С.Баяр юу гэж хэлэх бол?

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

С.Баяр юу гэж хэлэх бол?

Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр нөгөөхөөсөө арай цагаан болж харагдах гээд МАН ч гэл үү, МАХН ч гэл үү энэ хоёр намын нөхдүүд бие биенийхээ булхайг дэлгэж эхэллээ. Хаялганд нь урьд өмнө хаалттай байсан зарим сэдэв нээлттэй болж, ялангуяа долдугаар сарын 1-нд хохирогчдын чихэнд чимэгтэй үгс дуулгах болов.

Намын нөхдүүддээ хорссон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “21.30 цагийн үед Ч.Амарболд генерал “МАХН-ын байрыг хамгаалж чадна” гэсэн өмнөх байр сууриасаа буцаад “МАХН-ын байрыг би хамгаалж чадахаа болилоо. Цагдаа нараа татъя” гэсэн…Тэгэхэд тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр миний үгийг залгуулж аваад “Би Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын тэргүүний хувьд цагдааг хариуцдаг юм” гэсэн. Тэгээд цагдаагийн даргад “Намын байран дээрээс бүх цагдаагаа тат” гэсэн үүргийг миний дэргэд өгсөн юм. Ч.Амарболд “Мэдлээ, гүйцэтгэе” гээд цагдаагаа татсан” гэж ярив. Түүний хэлснээр бол 21.30 цагийн ойролцоо С.Баяр цагдаа нарыг намын байрнаасаа татуулж. Гэхдээ тэр яагаад “энхрий хайрт” намынхаа байрыг шатаалгахыг зөвшөөрөв. Энэ үед яагаад онц байдал зарла гэхийг оронд цагдааг татах болов.

Энэ явдлын дараа Ц.Мөнх-Оргил сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үндэсний аюулгүй байд­лын зөвлөл хуралдаад зөв­лөмж гаргасан. Ерөнхий сайд ч, би ч Ерөнхийлөгчид ханд­сан. Тэгээд л 00.00 цаг арай болоогүй байхад л онц байдал зарласан шүү дээ” гэсэн нь бий. Тэгэхээр дор хаяж хоёр цагийн турш жагсагчдыг намын байр руу оруулах, тэр ч бүү хэл тус байрыг шатаалгах боломжийг эрх баригчид олгож. Байдал бүр хурцдаад ирэх үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр “Буудах эрх өгөөдөх” гэж С.Баяр орилсон, түүнийг нь Н.Энхбаяр бичлэг хийлгээд Ерөнхийлөгчийн сонгуульд шантаачилж нэр дэвшсэн талаарх дэн дун мэдээлэл ч бий. Энэ мэдээллийг Ерөнхий сайд асан С.Баяр  өнөөг хүртэл няцаагаагүй. Харин ч эсрэгээр, түүнийг нь батлах мэт Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа “Буу­дах эрх өгөөдөх гэж орилсон хүн бий. Энэ үг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамаарч байсан хүмүүсээс л тавьсан асуудал юм” гэж хариуцлагатайгаар мэдэгдэж байсан авч хэн ч үүний үнэн мөнийг олохыг хичээсэнгүй.

Тэгвэл хамтдаа нэг бодъё. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд төрийн гурван өндөрлөг л багтдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн  Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд С.Баяр гурав. 2008 оны УИХ-ын сонгууль будилсан учир Өвөрхангай аймагт нэр дэвшсэн УИХ-ын дарга Д.Лүндээжандан долдугаар сарын 1-нд эзгүй байв. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс С.Баяр, Н.Энхбаяр нар л байсан гэсэн үг. Н.Энхбаяр хэрэв тэгж хэлсэн бол өдийд өөрийнхөө толгойд дүүжлүүрийн олс угласантай адил ийм үг хэлэхгүй. Тэгэхээр С.Баяр л үүнийг хэлсэн болж таарах нь. “Хорыг хороор” гэгчээр С.Баярт сонгуулийн будилааныг цайруулахын тулд үймээнийг  улам бүр дэвэргэх сонирхол байсан бололтой юм. Тиймээс ч цагдааг зориуд татах үүргийг өгсөн байж болох талтай. Цаг хүрэхгүй хугацааны өмнө “Байдлыг хяналтдаа байлгаж чадна” гэж байсан цагдаагийн дарга яагаад чадахгүйд хүрэв.

Жагсаал хийгчид ер нь хэдүүлээ байв. Бүрэнхий ойртох тусам цөөрч байсан тэднийг тогтоох хүч цагдаад байгаагүй юу. Энд нэг жишээг дурдъя. Ер нь долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон шалтгаанаар 700 орчим залуусыг баривчилсан байдаг. Түүнээс 300 орчимд нь ял өгсөн. Тэр 300 орчим нь ямар нэгэн байдлаар чулуу шидсэн гэсэн үг. Тэгвэл ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, генерал Ч.Амарболдын хэлснээр “Үймээний үеэр 1300 цагдаагийн албан хаагч ажилласан”. Үүний тулд орон нутгаас ч цагдаагийн албан хаагчдыг дайчилсан юм билээ. Яах вэ дээ, цөөн хэсэг нь бол хотын бусад цэгт хамгаалалтад гарч, урьдчилсан сэргийлсэн байх л даа. Гэхдээ л жагсагчидтай харьцуулахад цагдаагийн албан хаагчдын тоо илт давуу байж. Хоёр цагдаа нийлээд нэг нэгээр нь сугадаад явчихаж ч болохоор үзүүлэлт биш үү. Гэтэл Н.Энхбаярын хэлээд байгаачлан С.Баяр цагдааг татах үүрэг өгч. Ч.Амарболд генерал ч гүйцэтгэж.
Эндээс нь харсан тэр, МАХН-ын байрыг шатаалгах сонирхол жагсагчдад бус, өөрсдөд нь байсан гэдгийг зарим нэг этгээд зарлаад байгаа.

Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил “Манай цагдаагийн албан хаагчид долдугаар сарын 1-ний Онц байдал зарласнаас хойш галт зэвсэг хэрэглээгүй. Бидэнд ирсэн мэдээллээр үймээнд оролцсон иргэдэд буу зэвсэг байсан гэсэн” гэснийг одоо ч санах хүн цөөнгүй байх. Түүний үгийг бататгах мэт ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, генерал Ч.Амарболд “Цагдаа нарт галт зэвсэг хэрэглэх үүргийг би өгөх ёстой. Гэхдээ өгөөгүй. Цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэж хүн буудсан гэдгийг няцааж байна.  Галт сум ч тараагаагүй” гэж долдугаар сарын 2-нд “ММ” агентлагаар мэдэгдсэн.

Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа “Дарга нар нь тушаал өгөөгүй байх гэж би хэлж чадахгүй. Тушаал өгөгдсөн. Гэхдээ ямар тушаал гэдэг нь сонин” гэж түүний үгийг няцаав. Хүн буудсан хэрэгт холбогдсон цагдаагийн албан хаагчид бүгдээрээ ганцхан өмгөөлөгчтэй. Тэдэнд зориуд цагдаагийн удирдлагууд нэг өмгөөлөгч өгсөн байдаг. Хамгийн гол нь Ц.Мөнх-Оргил, Ч.Амарболд нар яагаад “Галт сум тараагаагүй” гэж гүрийв. Яагаад эмч нар хэлсэн үгнээсээ буцав.
“Өдрийн сонин”-нд Ц.Мөнх-Оргилын өгсөн ярилцлагад,

-Та нар хэдий үед на­мынхаа байрнаас гарсан бэ. Бүр шатаад эхэлчихсэн байхад нь гарсан уу?

 -Тэгсэн. Бүр орой гарсан. Гэхдээ хэн хаана байсан, хэзээ хаанаас гарсан зэрэг бол онцын ач холбогдолгүй асуудал шүү дээ… гэж хариулж. Үйл явдал өрнөж байх үед тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын байр сууринаас хандсан уу. Эсвэл МАХН-ын гишүүн гэх дотоод үнэмшлээрээ хандав уу. Тэр үймээн болсон өдрийн туршид МАХН-ын байрандаа байгаад л Ч.Амарболдтой утсаар харилцаад л сууж байж л дээ. Бас Ерөнхий сайд С.Баяртайгаа ярилцаад. Гарч ирж мэдэгдэл хийхийг шаардаад байх үед хэн нь ч гарч ирээгүй хэрнээ юуг хүлээгээд намынхаа байрандаа байв. Тэд биш цагдаа нар МАХН-ын байрыг хамгаалж байсан шүү дээ. Өдөржингөө намынхаа байранд суусан С.Баяр яагаад орой болсон хойно цагдааг татах үүрэг өгөв. Долдугаар сарын 1-ний хэргийн учир утгыг хамгийн сайн мэдэх хүн С.Баяр таг чиг байсаар өнөөг хүрлээ. Дуугүй байна гэдэг зөвшөөрсөний тэмдэг ч гэлцдэг. Гэхдээ энд нэг “нюанс” бий. Онц байдлын штабын даргаар яагаад С.Баярыг биш, Ц.Мөнх-Оргилыг томилсон бэ гэдэг. Уг нь Онц байдлын штабыг хуулийн дагуу бол Ерөнхий сайд ахлах ёстой. Гэтэл тухайн үеийн Ерөнхийлөгч өөр шийдвэр гаргасан байдаг. Тиймээс утасны үзүүр өөр рүү нь ч эргэж магадгүй. Сүүлийн үед түүний бачимдаад байгаа шалтгаан энэ байж болох уу?

Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж