Хамтарсан мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Хамтарсан мэдэгдэл гаргав


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Иво Ёсиповичийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсад  2011 оны 10 дугаар сарын 19-20-нд төрийн айлчлал хийв. Хоёр улсын Төрийн тэргүүн (цаашид-Талууд гэж нэрлэх) нарын яриа хэлэлцээ найрсаг уур амьсгалд болж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны  болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.  Яриа, хэлэлцээний дүнд  талууд  сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглээд, тэдгээрийн үр дүн нь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц болно  гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв. Талууд улс төрийн яриа, хэлэлцээг янз бүрийн түвшинд тогмолжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн ач холбогдлыг онцлов.

Талууд хамтын ажиллагааг цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, соёл, боловсрол, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэж, энэ талаар хоёр талын холбогдох байгууллагууд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.  Энэхүү айлчлал нь Монголын Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Бүгд Найрамдах Хорват Улсын  тусгаар тогтнолын 20 жилийн ойн жил болж байгааг талууд онцлон тэмдэглэв.  Монголын тал улс орноо хөгжүүлэх үйлсдээ олсон Хорват Улсын ололт амжилтад баяр хүргэж,  Европын Холбооны гишүүнээр элсэх үйл явцад нь амжилт ерөөв. Хорватын тал Европын стандартыг Монгол Улсад нутагшуулахад өөрийн туршлагаасаа хуваалцах, ЕАБХАБ-ын хүрээнд ойр дотно хамтран ажиллах, Монгол Улс НАТО-тай хамтын  ажиллагааг өргөжүүлж, “харилцагч орон” болох асуудалд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Хорватын тал монголын талын хүсэлтийг хүлээн авч,  Бүгд Найрамдах Хорват Улсын тэтгэлэгээр суралцдаг монгол оюутны тоог нэмэгдүүлэхээ мэдэгдэв. Хорватын тал Монгол Улс 2011-2013 онд Ардчилсан орнуудын Хамтын нийгэмлэгийг даргалж байгаад баяр хүргэв. Талууд энэ чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв. Талууд олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. НҮБ болон түүний системийн байгууллагуудын хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарсан асуудлууд, тухайлбал олон улсын терроризмтэй тэмцэх, тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах үүднээс Талууд идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бүгд Найрамдах Хорват Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр орны хоорондын найрсаг харилцааг улам бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн чухал үйл явдал болсныг Талууд тэмдэглэв. Хорват Улсад элэгсэг дотноор хүлээн авч айчлуулсанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Хорват Улсын Ерөнхийлөгч Иво Ёсипович болон хорватын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Ерөнхийлөгч Иво Ёсиповичийг Монгол Улсад айлчлахыг урив.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОЖ,

БҮГД НАЙРАМДАХ ХОРВАТ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ИВО ЁСИПОВИЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж