Тайландын үер онгоцны буудлыг нөмөрчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Тайландын үер онгоцны буудлыг нөмөрчээ

Тайландад болж буй үерийн гамшиг Бангкок хотын хамгийн том хоёр онгоцны буудлын нэг Дон Муангад нүүрлээд байна. Бангкок хотын захирагч өнөөдөр хэвлэлийн хурал дээр мэдэгдэл хийхдээ Дон Муанг онгоцны буудал болон өөр таван мужийн оршин суугчдыг үерийн бүсээс нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байна гэсэн байна. Одоогийн байдлаар орон гэр нь үерт автсан оршин суугчид Таммасат их сургуулийн гимназид түр хоргодож байгаа юм байна. Гэвч гимназийн байр ч ялгаагүй үерт автаж, гэрэл цахилгаангүй болжээ. Үерийн гамшигт нэрвэгдсэн 4,000 гаруй иргэдийг Бангкок хотын Ражамангала цэнгэлдэх хүрээлэн рүү автобусаар нүүлгэн шилжүүлэх ажилд 300-400 гаруй сайн дурын ажилчид оролцож байгаа гэнэ.Тайландын аж үйлдвэрийн гол муж болох Лат Крабанг, Банг Чанд үерийн аюул нүүрлэснээс сайн дурын ажилтнууд элстэй шуудайгаар үерийн далан байгуулах ажилд оролцож байгаа ажээ. Тайланд даяар 1,700 орчим түр хоргодох байранд 113,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үндэстнийг хамарсан үерийн улмаас 356 хүн амиа алдаж, есөн сая гаруй хүн орон гэргүй болсон байна. Аялал жуулчлалаас асар их ашиг олдог Тайландын түүх соёлын олон дурсгалууд үерт автжээ. Үерийн гамшгийн учруулсан хохирлын хэмжээ зургаан тэрбум ам.долларт хүрсэн гэж Тайландын Сангийн сайд мэдэгдсэн байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж