Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргав

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргав

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц  Дунд суудлын өнөөдрийн хуралдаанаараа иргэн Ц.Энхжингээс ирүүлсэн мэдээллийн дагуу Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг  зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээрх заалт нь “Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их  Хурлын  чуулганаар  хэлэлцэж,  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал… -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц гаргав.
 
Мөн дүгнэлтэд, “Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан байтал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулсан байна” гээд дээрх заалтыг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр заажээ гэж Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж