Тайландын нийслэлд үерийн гамшиг нүүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Тайландын нийслэлд үерийн гамшиг нүүрлэжээ

Тайландын Засгийн газар тус орныг бүхэлд нь хамраад буй үерийн уснаас нийслэл хотыг аврахад хүчин мөхөсдөөд байгаа гэнэ. Ерөнхий сайд Инлук Синаватра Бангкок хотод үерлэсэн усыг далай руу урсгах нь зөв гэж үзэж байгаа ажээ. Үндэсний хэмжээний хямрал дагуулаад буй үерийн гамшгийг арилгахын тулд яаралтай арга хэмжээ авах талаар Засгийн газрын гишүүд нь хэлэлцэж байгаа юм байна. Өчигдөр Бангкок хотын долоон дүүргийн оршин суугчдад үерийн болзошгүй аюулын талаар урьдчилан анхааруулжээ. Бангкок хотын төвд үерийн уснаас хамгаалсан далан олноор байгуулсан авч, усны түвшин улам нэмэгдсээр байгаа нь хотынхныг сандаргаж байгаа гэнэ. Хотын захын дүүргүүд хэдийн үерийн усанд автсан бөгөөд үерийн ус төв рүү сад тавин орж ирэхэд ойрхон байгаа ажээ.

Ерөнхий сайд Инлук Синаватра "Далан үерийн усыг удаан тогтоон барьж дийлэхгүй. Тиймээс  усыг далай руу урсгах суваг татах шаардлагатай” гэж Засгийн газрын яаралтай хуралдааны үеэр хэлсэн байна. Давалгаа асар хүчтэй давалгаа усны түвшинг улам нэмэгдүүлж байгаа ажээ. Тайландыг нөмөрсөн үерийн аюул үндэсний хэмжээний хямрал дагуулаад буй энэ үед Ерөнхий сайд хүн болгоны туслалцаа, хамтын ажиллагаа чухал байгааг уриалсан байна. Тайландын нийт мужийн гуравны хоёр хувь, газар тариалангийн дийлэнх хэсэг үерт автаад байгаа юм. Сүүлийн гурван сар гаруй хугацаанд тус улсад үер усны аюулаас болж амиа алдсан хүмүүсийн тоо 320 хүрсэн гэнэ.


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж