
УДБЭТ-ынхан 49 дэх улирлын нээлтээ хийгээд удаагүй байгаа хэдий ч олон ажил хийхээр төлөвлөжээ. Тэд суут хөгжмийн зохиолчийн 255 жилийн ойг нүсэр тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Ой тэмдэглэх ажлын хүрээнд ХБНГУ-ын “Amadeus Kammerochester Dortmund” оркестрын захирал, ерөнхий удирдаач ноён Felix Reimann болон дөрвөн хөгжимчин өчигдөр Монголд ирсэн юм.
Монголд ирээд буй Амадеусын нэрэмжит Дортмундын камерны оркестрын уран бүтээлчдийн танилцуулга:
Феликс Рейманн – /Удирдаач, Флейта хөгжимчин/, Амадеусын нэрэмжит Дортмундын камерны оркестрыг 2000 онд үндэслэн байгуулсан. Тэрбээр УДБЭТеатрын хамт олонтой хоёр дахь удаагаа хамтран ажиллах гэж байна. 1991-1992 онд Герман улсын хөгжмийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн.1993 оноос Дортмундын филармонид гоцлол хөгжимчнөөр, Берлиний алдартай оркеструудад удирдаачаар ажиллаж туршлага судалж байсан. Праг, Парис хотуудад тоглолтоо хийж байсан. Тэрээр Дортмундын филармоны 100 жилийн ойгоор Амадеусын нэрэмжит камерны оркестрын хамт олонтойгоо хамтран “Галт шувуу” хүүхдэд зориулсан соёлын хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байсан. Түүний гол уран бүтээл нь В.А.Моцартын бүтээлүүд, францын импрессионист Равель , Дебюсси, Германы хожуу үеийн төлөөлөгч Ричард Вагнер, Игор Щтраунски бүтээлээс бүрдсэн байдаг.
Жоннас Хоббинг – Роберт Шуманы нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг хийл хөгжимчнөөр төгссөн. 1978 оноос River хотын хөгжмийн театрт, 1979 онд Мюнхены камерны оркесторт гоцлол хөгжимчнөөр ажилласан. 1981 оноос Дортмундын камерны оркесторт гишүүнээр элссэн. Тус камерны оркестрт концертын зохион байгуулагчаар ажилладаг. Тэрбээр тогооч, зураач, график дизайнер мэргэжилтэй.
Стефани Дейтз – Гобой хөгжимчин, Роберт Шуманы нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг хөгжимчнөөр төгссөн. Колн хотын филармонид 10 жил гоцлол хөгжимчнөөр ажиллаж байна. 2005 оноос Дортмундын филармонид ажиллаж эхэлсэн. Аргентин, Бразиль зэрэг улсад тоглолтоо хийж байсан. Мөн Амадеусын нэрэмжит камерны оркестрын гоцлол хөгжимчин.
Фраук Хансен- Кларнет хөгжимчин. Детмолдын хөгжмийн дээд сургуулийг төгссөн. 1985-95 онуудад төрөл бүрийн сургуулиудад доцентаар ажиллаж байсан. 1990 оноос Дортмундын филармонид гоцлол хөгжимчнөөр ажиллаж эхэлсэн. Амадеусын нэрэмжит камерны оркестрын гоцлол хөгжимчин.
Жан Голебовски- Валторна хөгжимчин. Варшав хотод төрсөн. Германы Вазел фейлбург хотын хөгжмийн сургуулийг төгссөн. Олон улсын чанартай хөгжмийн уралдаанд амжилттай оролцож байсан. 2007 оноос Дортмундын филармонид 1-р Валторна хөгжимчнөөр ажиллаж байна.