
Оскарын шагналт жүжигчин Жон Войт охин Анжелина Жолитой бүр эвлэрсэн гэдгээ мэдэгджээ. Жон Войт Холливуудын гоонь эрчүүдийн нэгэн адил гэр бүлийн амьдралд хэзээ ч тууштай нэгэн байгаагүй бөгөөд Анжелина Жолиг гурав, ахыг нь таван настай байхад ээжээс нь салж тэднийг хаяж явсан ажээ. Жон Войт хүүхдүүдээ мөр бүтэн байлгаж, мөнгөөр дутааж байгаагүй ч сайн аав байгаагүй юм. Анжелина Жоли ээжийг нь хуурч, араар нь тавьж байсан гэж аавыгаа буруутгаж байсан бол Жон Войт үүний хариуд түүнийг сэтгэл мэдрэлийн эмгэгтэй гэдэг байжээ. Харин зургаан хүүхдийн ээж болсон Жоли аавыгаа уучилсан тул Жон Войт ач нартайгаа уулзах боломжтой болсон гэнэ. Өнгөрсөн жил Венецийн кино наадамд Жон Войт, Анжелина Жоли, Брэд Питт нар хамт ирсэн билээ. Жон Войт сүүлд нэгэн ярилцлагаад “Би амьдралыг өөрөөр хардаг болсон. Хүүхдүүд, ач нартайгаа хамт байхдаа хамгийн жаргалтай хүн болдог” гэж ярьсан байна.
Н.Энх