
Төв аймгийнхан аравдугаар сарын 19-22-ны хооронд “Төв аймгийн өдрүүд”-ийг нийслэлд зохион байгуулж байгаа билээ. Төв аймгийн өдрүүдийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Төв аймгийн шилдэг бүтээгдэхүүн 2011” үзэсгэлэн худалдаа аравдугаар сарын 20-нд Мишээл экспод нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн 27 сум шилдэг гэсэн брэнд, нэрийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Монгол Улсын Засгийн газраас “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж “Нэг сум нэг бүтээгдэхүүн” шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг аймагтаа жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч, сүүлийн жилүүдэд оролцож буй аж ахуйн нэгж, иргэдийн тоо болон бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэн улам өргөжжээ. Уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд жилд дунджаар 360 гаруй аж ахуйн нэгж болон иргэд нийт 650 гаруй нэрийн бүтээгдэхүүнээр оролцож байгаа юм. Үүнээс таван төрлөөр 70 нэрийн бүтээгдэхүүн аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгараад байна. Ийнхүү өрх бүр үйлдвэрлэгч, сум бүр брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилт хэрэгжиж байгаа юм.
Мишээл экспо төвд аравдугаар сарын 22-нд буюу маргааш 11.00 цагт Төв аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүний шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.Тус аймаг нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг жилд 12-оос доош хувьд хүргэн татварын бааз суурийг өргөтгөх, орон нутгийн онцлогт тохирсон боловсруулах чиглэлийн жижиг дунд үйлдвэрийг нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байгаа юм. Мөн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах үндэс болсон бэлчээр ашиглалтын менежментийг сайжруулах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын чанар, таваарлаг байдлыг хангах, тодорхой бүс нутагт эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх, газар тариаланг сэргээн хөгжүүлэх бодлогыг тэргүүлэх зорилт болгожээ. Иймээс сумдыг эдийн засгийн дөрвөн бүс нутаг болгож, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллан тогтвортой бодит үр дүнд хүрч байгаа юм.
Г.Хишигсүрэн