Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ буурав

Лондонгийн Металлын бирж дээр зэсийн үнэ огцом буурчээ. Өмнө нь нэг тонн зэсийн үнэ 7600 ам.долларт хүрээд байсан. Гэвч өчигдрийн байдлаар ирэх гурван сард нийлүүлэлтэд гарах гэрээт нэг тонн зэсийн ханш 6928.75 ам.доллар болжээ. Өнгөрсөн долоо хоногт мөн л иймэрхүү савлагаа ажиглагдсан юм. Хятадын эдийн засгийн үзүүлэлт буурсан нь зэсийн үнэд хамгийн их нөлөөлжээ. Учир нь тус улс дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг. Тиймээс дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарч байгааг дагаад зэсийн эрэлт буурч магадгүй гэх болгоомжлол бий болсон байна. Түүнчлэн Евро бүсийн өрийн асуудлыг шийдвэрлэхэд Германы зүгээс хатуу байр суурь баримталж байгаа. Энэ нь Европын орнуудад олгох зээл олголт хойшилж магадгүй гэх таамгийг бий болгосон учраас зэсийн арилжаанд нөлөөлжээ. Шанхайн түүхий эдийн бирж дээр ирэх арванхоёрдугаар сард  нийлүүлэлтэд гарах нэг тонн зэсийн үнэ 3.4 хувиар буурч, 54 мянган юань болсон байна.

Зохиогчийн эрх "Улс төрийн тойм сонин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж