Хүний аминд хүрсэн хүүхэд мансуурдаг байжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Хүний аминд хүрсэн хүүхэд мансуурдаг байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, есдүгээр хорооны нутагт 20 настай охины амийг  хөнөөж, цогцсыг нь шатаасан  ноцтой хэрэгт сэжигтнээр татагдаад буй 16 настай н.Ганжаргал гэгч цавуу үнэрлэж мансуурдаг байжээ. Түүнийг гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө хэд хэдэн удаа цавуу үнэрлэж, мансуурч байсныг ойр дотныхон нь хэлсэн байна. Өнгөрсөн зургадугаар сард гарсан энэ хэргийг УМБГ-ын хоёрдугаар хэлтсийн Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт хянаж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр дээрх хэргийг энэ долоо хоногт багтаан Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ.

Дээрх онц ноцтой хэрэгт  яллагдагчаар татагдсан Г, У нарт Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар буюу  шунахай сэдэлтээр, уулгалан довтлох,  дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар  хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу  бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн,  энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрэгт  яллагдагчаар татагдсан Ганжаргал, Ууганжаргал  нар нь  хоёул 16 настай. Одоогийн мөрдөгдөж буй эрүүгийн хуулиар  насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өгөх ялын дээд хэмжээ 15 жил байдаг аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж