Газрын тосны жижиг үйлдвэр дотоодын хэрэгцээг бүрэн хангана

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Газрын тосны жижиг үйлдвэр дотоодын хэрэгцээг бүрэн хангана

Манай сонин долоо хоног бүрийн баасан гарагийн дугаарт “Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя” цуврал хэлэлцүүлэг нийтэлдэг билээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, эрдэмтэн судлаач, иргэдийн байр суурийг хүргэдэг уламжлалтай. Харин энэ удаад өдийг хүртэлх хугацаанд Монголын газрын тосны салбарт ямар өөрчлөлт гарсан, үйлдвэр байгуулах ажил хэр ахицтай байгаа тухай мэдээллийг тоймлон хүргэе.

Газрын тос боловсруулах үйлд­вэр байгуулна гэж чухам юуг хэлж байна вэ. Газрын тосны асар их нөөцтэй манай орны хувьд түүнийгээ олборлох ажлыг хэдийнэ  хийж эхэлсэн. Цаашид боловсруулж дотоодын хэрэгцээгээ хангах л үлдээд байна.

Газрын тос боловсруулах үйлдвэ­рийг хүчин чадлаас нь хамаараад гу­рав ангилдаг. Ойролцоогоор 500 мянга хүртэлх тонн түүхий эд боловсруулдгийг нь бага оврынх, 500-1000 мянга нь дунд, нэг сая тонноос их газрын тос боловсруулах үйлдвэрийг том оврынх гэж тооцдог. Судлаачдын дүгнэж байгаагаар бага оврын үйлдвэр нь хүн ам тархаж байрласан, өргөн уудам нутагтай, дэд бүтцийн хөгжил тааруу газарт хамгийн тохиромжтой гэх. Энэ то­дорхойлолт яг л Монголтой то­хирч байна. Тиймээс нэр бүхий ги­шүүдийн өргөн бариад байгаа “Газрын тос боловсруулах үйлдвэр бай­гуулах ажлыг эрчимжүүлэх ту­хай” УИХ-ын тогтоолын төсөлд жи­жиг үйлдвэрүүдийн тухай онцол­жээ. Урьдчилсан тооцоогоор 2-4 жилийн дотор жижиг оврын үйлд­вэрүүдийг барих тооцоо, хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал, шаардагдах хөрөнгө, эрс­дэлийг нь 100 хувь өөрсдөө ха­риуцах дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид бүгд байна. Тиймээс энэ ажилд төрөөс үзүүлэх дэмжлэг л дутаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж бензин, шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангах бодлого баримтална” гэх зорилтыг дэвшүүлж байв. Тиймээс сонгуульт хугацаа нь дуусгавар болохоос өмнө шаардагдах хуулийг нэн даруй баталж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг дэмжих шаардлагатай байна.

Шинжээчдийн тооцож байгаагаар Дорнод аймгийн орчимд газрын тос боловсруулах бага оврын үйлдвэр байгуулахад хамгийн оновчтой байгаа юм. Учир нь тэнд газрын тосны байж болох нөөцийн хэмжээ хамгийн их.

Монголчууд урьд нь газрын тос боловсруулах үйлдвэртэй байв. Дор­ноговь аймгийн Зүүнбаянд 1950 онд үйлдвэр байгуулж, Зүүнбаянгаас ол­борлосон газрын тосыг Сибирийн хөнгөн тостой хольж, жилд 60 мян­ган тонн бүтээгдэхүүн гаргадаг бай­жээ. Харамсалтай нь энэ үйлдвэр 1968 онд ослын улмаас хаагдаж, ЗХУ Сибирийн газрын тосны ордуудыг ашиглах болсноор Зүүнбаянгийн үйлд­вэрийг дахин сонирхохоо боль­сон юм. Хожим нь 2004 онд Зүүн­баянд “Уран шаглаа” компани, Дар­ханы Хонгор суманд “MIC” ком­пани багахан хэмжээний газрын тос боловсруулж эхэлсэн. Гэвч тоног төхөөрөмж нь стандартын шаардлага хангаагүй учир тэгсхийгээд зогсжээ. “Петролиум продакшн” компани 2007 онд Эрдэнэтэд үйлдвэр байгуулсан ч түүхий эдийн нийлүүлэлтээс хамаа­раад сул зогсох болсон. Харин мэр­гэ­жилтнүүдийн хувьд 1950-аад оноос мэргэжилтэн бэлтгэх аж­лыг эхэлжээ. Зарим тооцоогоор энэ салбарт хамаарах мэргэжлийн хүмүү­сийн тоо 900 орчим бий гэх. Газ­рын тос, хийн өрөмдлөг, ол­бор­лолт, хадгалалт, тээвэрлэлт хийх бай­гууламж, хийн хангамж гэх зэрэг мэргэжлүүдээр 500 орчим оюутан их, дээд сургуульд суралцаж байгаа аж.

Монголын хүн амын тоо нэг хувиар өсөхөд шатахууны хэрэг­лээ 3-4 хувиар нэмэгддэг тухай шин­жээчийн судалгаа бий. Харин дотоо­дын нийт бүтээгдэхүүн нэг хувиар өсвөл түүнийг дагаад шатахууны хэрэглээ 0.8-1.2 хувиар өсдөг  гэх. Ма­най улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурдаа­раа дэлхийд тэргүүлж байгаа нь шата­хууны хэрэглээ улам бүр нэмэгдэх баталгаа болж байна. Газрын тос­ны газраас гаргасан тооцоогоор 2015 онд монголчуудын газрын тос­ны хэрэглээ 1.7 сая тонн болох юм. Өөрөөр хэлбэл, бага оврын үйлд­вэр байгуулж, түүнээс гарах бүтээгдэхүүнийг хэрэглэх зах зээл бидэнд байгаа гэсэн үг.

Одоогийн байдлаар манай улсад газрын тосны хайгуулын талбайд 12 компани ажиллаж байгаа бөгөөд тэд олборлосон түүхий эдээ гадагш нь экспортолж байгаа. Хятадын хө­рөнгө оруулалттай “Петрочайна да­чин тамсаг”, “Доншен газрын тос”, “Чайна Голден сий петролиум” зэрэг компаниуд, Швейцарийн “DWM Petroleum AG”, Канадын “Шэйман”, Их Британийн “Севтрал Азиан Пет­ролеум Корпорэйшн Лимитед”, Мон­голын “Шунхлай”, “MCS”, “Сан­сарын геологи хайгуул” зэрэг ком­па­ниудыг энд нэрлэж болно. Өнөөд­рийн байдлаар манай улсын хэм­жээнд 21.4 сая тонн газрын тос олборлох боломжтой болсон. Энэ нь Монголын 10-15 жилийн хэрэгцээг бүрэн хангахуйц тоо юм. Саяхнаас Тамсаг, Матадын цооногт газрын тос илэрч, их хэмжээний нөөцтэй болох нь тогтоогдсон. Мөн газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж, гаднаас импортоор оруулж ирсэн түүхий эд хадгалах 98 агуулах, 1000 гаруй шатахуун түгээх станц ажиллаж буй.

Монголчуудад түүхий эдийн нөөц, зах зээл, газрын тос хадгалах сав, агуулахаас эхлээд бүх зүйл байна. Хэдийгээр мэргэжилтнүүдийн тоо хангалттай олон биш байгаа боловч бага оврын үйлдвэр байгуулж, дотоодын хэрэгцээгээ бүсчилсэн байдлаар 100 хувь хангах боломж бололцоо ч бий болжээ. Одоо үүн дээр нь Засгийн газраас жаахан дэмжлэг үзүүлбэл болох нь тэр юм.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж