Иргэний үнэмлэх шинэчлэх компанийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Иргэний үнэмлэх шинэчлэх компанийг тодруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Иргэний баримт бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг авч хэлэлцсэн юм. Энэ талаар Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаас тодрууллаа.
-Иргэний үнэмлэх шинэчлэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцлээ. Энэ ажил ямар шатанд явна вэ?

-Иргэний үнэмлэх шинэчлэгдсэнээр электрон чиптэй болох юм. Шинэчлэгдсэн иргэний үнэмлэхэд тухайн хүний бүх мэдээлэл агуулагдана. Иргэдийн бүртгэл мэдээлэл нь бэлэн байгаа учраас үүнийг хийхэд дөхөмтэй. Электрон чиптэй иргэний үнэмлэхийг олон зүйлд ашиглаж болно. Тухайлбал,  сонгуульд ашиглах боломжтой. Мөн Замын цагдаа ч иргэний үнэмлэхийг нь уншаад жолоо барих эрхтэй юу, үгүй юу гэдгийг мэдэх бололцоотой. Бүх мэдээлэл агуулагдах учраас банкны үйлчилгээ, халамжийн үйлчилгээ гээд олон зүйлд ашиглах бололцоо нээгдэнэ. Тийм учраас энэ ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа. Иргэний үнэмлэхийг шинэчлэх шийдвэрийг  бол гаргачихсан. Энэ оны аравдугаар сар гэхэд чиптэй үнэмлэх хийх ажлыг зохион байгуулна гэж ойлгож болно.

-Иргэний үнэмлэх шинэчлэхэд цаг хугацаа хэр шаардах бол?

-Аль болох хурдан хугацаанд иргэдэд шинэ үнэмлэх олгох ажлыг зохион байгуулна гэж бодож байгаа.  Яагаад гэвэл иргэд маань иргэний үнэмлэхээрээ олон газраас төрийн үйлчилгээг авах эрхтэй болно. Мөн иргэний үнэмлэхийг шинэчлэн олгосноор элдэв будлиан байхгүй болно. Одоо ашиглаж байгаа иргэний үнэмлэхийг шилжилт хөдөлгөөн хийх бүрт ар талд нь цаас наадаг. Мөн сонгуулиар сонгууль өгсөн өгөөгүй гээд баахан маргаан дэгддэг. Энэ бүхнийг цэгцлэх юм. Тэртэй тэргүй иргэний мэдээллийн том бааз нь бэлэн учраас ашиглалтад хурдан оруулах боломжтой гэж үзэж байгаа.

-Иргэний үнэмлэхийг шинэчлэхэд хэдэн төгрөг тусгасан бэ, улсын төсөвт?

-Улсын төсөвт арваад тэрбум төгрөг тусгачихсан. 

-Иргэд электрон чиптэй үнэмлэх авахдаа мөнгө төлөх үү?

-Иргэдээс мөнгө гарах эсэх тухай асуудлыг одоогоор яриагүй байна. Үнэмлэхийн  тухай биш, үнэмлэхийг хийх машин тоног төхөөрөмжийн тухай асуудлыг эхний ээлжинд ярьж байна. Аравдугаар сар гэхэд тухайн ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулж ажлыг нь эхлүүлье гэж байгаа юм. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж