Уолл Стритийн хөдөлгөөнд саятнууд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.22-нд нийтлэгдсэн

Уолл Стритийн хөдөлгөөнд саятнууд нэгдлээ

“Уолл Стритийг эзлэх” хөдөлгөөний хамгийн алдартай уриа нь Нью-Йорк хотод “Бид 99 хувь нь” болсон талаар ИТАР-ТАСС мэдээллээ. Энэ  нь үндэсний баялгийг АНУ-ын хүн амын дөнгөж нэг хувь нь хянадаг гэсэн утгатай юм.

Харин энэ долоо хоногт уг хөдөлгөөнд дээр дурдсан нэг хувийн төлөөлөгчид болох зарим баячууд нэгдсэн байна. Тэд “Бид нэг хувь нь. Тиймээс бид 99 хувийг дэмжиж байна!” гэсэн уриаг интернэт сайтуудаар бичиж байна. Баячууд засаг захиргаанаас шинэчлэл хийж, элит хэсэг болон үлдсэн хүн амын хоорондын заагийг багасгахыг шаардаж байгаа юм.

Хөдөлгөөнд оролцож байгаа олон саятнууд “Би нэг хувь. Надаас илүү их татвар ав” гэсэн бичигтэй цамц өмссөн аж. “Би 25 нас хүрээд хэдэн саяын хөрөнгө өвлөсөн. Би энэ хөрөнгөнөөс нэлээд хэсгийг буяны үйлст зарцуулсан хэдий ч нэг хувьд байсаар байна. Над шиг хүмүүс илүү их татвар төлөх ёстой ” гэсэн самбар барьсан жагсагч ч байгаа аж.

“Уолл Стритийг эзлэх” хөдөлгөөн АНУ-ын хил хязгаараас хэдийнэ хальж, дэлхийн 1000 орчим хотод өрнөөд байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж