Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Ухраад марш

Каддафийн дарангуйллаас 42 жилийн дараа мултарч буй “муу” ливичүүд Монголоос суралцах нь гэж нэг нөхөр онгиров. Америкаас эхлээд барууны орнууд байхад худлаа цээжээ дэлдэж, бурлаа. Манайхаас юугаа сураа аж гэж бодлоо. Гэтэл үнэхээр судлах нь судлах л юм билээ. Гэхдээ улс төр нь цэвэршсэн орнуудад байхгүй зүйлийг нь судлана. Шууд хэлчихэд, буруу замаар будаа тээгчдийн тэргүүн эгнээнд бид тэмдэглүүлсэн болохоор түүнээс сэрэмжлэх үүднээс судлах юм. Бид олон улсын сонгуулийн системийг харьцуулсан судалгаанд хамгийн муу жишээнд бичигдсэнээс үүдсэн хэрэг. Тиймээс ардчилсан сонгууль явуулахын тулд манай жишээг ливичүүд заавал судална. Манай жишээ бол туршлага болохуйц бодит сэрэмжлүүлэг гэж ойлгох хэрэгтэй.

Бидний жишээ Сталины хэлсэн үгтэй яв цав тохирдог шүү дээ. Сталин бараг зуун жилийн өмнө “Сонгуулийн дүнг санал өгч байгаа нь биш, санал тоолж бай­гаа нь шийддэг” гээд оноод хэл­чихсэн байгаа юм. Энэ үгийг манайхан бодит амьдрал дээр олон ч удаа баталгаажуулсан даа, баталгаажуулсан. Бодоод үзээрэй.

Манайд сонгуулийн дүн сонгогч­доосоо төдийлөн хамаардаггүй. Сонгогчид хэнд саналаа өгөх нь бус, ирцээ бүрдүүлж саналыг өгүүлэх нь л чухал гэчихэд нэг их туйлширсан болохгүй. Харин сонгуулийн үр дүн сонгуулийг зохион байгуулагчдаас хамааралтай гэвэл загатнасан газар маажиснаас өөрцгүй. Яагаад гэвэл, хэсгийн хорооны нөхдүүд асуудлыг дураараа шийддэг. Түүнийг нь 2008 оны долдугаар сарын 1-нд эсэргүүцсэн ч тусыг эс олсон билээ.

Харин ч эсрэгээрээ хэдэн зуугаараа хорих ялаар шийтгүүлж байхыг хэн хүнгүй л харсан. Сонгуулийн луйвар улсад ямар хохирол учруулсаныг тоолгүйгээр эсэргүүцсэн иргэдийн чулуу юу сүйтгэснийг тогтоогоод яллачихсан гэж байгаа. Жагсаалд оролцогсдыг бүгдийг нь хорьсон хэрнээ хүн буудсан нөхдийг одоо хэр нь зарлаагүй л байгаа. Харин ч МАХН-ын зөв байсан гэж үзээд шинэ ордных нь санхүүжилтийг төсвийн хөрөнгөнөөс гаргасан.

Иймэрхүү л юм болдог болохоор биднийг хамгийн муу жишээнд оруулан судлаад байгаа хэрэг л дээ. Уг нь бол улстөрчид “бидний буруугаас энэ бүхэн болсон. Тиймээс дахин ийм үйлдэл гаргуулахгүйн тулд бид хамтарч байна, сонгуулийн тогтолцоогоо өөрчилнө” гэж гар барьсан юм. Одоо харин тэдний бүрэн эрхийн хугацаа дуусах тун дөхөж, амласнаа биелүүлэх л үлдэж байна. Гэхдээ нөгөө тогтолцоо, будилаан гаргуулах боломжийг хаах зэргээ ярьсан юм алга. Хоёр, гур­ван тоо л яриад байна. Ард нь нуусан хуулийн төсөлд юу гээд тусгачихсанаа хэлэхээ ч болилоо. УИХ-д олонх болсон намын боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийг харахад өмнөхөөсөө гавихгүй нь.

Нэрсийн жагсаалтыг гаргах…

Үүнийг ярихаас өмнө нэгэн сонирхолтой судалгааны жишээг харъя л даа. 2008 онд төрийн бус байгууллагынхан СЕХ-ны гаргаж өгсөн нэрсийн жагсаалтыг бодит байдалтай тулгасан судалгаа гэж ойлгоорой. Баянзүрх дүүргийн нэрсийн жагсаалтад нийт сонгогчдын ердөө 1/3 нь л тэмдэглэгдсэн хаягтаа оршин суудаг байж. Харин нэрсийн жагсаалтанд тэмдэглэгдсэн сонгогчдын 1/3-ийг огт байхгүй гудамж бий болгож, тэр гудамжинд амьдардаг болгосон байж. Үлдсэн 1/3 нь ямар хүмүүс байсныг тодорхойлж чадаагүй байна. Нэрсийн жагсаалтыг гаргасан нөхдүүд хэн болох, тэр тойргоос ямар хүмүүс сонгогдсон гэдгийг нуршаад хэрэггүй байх. Гэхдээ нийт сонгогчдын 30 орчим хувийг нь өөрсдийн хүмүүсээр, ахиад 30 орчим хувийг нь баталгаатай дэмжих нөхдүүдээр бүрдүүлж чадсан байна. Энэ тохиолдолд нийт сонгогчдын 60 хувь нэрсийн жагсаалт гаргагчдын талд байгаа биз. Одоо энэ асуудал өнгөрсөн гэж бодъё. Харин ирэх онд ийм явдал гаргуулахгүй гэж эрх баригчид амласан шүү дээ. Харамсалтай нь Сонгуулийн хуулийн төсөлд ийм үйлдэл хийж болохуйц заалтууд хэвээрээ л байна. Дээр нь бүр ийм үйлдлийг хамгаалсан, нэр дэвшигч, нам төдийгүй иргэдийн эрхийг боомилсон заалтууд оруулчихаж.

Хэрэвзээ нэрсийн жагсаалт будилаантай болсон гэдгийг нэр дэвшигч, аль нэг нам мэдлээ гэхэд гомдол гаргах эрхгүй. Нэрсийн жагсаалтад миний хаяг дээр өөр хүнийг бичээд, өөрийг минь хасчихсан байлаа гэхэд би зөвхөн сонгуулийн өдөр л гомдол гаргах эрхтэй аж. Өмнө нь эсвэл сонгууль өнгөрсөний дараа гомдол гаргавал хүлээж авахгүй байхаар суулгаж.

Тухайн нэр дэвшигч, нам нэгэнт гомдол гаргах эрхээ хасуулсан болохоор шүүх энэ тухай элдэв маргааныг хүлээж авахгүй гэсэн үг. Ингэхээр шударга шүүхээр шүүлгэх боломжгүй болж байна. Ер нь иргэн ч гомдол гаргах эрхгүй дээ. Үдээс өмнө өөрийнх нь хаягт бичигдсэн нөхөр ирээд саналаа өгчихөөд явчихна. Үдээс хойш Балдан, Батаа ирээд нөгөөх нэрийг хасууллаа гэхэд саналын хуудсыг хүчингүй болгох боломжгүй юм чинь. Ингээд нөгөөх 60 хувийнхаа дэмжлэгээр нэрсийн жагсаалт гаргагчид нэр дэвшигчээ гаргачихна даа. Юун нэрсийн жагсаалтын будилааныг арилгах. Харин ч өөгшүүлнэ.


Тэнцвэргүй жин…

Хан-Уулд амьдардаг нэг нөхөр маань Баянгол дүүргийн маньтай их барьцдаг юм. Яагаад гэвэл өнгөрсөн сонгуулиар баянголчууд дөрвөн төлөөлөл сонгосон. Харин Хан-Уулчууд хоёрхон нөхрийг дугуйлсан. Өөрөөр хэлбэл, сонгогчдын саналын жин харилцан адилгүй. Сайхнаар бодоход, УИХ-ын чуулганы танхимд манийг төлөөлж дөрвөн нөхөр дуугарч байхад, тэрнийг төлөөлж хоёрхон нөхөр үг хэлнэ. Тэр хоёрынх нь саналыг манай дөрвөн нөхөр дараад, өөрсдийнхөө саналыг зүтгүүлнэ. Тэгэхээр тэр нөхөр надад атаархах нь аргагүй. Харин би аймгийнханд атаархдаг юм. Нийслэлчүүд бид нийлээд нийт хүн амын 45 орчим хувийг эзэлдэг. Харин хөдөө орон нутгийнхан нийлээд нийт хүн амын 55 хувийг л бүрдүүлдэг. Нийслэлчүүд дангаараа нийт хүн амын тал хувийг бүрдүүлдэг хэрнээ 20 төлөөлөгчтэй. Харин үлдсэн 56 гишүүнийг нь хөдөөгийнхөн сонгож байгаа юм. Уг нь бол тэгш эрх талаасаа бид 36-г нь сонгоод тэр 40-ийг нь сонгодог баймаар байгаа биз. Гэтэл тиймгүй учраас тэд биднээс илүү эрхтэй байна гэсэн үг.

Шинэ хуулийн төслөөр бол мажоритари тойргоос сонгох 48 гишүүний 36-г нь хөдөөгийнхөн сонгоно. Нийслэлчүүд 12-ийг нь. Хөдөөгийн нэг сонгогч хотын гуравтай тэнцэж байгаа юм. Ингэхээр нөгөөх л тэгш эрх бас л алдагдана гэсэн үг.

Иргэдэд бус намд мөнгө өгнө…

Танил нэр дэвшигч маань өнгөрсөн сонгуулиар сонгогчдын саналыг авахын тулд мөнгө тараах болж, орон сууцаа барьцаалахад хүрсэн гэсэн. Мөнгө нь багадсан юм байлгүй. Тэр сонгогдож чадаагүй. Байр ч үгүй, гишүүний тэмдэг ч үгүй хоцорсон доо, хөөрхий. Харин энэ хуулиар бол сонгогчдод мөнгө өгөхгүй. Харин намдаа мөнгөө өгнө. Яагаад гэвэл пропорционалиар сонгох нэр дэвшигчдийн нэрсийг нам гаргах учраас. Тэрхүү нэр дэвшигчдэд дээгүүр бичигдэхийн тулд тэр хэмжээгээрээ их мөнгө төлнө. Өөрөөр хэлбэл намууд бодлого уралдуулах бус, нэр дэвших эрх зардаг бизнесийн чиглэлтэй болж байна. Авлигаа албан ёсоор хуульчилж байна ч гэсэн болно. Ингэснээр Монголын төрд мөнгөтэй л бол хэн ч гарч ирж болно гэсэн үг. Газар доорх баялагт маань гаднынхан шүлсээ гоожуулаад байгаа энэ тохиолдолд тэр өөрсдийнх нь хэлснээр хөдлөх хэний ч мөнгийг төлөхөд бэлэн байгаа. Тиймээс намуудын нэхэж байгаа мөнгийг нь хоёр гурав дахин нугалж төлөөд өөрсдийн хэд л бол хэдэн гар, хөлийг УИХ-ын танхимд суулгах боломжтой. Ингэсэн тохиолдолд мөнгөнийхөө хариуд лицензээр дамжуулаад бүх баялгийг өөрсдөдөө авчихаж болно. Үүнийг улсаа худалдах боломж олгож байна ч гэж ойлгож болно.   

Муу хуультай ч сонгуульд оролц…

Тийм хөгийн хууль батлачих юм бол сонгуульд оролцохгүй ээ гэж бодож байж болно. Харин ч оролцох ёстой. Та оролцохгүй бол дээр дурдсан нэрсийн жагсаалтын 60 хувь өмнөөс сонголт хийнэ. Таалагдах хүн нэр дэвшээгүй байвал хэнийг ч дэмжихгүй гэдгээ саналын хуудастаа илэрхийлчих. Тэгээд танай хаяг дээр байгаа гадны хүнийг нэрсийн жагсаалтаасаа хасуулчих хэрэгтэй. Бүгд тийм байдлаар оролцвол тэд мөнгөөр сонгууль хийгээд ч нэмэргүй гэдгийг ойлгоно. Хэрэвзээ тэгэхгүй гэвэл буруу хойшоо, явж малчин бол…

Л.НАРАНТӨГС

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж