод нийт эдийн засгийн идэвх ерөнхийлдөө сулардаг юм. Үрэлгэн төсөв болсон уу гэвэл болсон. Үүнийг хэрхэн зохицуулах нь Монголбанкны мөнгөний бодлогоос хамаарах учиртай. Манай Монголбанкны мөнгөний бодлого дэндүү явцуу. Төв банк нь Засгийн газраа эдийн засаг тэллээ гээд буруутгаад байдаг, эдийн засгаа тэлэлтээс хамгаалж, инфляцийг тогтворжуулж байна гээд  авч байгаа арга хэмжээ нь үнэндээ эдийн засгийг сайжруулах биш саармагжуулах тал руугаа оруулж байна.

-Хөгшид болоод хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгохыг та зөв гэж бодож байна. Бэлэн мөнгө тарааснаар эдийн засаг сульдаж магадгүй юм биш үү?

-Яадгийм, зөв. Хөгшид, хөгжлийн бэрх­шээлтэй иргэдэд нэг сая төгрөг тараалаа гээд Монгол Улсын эдийн засаг хоосорчихгүй. Нэг хэсэг нэг сая төгрөгийнхөө талыг ходоодондоо хийнэ биз. Нөгөө хэсэг нь өр зээлээ дарна биз. Үлдсэн нь нийлүүлж байгаад нэг юм авна биз. Зарим нь хагас хугасыг нь хадгаламж болгоно байх.  Хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  мөнгө өглөө гээд буруудах зүйл байхгүй. Нэг хэсэг эрэлт л нэмэгдэнэ биз. Ингэлээ гээд эдийн засаг сульдаж муудаад байх явдалгүй гэж дүгнэж байгаа. Хөгшдөд нэг сая төгрөг тараалаа гээд эдийн засаг хөрөхгүй бас халахгүй. ОУВС-гийнхан эдийн засаг халалттай байна гэдэг. Хаана халж байгаа юм бэ. Харин хөрөлттэй байгаа юм биш үү. Иргэдийн халаас хоосон, ажилгүйдэл, ядуурал их, жижиг дунд үйлдвэрүүд нь чагтан баланстай байхад яагаад эдийн засаг халчихсан байх билээ дээ.

-Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрлээ гэж эрх баригчид зарлаад байгаа. Ирэх жил нэг монгол хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.доллар болно гэсэн тооцоо гаргасан. Гэтэлд  бодит амьдралд дээр иргэдийн амьдралд төдийлөн өөрчлөлт ороогүй л байна шүү дээ. Иргэд мөнгөгүй, ажилгүй ядуу хэвээрээ л байна?

-Яг үнэн. Энэ асуудалд эрх баригчид арай өөрөөр хандах хэрэгтэй байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүн 17 хувьд хүрлээ гээд иргэдийн амьдралд юу наалдсан юм бэ? Юу ч наалдаагүй шүү дээ.  Ажилгүйдэл, ядуурал байсаар л байна. Уг нь дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрлээ гэхэд иргэд үүнийг эхлээд мэдэрсэн байх ёстой. Миний амьдралд ийм өөрчлөлт орсон юм чинь, улсын эдийн засаг ийм хувьтай байх нь аргагүй гэсэн  бодлыг төрүүлэх хэрэгтэй. Бид тоон үзүүлэлт биш чанарыг хөндөх ёстой болж. Эдийн засгийн энэхүү 17 хувийн өсөлт хэр чанартай юм, үнэхээр иргэдэд наалдацтай байж чадах уу гэдгийг бодолцох шаардлагатай болж. Хятадын эдийн засаг асар хурдацтай хөгжиж байгаа. Гэтэл тус улс өнөөдөр тоон үзүүлэлтээсээ илүү  чанарт анхаардаг болжээ. Эдийн засгийн өсөлтийн үр ашгийн хүрээнд иргэдийн амьдрал хэр сайжрав гэдгээ чухалчлах болсон байна лээ. Монголчууд бол уул уурхайн баялагтаа хэт их найдаж байна  л даа. Нэг үгээр хэлбэл, манайхан уул уурхайн дэмийрэлд орчихсон. Нөгөө Голланд өвчнийх нь шинж тэмдэг аль хэдийнэ илрээд эхэлчихсэн байна шүү дээ.  Уул уурхайгаас бусад баялаг бүтээх салбарууд нь ямар ч үнэ цэнгүй болчихсон. Баялаг бүтээх салбарын ажилчдын цалин бага.  Гэтэл баялаг бүтээх салбарт ажлын байр байгаад байдаг, ажиллах хүн олддоггүй. Энэ эдийн засгийн бодит өсөлтийн үр дүн мөн үү гэдгийг ч бодох ёстой. Түүнээс биш, алт, зэс нүүрсээ зараад олсон мөнгөө эдийн засгийн өсөлт хэмээн тоон ухагдахуунаар тооцоолж эндүүрэх хэрэггүй байх. Манайхны толгой бүр эргэчихсэн байгаа нь надад анзаарагддаг. Бүгд л том, том тоо ярьсан хүмүүс.  Тэр тоо нь амьдралд очоод наалдсан юм байхгүй.  Дундаж давхрагийнхан нь бүх ачааг нуруундаа үүрчихсэн. Нэг л эвгүй гишгэвэл ядуусыг эгнээ рүү хөл алдчихаж магадгүй л дүр зураг харагдаж байна.  Тэгэхээр эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрлээ гэхээсээ илүү иргэдийн амьдрал хэр сайжирсан юм бэ гэдгээр л эдийн засгийн бодит өсөлтийг дүгнэх болов уу.  Би Ерөнхий сайдад хэлээд байгаа л даа. Битгий өсөлт гэж яриад байгаач ээ.  Битгий эдийн засаг өсөөд байна гэж иргэдийн хуураад бай гэж.

-Таныг, өөрөөр хэлбэл Мон­голын  үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ыг Хан-Уул дүүргийн шүүхээс хууль зөрсөн гэдэг үндэслэлээр буруутгасан. Та үнэхээр өөрийнхөө эрх ашигт нийцсэн хууль, дүрэм гаргачихсан юм уу?

-МҮХАҮТ -ын дүрмийг  баталж байхад тэр хүн өөрөө хараад сууж байсан шүү дээ. Их инээдтэй. Үндсэн хуулиар дулдуйдаад МҮХАТ төрийн бус байгууллагын хуулийг зөрчсөн гээд 13 зүйлээр шүүхэд хандсан. Шүүх нь ч шүүх. Нөгөө 13 зүйлийг наймыг нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хууль зөрчөөгүй гэсэн мөртлөө тавыг нь хууль зөрчсөн байна гэж үзсэн.  Миний хувьд ямар жижигхэн хүн надтай Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхимын төлөө өрсөлдсөн юм бэ гэж бодогдсон.  Бид мэдээж дүрэм зөрчөөгүй. Тиймээс Нийслэлийн шүүхэд хандаад байгаа.  Тэр хүн С.Дэмбэрэл гэдэг хүнд ялагдчихаад тахимаа өгөхгүй янз бүрийн юм яриад, сэдээд байгаа юм билээ.  Баас хатавч өмхийгөө тавьдаггүй гэж нэг үг байдаг даа.  Монголын үндэсний худалдаа  аж үйлдвэрийн танхимын дүрмийг би ганцаараа баталчихдаггүй юм. Танхимын гишүүд хамт суугаад баталдаг. Эр хүн ялагдвал тахимаа өгчихдөг байх хэрэгтэй гэж би боддог. Намайг дэндүү олон хүн мэднэ дээ.

-Тэр хүн гэж хэн юм бэ?

-Зарим хүн карьераа өсгөхийн тулд намайг ашиглах гээд байх шиг байна. Би хэзээ ч тэгүүлэхгүй.  Иргэн Лхагважав гэж болох гээд л байгаа юм байгаа биз. Өөрийнхөө аргаар л өөрийгөө тэгж таниулдаг юм байгаа биз. Тэр хүн надад хувийн өш хонзон санаагүй гэж бодож байна. Гэхдээ тэр хүний дэргэд намайг хэн бэ гэдгийг хэлүүлэлтгүй ойлгох хүмүүс олон бий.

-МҮХАҮТ -ын зүгээс  УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн Ардчилсан намын эсрэг байгаагаа зарласан.  Ингэхэд аж ахуйн нэгжүүд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдаж авах гээд яагаад улайраад байна вэ?

-39 дүгээр тогтоолыг аж ахуйн нэгжүүд баталчихсан юм биш шүү дээ. УИХ-аас баталсан тогтоол. УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг.  39 дүгээр тогтоолд дурдсанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг аж ахуйн нэгжүүддээ өгье гэсэн байгаа. Зүгээр ч өгчих юм биш. Нэрлэсэн үнээр нь худалдан авах юм.  УИХ өөрсдөө хуулиа баталчихаад дараа нь популизм хийгээд хуулиндаа өөрчлөлт оруулья гээд байгаа нь шударга биш гэж үзсэн учраас л эсэргүүцлээ илэрхийлсэн.

-Аж ахуйн нэгжүүдэд “Эр­дэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг нь нэрлэсэн үнээр нь зарахаас илүү 20 хувийг нь иргэдэд үнэгүй тараах асуудлыг дэмжигчид олон байгаа. Монгол Улсад 50 гаруй мянган аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс дөнгөж 27 мянга орчим нь л  татвараа төлдөг. Тэдгээр нь цөөхөн бизнесийнхний халаасанд байдаг гэсэн бас нэг үндэслэл гаргаж ирээд байгаа?

-Нийт иргэддээ 10 хувийг тараана тэгээд тэгш хуваарилалт хийж байгаа юм. Харин нэрлэсэн үнээр нь аж ахуйн нэгжүүдэд зарна гэдэг тэгш боломж олгож байгаа хэрэг. Тэгш боломж, тэгш хуваарилалт хоёр чинь хоёр өөр асуудал.  Таны хэлдгээр 50 гаруй мянган аж ахуйн нэгжийн тал нь татвараа төлдөг, бусад нь чагтан тамгатай байгаа. Чагтан баланстай компаниудынхаа тоог нэмэхгүйн тулд татвараа төлөөд явж байгаа баялаг бүтээгчдэдээ боломж олгох нь төрийн үүрэг.  Баялаг бүтээгчдэдээ олгож байгаа тэгш боломжоо яагаад тэгш хуваарилалт болгох гээд зүтгээд байгааг ойлгоход ядах юмгүй л байна лээ.  Сонгууль ойртсон, тэгээд л популист амлалтууд ар араасаа өрнөөд байна л даа.  Ард түмэнд таалагдах гэсэн УИХ-ынхны ээлжит шоу эдийн засгийг авч яваа баялаг бүтээгчдэдээ гомдоох ёсгүй юм шүү дээ.

-Иргэд ч гэсэн “Эрдэнэс Та­ван­толгой”-н хувьцааг нэрлэ­сэн үнээр нь авмаар л байгаа шүү дээ?

-Та мэдэх үү. Нийт хадгаламжийн маш бага хувь  иргэдийнх байдаг. Энгийн иргэд дотор “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг нэрлэсэн үнээр нь авах хүн тийм ч олон биш шүү дээ. Байлаа гэхэд тэр хүн ардаа компанитай л байгаа. Монголчуудын нэг атаархуу зан байдаг юм байна л даа. Тамын тогооны үлгэр шиг. Нэг нь жаахан ахих гэхээр араас нь чаргууцалдаад, барьцалдаад байдаг.  100 хувь ард түмэний хувьцаат компани гэж дэлхий дээр байсан уу, та мэдэх үү. Тийм юм байдаггүй л байхгүй юу.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Тавантолгой төслийг буцаасан. Өнөөдөр уг төсөл хаана ямар шатандаа яваа нь тодорхой бус болчихлоо шүү дээ?

-Би энэ төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт багтаагүй болохоор төсөл хаана явааг хэлж  мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан Тавантолгойн ордыг очиж үзэх санаатай байгаа.  Байгаль экологийн асуудалтай нь бүтээн байгуулалт нь хэр хосолж байгаа сонирхох гэсэн юм. Миний бодлоор Тавантолгойн төсөлд төр оролцох нь буруу. 100 хувь хувийн хэвшлийнхний мэдэл өгөх хэрэгтэй шүү дээ. Төр өөрөө хувь эзэмшээд, хувиа барьцаалж мөнгө зээлээд байх нь зохимжгүй. Түүнийхээ оронд тоглоомынхоо дүрмийг ил болгоод, татвар, хураамжаа сайн хураах хэрэгтэй. Усаа үнэтэй болгох хэрэгтэй. Хөрсний элэгдлийг тооцдог байх ёстой. Алт, зэс, нүүрснээс илүү үнэтэй капитал ус болоод байгааг манай дарга нар тоохгүй л байна. Уул уурхайн компанийн хэрэглэдэг усны үнэ Долоон буудлын Должин эмээгийн литр уснаас хамаагүй хямдхан байна шүү дээ. Усаа өндөр үнээр зарах ёстой.

-Төр хувиа яаж хүртэх юм бэ. Байгалийн баялгаасаа орж ирсэн мөнгөө ард түмэндээ ижил тэгш хэмжээгээр хүртээнэ гээд заачихсан байгаа шүү дээ?

-Татвар, хураамжаараа хүртэнэ. Төр стратегиа барьж байх ёстой болохоос биш хувийн хэвшлийнхэнтэй хамт хутгалдаад ажилд нь оролцоод явах нь утгагүй. Тэгвэл их будилаан үүснэ. Араасаа маш их авлига, хээл хахууль дагуулна.

 Төр тооны машин бариад бүгд тоо бодоод эхэлнэ гэдэг чинь нөгөө уул уурхайн дэмийрэлд өртөж байгаа нэг хэлбэр шүү дээ. Хэлбэр ч гэж дээ, өвчнөөр бол шинж тэмдэг нь илэрч байгаа хэрэг. Уг нь говийн эко системд ямар өөрчлөлт орж байна, усныхаа асуудлыг уул уурхайн компаниуд яаж шийдвэрлэж байна гээд том бодлого яриад, том асуудлыг шийдээд явах ёстой юм.  Би бол 51 ч юм уу, 34 хувийг төр эзэмшинэ гэдэгтэй анхнаасаа санал нийлээгүй. Нийлэх ч үгүй юм билээ.

-Аль хоёр жилийн өмнөөс гэрээг нь үзэглэчихсэн Оюутолгойн ордоос эзэмших төрийн хувийг 51 болгох асуудал өнөөдөр  яригдаад эхэлчихсэн байгаа шүү дээ. Энэ асуудлаар Засгийн газрыг ороож эхэлсэн?

-Би хувьдаа улстөрчдийн тоглоом хэтэрлээ гэж дүгнэж байгаа. Тоглоом тоотой нь дээр гэдэг биш үү. Тийм л мундаг байсан юм бол төр өөрөө ордоо илрүүлээд 100 хувь асуудлаа үүрээд явахгүй юугаа хийгээд гэрээ хэлэлцээр байгуулсан юм.

Ж.Нямсүрэн

Зохиогчийн эрх "Ардын эрх"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж