Бүгдийг хуулиар шийдэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Бүгдийг хуулиар шийдэхгүй

Хуульч О.Алтангэрэлийн булан үргэлжиж байна. 

Сүүлийн үед хүн болгоны амнаас унадаг болсон үг бол “энэ салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох”. Шагнуулсан этгээд “энэ бол ганцхан миний биш, манай хамт олны хөдөлмөрийг үнэлж, хийсэн зүйлийн төлөө биш, хийх зүйлийн төлөө өгсөн шагнал гэж ойлгож байна” гэдэг шиг хууль батлах, хууль санаачлах, хууль зүйгээр зохицуулна гэх үгс олон хүний амны уншлага болжээ. Бүр утааны асуудлыг хүртэл хуулиар шийдэх юм гэсэн.

Манайд батлан гаргавал зохих асар олон хууль байгаа нь үнэн. Нийгмийн харилцааг зохицуулахын тулд хичнээн хууль хэрэгтэй байдаг талаарх зарим судлаачдын дүгнэлтийг үзвэл бидэнд цаашид маш олон, ядаж л өнөөдөр хүчин төгөлдөр байгаа 460 гаруй хуультай тэнцэхээр тооны хууль хэрэгтэй байгаа юм билээ. Эрүүгийн хуулийг төрөлжүүллээ гэхэд л наанадаж арав гаруй хууль болж задрах учиртай. Гэхдээ Үндэсний их баяр наадмын тухай, үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай гэх мэтийн хуулийг батлахаас илүүтэйгээр хуулийн хэрэгжилтийг хангах, хууль хэрэглэх тогтолцоо, арга ажиллагааг сайжруулах  бодит шаардлага бидэнд байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуульд нийцүүлэн гаргасан 1300 орчим нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт байна. Дүрэм, журам гэх мэтийн эдгээр актууд нь нийгмийн өдөр тутмын харилцаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Хүнд суртал үүсгэдэг, олон зүйлийн чөдөр тушаа болдог гэж тээршаадаг авч үнэн хэрэгтээ эдгээр нь нийгмийн гишүүдтэй холбоотой олон олон амин чухал харилцааг зохицуулдаг юм.

Цаасан дээр л байдаг, хэрэгждэг­гүй хуулиудын талаар шүүмжлэл байнга гардаг. Судалгаа тооцоогүй, хэрэгжих боломжгүй хууль батлан гаргасны хариуцлагыг хүлээдэг субьект байдаггүй. Учир нь эдгээрийг УИХ-ийн гишүүд олонхоороо баталдаг бөгөөд нэгэнт батлагдсан л бол хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт оногддог. Гэтэл үнэхээр хэрэгжүүлэх боломжгүй бол бурхан л биш хойно засгийн газар ч хэрэгжүүлж чадахгүй байх тохиолдол олон байна.

Өнгөрсөн жилүүдэд хамгийн их хэл ам дагуулсан хууль бол алдарт урт нэртэй хууль. Уг нь дагаж мөрдөх журмын тухай хуулиараа бол  таван сарын дотор л хэрэгжих ёстой байсан энэ хууль өнөөг хүртэл хэрэгжсэнгүй. Нэгэнт л бололцоо нь байхгүй бол УИХ хугацаа тогтоогоод, хуульчлаад ч хэрэгждэггүйн тод жишээ нь энэ хууль болж байна. Уг нь байгаль орчныг хамгаалах тухай багц хууль нь амьдрал дээр хэрэгждэг, байгаль орчин сүйтгэсэн этгээдэд шат шатандаа хариуцлага тооцдог байсан бол энэ хууль гарах шаардлагагүй байсан. Өмнөх хуулиудаа хэрхэн хэрэгжүүлэх талаар засгийн газрыг шахаж шаардалгүйгээр шинэ хууль батлаад л бүгдийг шийднэ гэсэн муйхарлал өнөөгийн байдалд хүргэчихээд байна. Үр дүнд нь байгаль сүйтгэгчид завшиж, ус гол сүйтгэгдсээр байгаа. Харин Өвөрхангай аймгийн Уянга сумыг уйлмаар харагддаг болтол нь сүйтгэсэн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат мэтийн хүмүүс юу ч болоогүй мэт сайн сайхан зүйл ярьсаар явна. Уг нь тус суманд алт ухахаар ирэхдээ “Онгийн гол дээгүүр чинь 100 жилийн настай гүүр барьж өгнө”, “Танай сумыг хөгжүүлж жишиг сум болгоно” гэж ярьж явсан мундаг эр шүү дээ.

Хууль батлаад л бүх зүйл сайхан болдог бол өшөө олон сайхан хууль батлах боломж байна. Ард түмнийг хөрөнгөжүүлэх тухай, өвчин эмгэгийг бүрмөсөн устгах тухай, гэмт хэргийг бүрмөсөн зогсоох тухай, нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 100 мянган ам.долларт хүргэх тухай хууль гэх мэтээр хичнээнийг ч батлан гаргасан яах вэ. Хүн болгоны саналыг аваад баталсан ч болж байна. Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар гэхэд л цалин тэтгэврийг  арав дахин нэмэх тухай, Г.Баасан аниа хөгшчүүдийг 20 насаар залуужуулах тухай, Н.Энхбаяр бүх намыг МАХН1, МАХН2, МАХН3… гэх зэргээр дугаарлан нэрлэх тухай хууль санаачлан батлуулж болж байна.

Гэтэл амьдралаас тасархай, хэрэгжих боломжгүй хууль батлах тусам хуульд итгэх иргэдийн итгэл суларч, хэрэгжилт нь үр дүнгүй болдог нь жам. Ингэснээр бүх л хуулийн хэрэгжилтэд бэрхшээл учирч, хууль дээдлэх зарчим гажуудаж эхэлнэ. Дээрээс нь мөнгөтэй нэгэнд нь үйлчилдэггүй, мөнгөгүй доройд нь үйлчлээд байвал нийгэмд бухимдал үүсч хэзээ нэгэн цагт хувьсгал хэлбэрээр тэсэрдэг.

Тооцоо судалгаагүй, гэнэтийн шинжтэй батлагдсан хууль асар их уршигтай. 68 хувийн татварын тухай хууль анхандаа зөвхөн зэсийн гэнэтийн ашгаас татвар авах тухай байснаа сүүлдээ алт нэмэгдэж манай улсын алтны салбарыг дампууруулсан. Урьд нь татвараа төлөөд, Монголбанкинд алтаа тушаадаг байсан аж ахуйн нэгжүүд хууль бусаар алтаа борлуулж эхэлсэн. Үр дүнд нь хэдхэн тооны хүн баригдаж шоронд хоригдоод, улсын эдийн засаг л хохирсон. Өнөөдөр тэр хуулийг хүчингүй болгосон авч хууль бусаар алт борлуулах, хил давуулах сүлжээ нэгэнт ажиллаад хэвшчихсэн учир тэр л янзаараа ажилласан хэвээр, алтны нөөц ч дорвитой нэмэгдэхгүй байна. Түүнээс биш олборлож байгаа алтны хэмжээ буураагүй. Ядаж л хэдэн мянган нинжа өдөржин шөнөжин ухаад юу ч олохгүй байгаа гэвэл хэн итгэх билээ.

Парламентын гишүүдээс аливаа хуулийг өргөн барихдаа судалгаа тооцооллыг хангалттай хийхгүй байна. Хуульч мэргэжилтэй нь цөөхөн юм даа гэлээ гэхэд хуульчдаар ч сайн судлуулахгүй юм. (С.Нарангэрэл багшаар хууль бичүүлсэн Ш.Сайхансамбуу гуайгаас бусад нь). УИХ-ын дэргэдэх сургалт судалгааны төв энэ үүргээ даан ч хангалтгүй гүйцэтгэж байгаа. Дээрээс нь Хууль зүйн үндэсний хүрээлэнг төр бодлогоор дэмжихгүй байна. Үгүй ядаж л хууль зүйн судалгааны чиглэлээр мэргэшсэн залуу судлаач эрдэмтэд нэгдэж судалгааны төв байгуулчихаад байхад тэдэнд хандаж захиалга өгөх хүн Х.Тэмүүжингээс өөр олдохгүй байна шүү дээ. Бүгд л ихийг мэддэг, бас чаддаг супер гишүүд. Харамсалтай нь супер гишүүдээс болж хууль зүйн техник ч огт хөгжихгүй байна. Ямартаа л Ц.Нямдорж гуай чичлүүлэн байж баталсан хуулийг нь засаад сууж байхав дээ.

Ийм учраас бүхий л асуудлыг шийдвэрлэх гарц бол хууль санаачлах, батлах явдал биш. Харин хууль хэрэгжүүлэх тогтолцоо, арга ажиллагааг боловсронгуй болгох, хуулийг баталсныхаа дараа биш, батлахынхаа өмнө сайтар тооцоо судалгаа хийх бодит шаардлага болж байна. Ингэж чадвал УИХ бол хууль тогтоох дээд байгууллага мөн гэсэн Үндсэн хуулийн заалт жинхэнэ утгаараа хэрэгжинэ.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж