Дэлхийн баялаг 147-хон компанийн мэдэлд байна

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн баялаг 147-хон компанийн мэдэлд байна

Уолл стрит ( Wall street, USA )-ийг эзлэх кампанит хөдөлгөөн буюу баялгийн тэгш бус хуваарилалтын эсрэг нийтийг хамарсан тэмцлийг дэлхий даяар хэрэгжүүлэхээр чармайж байгаа энэ үед “гал дээр тос нэмэх”-тэй адил нэгэн судалгааг Щвейцарийн эрдэмтэд хийж нийтэд зарлажээ. Энэ бол дэлхийн санхүүгийн орлогын томоохон  хэсгийг хянаж байгаа хэсэг бүлэг үндэстэн дамнасан корпораци, компаниудын тухай судалгаа байжээ.

 Тэдний үзэж байгаагаар бол дэлхийн эдийн засгийг өөр хоорондоо холбоо бүхий ердөө л 147 компанийн бий болгосон супер нэгдэл хянаж байдаг гэнэ. Энэхүү аварга мангасын үндэс нь санхүүгийн бүтцүүд байдаг юм байна. Гэхдээ ийм санхүүгийн бүтэц нь дэлхийд маш их уршиг тарьдаг бөгөөд наад захын жишээ нь 2008 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын эхлэлийг тавьсан Lehman Brothers банкны дампуурал үүний түүхэн жишээ болж байдаг аж.

Швейцарь эрдэмтдийн дүгнэж байгаагаар бол дэлхийн нийт баялгийн бараг тал хувийг дээрхи 147 компанийн үүсгэсэн сүлжээ хяналтдаа байлгадаг болсон аж. Цюрих хотноо төвтэй дээрхи судалгааны байгууллага ийм дүгнэлтэд хүрэхийн тулд 43 мянган компанийн талаархи мэдээлэл, тайлангуудыг судалгааны материал болгон ашигласан байна. Тэд өмнө нь ч ийм судалгаа хийж байсан боловч үндэстэн дамнасан корпорациудын нөлөөлөл хэр их болохыг бүрэн тогтоох, дам буюу нууц  эзэмшигчдийн оролцоог нь тогтооход тун хүнд байсан тул бүрэн гаргаж чадахгүй байсан байна. Харин энэ удаад аливаа нэг тогтсон үзэл баримтлалыг ч дагалгүй зөвхөн бодит мэдээлэл дээр үнлдэслэн дээрхи судалгааг гаргасан бөгөөд энэ нь амаргүй ажил байсан гэж Щвейцарийн эрдэмтдийн ахлагч ноён Глеттфелдер хэлсэн байна.

Эрдэмтдийн судалгааны гол тулгуур нь 2007 онд Орбис төвийн гаргасан дэлхийн 37 сая компани болон хөрөнгө оруулагчдын тухай судалгаа байсан бөгөөд тэдгээрээс Щвейцарийн эрдэмтэд 43 мянга гаруй компанийг сонгон тайланд нь задлан шинжилгээ хийсэн аж. Эдгээр компаниуд нь үндэстэн хоорондын корпорациудад харъяалагддаг бөгөөд тэдний активуудыг илэрхийлдэг бай­сан байна.Тэдний талаархи мэ­дээ­лэл дээр үндэслэж үндэстэн дамна­сан корпорациудын төрөл бү­рийн фондууд дахь эзэмшил, ашиг орло­гын оролцоо болон эдийн засаг дахь нөлөөллийн загварыг гарган дүрсэлж чаджээ.Энэ бүхний үр дүнд эрдэмтэд тэдгээрийн цөм нь болох дундын эзэдтэй 1318 компанийг ялгаж тодруулсан бөгөөд харилцан уялдаа­тай ажилладаг эдгээр компаниуд тус бүрдээ дунджаар 20 орчим компа­нийг давхар нэгтгэж байсан байна. Эндээс үзвэл хэдийгээр дээр­хи 1318 компани дэлхийн зах зээл дээрх үйл ажиллагаанаас орж байгаа орлогын 20 хувийг хянаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ тэдгээр хорь хүртэл тоогоор багцлан нэгтгэсэн салбар компаниудаараа дамжуулан илүү их ашгийг татаж авдаг аж. Ингэж асар том аалзны тор мэт сүлжээгээрээ дамжуулан дэлхийн хэмжээнд санхүү болон эдийн засгийн үйл ажиллагаанаас орж ирж байгаа нийт ашгийн 60 хүртэл хувийг олж авч чаддаг болжээ.

Үүний дээр санхүүгийн аварга аалзны торны ихэнх үзүүр гол цөм нь болсон 147 компанийн супер нэг­дэл руу очиж байгаа бөгөөд энэ­хүү супер нэгдэлд багтаж байгаа компаниудын актив нь харилцан сүл­жилд­сэн маягийн тогтолцоог үүсгэж дэлхийн баялгийн 40 хувийг хэдий­нээ хяналтдаа оруулаад байгаа юм бай­на.

Щвейцарийн эрдэмтэд судал­гаа­ныхаа талаар дүгнэж хэлэхдээ “энэ бүхнээс үзвэл дэлхий дээр байгаа нийт компаниудын нэг хувь ч хүрэхгүй цөөхөн хэд нь л санхүү бизнесийн нийт сүлжээний 40 хувийг дангаараа атгасан байгаа юм” гэжээ. Тэдгээр хянагч компаниудын дийлэнх нь санхүүгийн томоохон бүтэц болтлоо хөгжсөн бөгөөд Barclays Bank, JP Morgan Chase & Co, Goldman Sachs, Merrill Lynch, Morgan Stanley, UBS, Deutsche Bank гэх мэт банк санхүүгийн аваргууд багтаж байгаа аж. Тэгэхдээ тэдгээр эрдэмтдийн гаргасан судалгааг бүрэн гүйцэд болоо­гүй гэж Их Британи зэрэг зарим орны эрдэмтэд дүгнэж байгаа ажээ. Тэдний үзэж байгаагаар бол санхүү бизнесийн ийм аварга бай­гуул­­лагыг бий болгож байгаа шалт­гаан нь дэлхийг удирдаж байх гэ­сэн хуйвалдаан төдий зүйл биш гэж хэлж байна. Эдийн засгийн өөрий­гөө удирдах өнөөгийн зайлш­гүй хэмнэ­лийг илтгэх арга зам ийм мая­гаар илэрхийлэгдэж байгаа гэж тэд үзэж буй гэнэ.

Чухам ийм арга зам нь Уолл стри­тийн эсрэг хөдөлгөөнийхний хэ­лээд байгаа дэлхийн баялгийн ихэнх хувийг нэг хувь ч хүрэхгүй хэсэг хүмүүс эзэмшээд байна гэж шүүмж­лэхэд хүр­гэж буй аж. Х­а­рин дээрхи харилцан уял­даатай ноёрхлыг бүрдүүлсэн гээд бай­гаа 147 компани эдийн засгийг тойрсон улс төрийн хуйвалдааныг бий бол­го­ход хэтэрхий нүсэр бүтэц гэж Щвей­царийн эрдэмтэд үзэж байгаа гэнэ. Тэдгээр компанийн ноёрхол нь хуй­валдаанаар эдийн засаг улс тө­рийн ноёрхлыг тогтоож байна гэхээсээ илүүтэй ердөө л өнөөгийн санхүүгийн зайлшгүй хийгдэх үйл ажиллагааг л явуулж ирснээр ийнхүү ноёрхол бий болсон гэж байгаа ажээ. Нөгөө талаар энэ ноёрхлын сүлжээ нь тун ч хэврэг зүйл болохыг дэлхий нийтээрээ 2008 оны эдийн засгийн хямралын үеэр харсан бөгөөд Lehman Brothers шиг нэг компани л дампуурахад сүлжээ тэр чигээрээ гамшигт өртдөг гэж тодорхойлжээ.

Дэлхийн нийт баялгийн бараг тал хувийг хянаж байгаа супер нэгдлийн эхний 25-д багтаж байгаа компаниуд:

1. Barclays plc
2. Capital Group Companies Inc
3. FMR Corporation
4. AXA
5. State Street Corporation
6. JP Morgan Chase & Co
7. Legal & General Group plc
8. Vanguard Group Inc
9. UBS AG
10. Merrill Lynch & Co Inc
11. Wellington Management Co LLP
12. Deutsche Bank AG
13. Franklin Resources Inc
14. Credit Suisse Group
15. Walton Enterprises LLC
16. Bank of New York Mellon Corp
17. Natixis
18. Goldman Sachs Group Inc
19. T Rowe Price Group Inc
20. Legg Mason Inc
21. Morgan Stanley
22. Mitsubishi UFJ Financial Group Inc
23. Northern Trust Corporation
24. Societe Generale
25. Bank of America Corporation

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж