
Эл төслийн гол утга санаа нь цэргийн албан хаагчийн тэтгэврээ 1995 оноос өмнө тогтоолгосон иргэдэд улсаас тус бүр нэг сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож байжээ. Түүнд 4992 хүн хамрагдаж төсвөөс 4,992 тэрбум төгрөг зарцуулсан байна. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 25-аас доошгүй жил цэргийн алба хаасан эрчүүд, 20-иос доошгүй жил цэргийн алба хаасан эмэгтэйчүүд тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог болсон. Мөн цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, эрүүл мэндийн шалтгаанаар юм уу, цэргийн алба хаах нас хэтэрч халагдсан бол 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгодог аж. Харин 2000 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон цэргийн албан хаагч болох 5165 хүн энэ заалтад хамрагдаагүй байдаг аж. Тиймээс завсардаж үлдсэн дээрх хүмүүсийг тэтгэмжид хамруулах талаар тусгаж өгчээ. Дээрх 5165 хүнд нэг удаагийн тэтгэмж олгоход 14 орчим тэрбум төгрөг төсвөөс гаргах юм байна. Энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх хүн гараагүй тул санал хураалт явуулж, олонхи гишүүн “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв. Ингэснээр энэ өдрийн баасан гаригийн үдээс хойшхи хуралдаан дууслаа.