Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Каддафийн төгсгөл

Ливийг 42 жилийн турш захирсан Муамар Каддафи үрэгдэв. Түүний төрсөн хот болох Сиртээс олж, довтлон хөнөөв. Өнгөрсөн долоо хоногийн дэлхийн хамгийн дуулиан тарьсан мэдээний баатар Каддафийн үхлийн талаар зөрөлдөөнтэй мэдээлэл гарч байгаа. Түүнийг мэргэн буучийн сумаар хөнөөсөн, эсвэл толгой, хөлдөө шарх авсны улмаас нас барсан гэх зэргээр мэдээлж байна. Гар утсаар хийсэн бичлэгт түүнийг амьдаар нь барин пикапт ачиж яваа дүрс үлджээ. Улмаар харгислан байцаасан босогчид тэр даруйд нь буудан хөнөөсөн бололтой. Шилжилтийн үеийн түр хорооны төлөөлөгч генерал телевизээр ярихдаа түүнийг хэрхэн хөнөөсөн нь гол биш, манай дайчид дарангуйлагчаа дарж авлаа гэв. Каддафи алагдсан нь эргэлзээгүй болсон ба дэлхийн бүхий л телевизээр цус нөжиндөө хутгалдсан түүний цогцсыг харуулж байлаа.

Муамар Каддафи орон нутгийн цагаар баасан гаригийн өглөөний есөн цагийн үеэр алагджээ. Энэ үеэр босогчид Ливийн дарангуйлагчийн төрсөн хотын хяналтдаа аваагүй байсан районд сүүлчийн довтолгоогоо хийж байжээ. Шилжилтийн үндэсний түр хорооны төлөөлөгч эхлээд Каддафийг олзлогдсон гэв. Дараа нь түүний шарх үхэлд хүргэлээ хэмээн залруулан мэдээлэв.

“Ойролцоогоор орон нутгийн цагаар 08:30-д НАТО-гийн онгоцууд Каддафийн хамтран зүтгэгчдийн хоёр машинд агаараас довтолгоо хийсэн” гэж НАТО-гийн албан ёсны төлөөлөгч Роланд Лавуа хэлсэн байв. The Daily Telegraph сонины сурвалжлагч Бен Фармерийн олж авсан мэдээгээр бүслэлтээс сэтлэн зугтахаар тэр машинуудын нэгэнд Каддафи явж байжээ. Эгзэгтэй үеэр экс дарангуйлагч замын шуудууны хоолойд нуугдаж байсныг босогчдын дайчид олжээ. “Тэр толгойдоо шарх авсан байсан. Түүний бүлгийнхэнтэй ширүүн буудалцаан болж, тэр үхсэн” гэх босогдын толгойлогчдын төлөөлөгч хэлснийг Reuters дамжуулж байлаа.

Түүнийг барьж байхад тэрээр “Битгий буудаарай, битгий буудаарай” гэж хашгирч байсан гэх яриа гарчээ. Каддафийг барьсан уг ажиллагаанд оролцож байсан эх сурвалжийн яриагаар тэр эхлээд хүнд шархадсан ч амьсгаатай байжээ. Түүний хэлснээр дарангуйлагч цэргийн хээрийн дүрэмт хувцас ба тюрбан малгай өмссөн байжээ.

Al Jazeera телевизийн хувилбараар түүнийг үерийн хоолойд сууж байхад нь олоод мэргэн буучийн винтовкаар толгойд нь буудан хөнөөжээ. Каддафи алагдсан нь тодорхой болсны дараа ШҮҮТХорооны ерөнхий сайд Махмуд Жибриль ард түмэндээ хандан шинэ нэгдсэн Ливийг байгуулахыг уриалжээ. Хувьсгалын талынхан дарангуйлагчийн алагдсан мэдээг сонсонгуут бүх төрлийн буугаар агаарт хий буудан хөөрч байлаа. Хожим алтан гар буу барьсан ШҮҮТХ-ны дайчны зураг нийтлэгдсэн байлаа. Тэр бууг Каддафигаас олж авсан бололтой.

Каддафийн цогцсыг Мисурат хотын сүмд тавин олон нийтэд харуулав. Урд өдөр нь алагдсан Муамар Каддафийг баасан гаригт Мисуратын орчим лалын заншлаар нууц газар нутаглуулсан байна. Ливид бямба гаригийг “Чөлөөлөлтийн өдөр” болгон тэмдэглэж байхаар болжээ.

Дарангуйлагчийг хэрхэн хөнөөсөн учир байдал бага зэрэг тодорхой болж байна. Францын Батлан хамгаалахын сайд Жерар Лонгегийн хэлснээр Францын онгоцууд орон нутгийн цагаар өглөөний 8.30-д Сиртээс гарах гэж оролдсон 15 ачааны машины цуваанд цохилт өгөн устгаж, 50 орчим хүнийг хөнөөжээ. Энэ үеэр түүний сүүлчийн хамтран зүтгэгч Батлан хамгаалахын сайд  Абу Бакра Юнис Жабер алагдсан гэнэ.  Каддафи, Жабер хоёр үлдсэн хүмүүсийнхээ хамт ус зайлуулах үерийн хоолойд нуугдахаар оролдоод бүтэлгүйтжээ. “Эхлээд бид тэднийг зенитийн буугаар буудсан нь хөнөөл учруулсангүй. Каддафийн нэг хүн бууж өгч байгаагаа мэдэгдэн  буугаа барьсаар тэндээс гарч ирсэн ч намайг харангуутаа буудаж эхэлсэн” гэж босогчдын армийн нэг дайчин Салим Бакир ярьсныг Reuters дамжуулав. 

Дараа нь Каддафи өөрийн хүмүүст галаа зогсоохыг тушаасан бололтой. Каддафийн хамгаалагчдын нэг нь “Миний эзэн энд байгаа, Муамар Каддафи энд байна. Тэр шархадсан” гэж хэлснийг Бакир өгүүлжээ. Ливийн удирдагчийг татан гаргаж  ирэхэд тэр “Юу болов? Юу болов? Юу болоод байна вэ?” гэхээс өөр үг хэлж чадаагүй гэнэ. Гар утсаар авсан зураг дээр харагдсанаар бөөн хүмүүс түүнийг бүчин авч “Аллах акбар! гэж орилдон агаарт буудан автоматаар түүнийг чичилж байв. Нүүр нь цус болсон Каддафи хэд хэдэн удаа сөгдөн унасан ч түүнийг татан босгож байв. Цааш нь юу болсныг YouTube-д тавигдсан бичлэгээс харж болно. Хөл ба нуруундаа шархадсан түүнийг автомашины капот дээр суулгаад бүгд доромжилж эхэлсэн байв. Видео бичлэг хийж буй нөхөр шаахайгаа тайлаад түүнийг цохиж байв. Лалынхны хамгийн том доромжлол нь тэр юм. Үүний дараа буун дуу гарчээ. Дараагийн зураг дээр тэр үхсэн байв. Шүүх эмнэлгийн эмч Ибрагим Тик Мисурат хотод задлан хийсэн ба түүний яриагаар их ойроос түүнийг буудсан байжээ. Сум толгой, ходоодонд нь туссан гэнэ.

Өөрсдийн талын хүн нь түүнийг буудсан гэх яриа ч гарав. “Хамгаалагчдын нэг нь цээжинд нь буудсан” гэж түүнийг барихад оролцсон Омран Жума Шауан ярьж байна. Үүний дараа бүх хамгаалагчдыг нь хөнөөжээ. ШҮҮТХ-ны албаны хүмүүс ингэж хэлж байгаа ч тэр нь баталгаагүй байна. Гэхдээ босогчдын нэг нь түүнийг буудсан гэдэгтэй олонх санал нийлж байгаа.

Каддафийн хамт түүний хүү Мутассим алагдсан ба цогцсыг нь Мисуратын нэгэн хувийн байранд тавьж олонд үзүүлж байна. Олон хүн цугларч түүний зургийг авах гэсэн хүмүүс дугаарлан зогсчээ. Цогцсыг шалан дээр дэвссэн одеял дээр тавин биеийн доод хэсгийг гялгар бүтээлгээр хучсан байлаа. Цээж, хүзүүнд нь сумны шарх байв. Түүнийг харсан хүмүүс сөгдөн  “Аллах акбар!” гэж орилолдож байгааг  Reuters дамжуулав. Хэн нэгэн нь “Дарангуйлагч сөнөлөө” гэж байжээ.
Ливийг дарангуйлагч  маягаар удирдсан түүний захиргаа нь бүх хөрш орнуудтайгаа гадаад харилцааны хурц зөрөлдөөнтэй, тэдэнтэй эвсэлдэн нийлэх төслүүдээр, мөн баруунтай сөргөлдөж байснаар дурсагдан үлдэнэ. Каддафийн дэглэм нь Ирландын бүгд найрамдах улсын арми, Колумбийн хувьсгалт армийн дайчдыг санхүүжүүлж байв. Тэр шийтийн шашны номлогч Муса ас-Садрыг 1978 онд хөнөөх тушаал өгч Ливаны иргэний дайныг өдөөн гаргасан юм. Берлины La Belle дискотекийг 1986 онд дэлбэлсэн, хоёр жилийн дараа нь Шотландын Локерби хотын дээр Америкийн Боинг-747  онгоцыг дэлбэлсэн терроруудын хариуцлагыг тэр хүлээнэ. Бараг 15 жил олон улсын хорионд байгаад дараа нь Локербийн гэм бурууг хүлээж, баруунтай түншийн харилцаа тогтоож чадсан нь 2011 оны Каддафийн эсрэг бослого гартал үргэлжилсэн юм. Ливийн удирдагч агсан Муамар Каддафи нийтдээ тус улсаас 200 тэрбум ам.доллар гадагш гарган хадгалуулж байсан талаар Los Angeles Times сонинд баасан гаригт бичжээ. Ливийн шинэ засаг ба АНУ, ЕХ нарын хамтран хийсэн судалгаагаар тэр мөнгөө дэлхийн бараг бүх том орнууд, Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнодод хадгалуулж байжээ. Түүний гэр бүлийнхэн энэ  данснуудаас дуртай мөнгөө авч болох байв. Иргэний дайны үер АНУ-д түүний 37 тэрбумын данс, Франц, Итали, Их Британи, Германд нийтдээ 30 тэрбумын данс хаагдсан байв. Мөнгө хөрөнгийн тооцоо нь ам.долларынх.

Каддафийн хамт хуучин Жамахирийн өндөр тушаалтнууд алагдах нь алагдаж баригдах нь баривчлагдав. Иргэний дайны үеэр Каддафийн дуу хоолой болж байсан Хэвлэлийн сайд Мусса Ибрагимыг барьснаа босогчид зарлав. Үүний зэрэгцээ Каддафитай эцсээ хүртэл цуг байсан Батлан хамгаалахын сайд Абу Бакар Юнис алагдсан байна. “Би түүнийг өөрийн нүдээр харсан” хэмээн 11 дүгээр бригадын командлагч Абдул Хаким аль-Жалиль хэлжээ. Амь үрэгдсэн дарангуйлагчийн тав дахь хүү бөгөөд дотоодын тагнуулын албыг толгойлж байсан Мутассим Каддафи мөн алагдав. Түүнийг том ах Сейф аль-Исламын өрсөлдөгч гэж олон жил тооцож байсан юм. Ливийг баруунтай 2000-аад оны дунд үеэс эвлэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж гадаадын хэвлэлээр хийсэн пиараар том ах нь нэрээ алдаршуулсан юм. Ихэнх хамаатан саднууд нь гадаадад зугтан гарсны дараа Мутассим ба Сейф аль-Ислам нар л эцэгтэйгээ үлдсэн юм. Хожим Al Jazeera мэдээлснээр Мутассим амьд, олзлогдоод байгаа гэнэ. Сейф Аль-Ислам Ливийн цөлд нуугдаж байгаа ба баталгаагүй мэдээгээр түүний цувааныхантай босогчид буудалцсан байна.

 Дэлхийн лидерүүд эхлээд түүний үхлийн талаар болгоомжтой хүлээн авлаа. Каддафи алагдсан нь тодорхойгүй байхад Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев бараг хамгийн түрүүнд Каддафийн хувь заяаг Ливийн ард түмэн шийднэ гэв. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон эхлээд түүнийг алагдсанд эргэлзэж байв. Мэдээлэл батлагдвал тэрээр “амьсгаа хөнгөрнө” гэж хэлэв. Каддафи алагдсан нь эргэлзээгүй болсны дараа тэдний хэлсэн нь тодорхой болж байлаа. Ливийн ард түмэн олон арван жил ноёлсон дарангуйлагчаасаа салсанд ЕХ-ны удирдлага баяртай байна. Францын  Батлан хамгаалахын сайдын хувьд тэр нь маш таатай мэдээ байжээ. Каддафийн төгсгөл нь Ливийн ард түмэнд сайхан амьдрах боломжийг өглөө гэж Их Британийн ерөнхий сайд Пэвид Кэмерон хэлэв. Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони Sic transit gloria mundi (“Хорвоогийн алдар ингэж дуусдаг”) латин нэртэй зүйр үгээр уг мэдээг хүлээн аваад “Одоо дайн дууслаа” гэж нэмж хэлэв. “Түүхийн нэгэн хуудас эргүүлэгдсэн тухай” Францын ба АНУ-ын ерөнхийлөгч нар хэлжээ. Хятад ч мөн эргүүлэгдсэн хуудасны талаар хэлж, тэд бүгд Ливийн ард түмний хувьд шинэ эрин эхэлснийг тэмдэглэжээ.

Каддафийн үхлээр тус улсын байдал тогтворжихгүй. Ливийн нийгмийн бүтцэд омог чухал үүрэгтэй учраас тэдний хоорондын ашиг сонирхлын зөрөлдөөн дуусахгүй хэмээн зарим шинжээчид дүгнэжээ.

Муамар Каддафийн 42 жилийн захиргаа түүний үхлээр төгсөв. Эх орондоо Ах-лидер буюу “Аль-Фатех” гэх агуу хувьсгалын удирдагч гэж нэрлэгдэж байсан  Ливийн удирдагч Муамар Каддафи (бүтэн нэр нь Муамар бен Мухаммед Абу Меньяр Абдель Салям бен Хамид аль-Каддафи) 1942 оны зургадугаар сарын 7-нд боомт хот Сиртээс 30 км-ийн зайтай орших аль-каддафа гэх нүүдэлчин омгийн бедуин гэр бүлийн асарт төржээ.

1961 онд 19 настайдаа богино хугацаанд баривчлагдаж байсан нь түүнд лицей ба цэргийн коллеж төгсөхөд нь саад болсонгүй. “Чөлөөт офицерүүд” гэх бүлгийг толгойлон тэрээр I Идрис хааныг зайлуулан төрийн эргэлтийг 1967 онд хийж Ливийг арабын социалист замд оруулахаар оролдсон байна. “Аль-Кудс” (“Иерусалим”) гэж нэрлэгдсэн цусгүй эргэлтээр засгийн эрх авч Ливи бүгд найрамдах улсаар зарлагджээ. Тэрээр ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, Дээд ерөнхий командлагчийн тушаалд үлдэн өөрийн “Ногоон номондоо” бичсэн “дэлхийн гурав дахь онол” гэсэн нийгмийн асар том туршилтийг хийж ирэв.

Каддафи залуудаа социализм ба панарабизмын номнолд үнэнч зүтгэгч нь байв. 1961 онд Арабын нэгдсэн бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнээс Сирийг гарсны эсрэг оюутны хөдөлгөөний үеэр тэр тодрон гарч ирэв.

Өөрийн захиргааны үеэр тэр Ливийг Египет, Сири, Тунис, Судантай нийлүүлэх маш олон төсөл хийжээ. Тэр бүгд нь бүтэлгүйтэж, заримдаа дайнд хүргэж байлаа. Каир түүнийг Тунис, Египет, Суданд цэргийн эргэлт гаргах гэсэн хэмээн буруутгаснаас тэр Египеттэй 1976 онд богино хугацаанд дайтаж байлаа.

Зураг дээр: Каддафи засгийн эрхээс зайлуулагдаад удаагүй Тунисийн ерөнхийлөгч Зин аль-Абиден Бен Алийн хамт

”Ард түмний засаглал” гэдэг нь түүнийг Зөвлөлттэй ойр болгосон юм. Бүгд найрамдах улс нь 1977 онд Социалист Ливийн Арабын Жамахири (олон нийтийн улс) Ард улс болсон бөгөөд хожим Агуу гэх тодотголыг нэмжээ. Улсыг ард түмний хороонууд удирдсан ба хамгийн дээд хороог тэр өөрөө толгойлжээ. 1979 онд тэрээр бүх албан ёсны тушаалаасаа татгалзсан нь тэр жилийн хувьсгалын олон нийтийн шаардлагад “өөрт нь ямар ч тушаал байхгүй учраас зайлах газаргүй” гэсэн тайлбар хийх шалтаг болж байлаа.

Каддафи Зөвлөлтийн ойрын холбоотон нь байсан юм. Засаг барьж байхдаа тэр коммунист, либерал, радикалуудаа хөнөөн дарж авахад тэдний харилцаа саад болоогүй билээ. Зөвлөлтийн удирдлагад түүний марксизмд үнэнч байх нь чухал биш Каддафийн Америкийн эсрэг үзэл нь л хэрэгтэй байв. Зураг дээр ЗХУКН-ын ны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев Каддафийг хүлээн авч байгаа нь.

Каддафи өөрийн геополитикээ биелүүлэхийн тулд юуны ч өмнө ухарч байсангүй. Тэрээр 1978 онд Ливаны шиитийн номлогч Муса аль-Садрыг урьж авчраад түүнийг хөнөөх тушаал өгч, Ливаны иргэний дайныг өдөөжээ. Мөн түүний тушаалаар Америкийн  Боинг-747 онгоцыг 1988 онд Шотландын Локкерби дээр дэлбэлэв.  Михаил Горбачевын үед Триполи, Москва хоёрын хооронд харилцаа эрс хүйтрэв.



Олон ул­сын хориг ар­га хэмжээ цуц­лагд­саны дараа Каддафи барууны дайснууд Орос, Хятад хоёртой харилцаагаа тог­тоож чадав. 2000-аад оны дунд үеэр Оросын тэнгисийн цэр­гийн баазыг Ливид байгуулах талаар ноцтой яригдаж байв. Зураг дээр: 2000-2008 онд Оросын ерөнхийлөгч асан В.Путиныг тэр өөрийн асартаа хүлээн авч байгаа нь.



Триполи 2003 онд Локкербийн террорын хариуцлагыг Триполи хэсэгчлэн хүлээж, хохирогчдын ар гэрийнхэнд 10 сая ам.долларын нөхвөр өгч, террор үйлдсэн Абдель Бассет Али аль-Меграхийг Шотландад шилжүүлсний дараа Ливийн эсрэг хориг цуцлагджээ. Сүүлийн хэдэн жилд тэрээр олон улсын тавцнаа дахин гарч ирэв. Тэрээр хуучин “булаан эзлэгчид” Итали, Их Британитай харилцаагаа сайжруулж тэдэнд нефтийн баялгаасаа хуваалцах эрх өгсөн юм. 1997-2007 онд Их Британийн ерөнхий сайд байсан Тони Блэрийн хамт.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Италид болсон “Их наймын” уулзалтаар 2009 онд Каддафитай нэг удаа гар барьжээ. Америкийн ерөнхийлөгч асан Рональд Рейган /1981-1989 он/ Каддафийг “галзуу нохой” гэж нэрлэж байв. Иргэний дайн эхэлсний дараа Каддафи Обамад хувийн захидал илгээн түүнийг “хүүгээ” гэж нэрлэж байв.



Ливийн нефтиэс хүртэлцэхийн тулд Сильвио Берлусконийн Засгийн газар Ливийг колоничилж байсныхаа хувьд олон тэрбумын нөхвөр өгсөн юм. Каддафийн үхлийн мэдээг Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони Sic transit gloria mundi (“Хорвоогийн алдар ингэж дуусдаг”) латин нэртэй зүйр үгээр угтжээ.

НАТО-гийн довтолгоон эхэлсний дараа Каддафийн хүү Сейф аль-Ислам Францын ерөнхийлөгчийн сонгуулиар Николя Саркозийг санхүүжүүлж байснаа зарлав. Каддафи түүнийг сүүлийн хэдэн сард “алиа салбадай” гэж нэрлэж байлаа.

Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж